Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

​ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсанИх хотын бүсгүйчүүд-2022хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо. Г.Гангамөрөн: Үзэсгэлэн худалдаанд 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн: -НЗДТГ болон Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүсгүйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.Их хотын бүсгүйчүүд-2022хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарлаад байсан бол энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байгаа гэсэн юм. Ц.Амаржаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна Зоосон хээт ХХК-ийн захирал Ц.Амаржаргал: -Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе. Их хотын бүсгүйчүүд үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, Амур салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа. Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт бүртгүүлээд, олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжнө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн цех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг. 10 гаруй тос, тосон түрхлэгийг гар аргаар үйлдвэрлэж байна Оточ домч компанийн захирал Ц.Отгонбаяр: -Нийслэлийн болон дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаанд уригдан оролцож байгаадаа баяртай байна. Манай компани уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо. Хаврын улиралд үе мөчний өвчлөл сэдэрдэг. Тиймээс тэмээний чөмөг, талын хар болон 50 гаруй төрлийн эмийн ургамлын хольцтой 10 гаруй нэр төрлийн тос, тосон түрхлэгийг бид гар аргаар үйлдвэрлэж байна. Хамгийн их борлуулалттай гол бүтээгдэхүүн бол тэмээний чөмөг, талын хартай тос юм. Тэмээний чөмөг Монголд элбэг, түүхий эдийн арвин нөөцтэйгөөрөө онцлог. Тэмээний чөмгийг үе мөчний өвчлөл, бэртэл гэмтэл, хаван, хавдар, харшил, ясны сийрэгжилт болон хэвтрийн хүмүүс арьс цоорохоос сэргийлэх зэргээр өргөн хэрэглэдэг. Эрт үед хацар гоо хатдын арьс арчилгаанд ч мөн хэрэглэж ирсэн юм билээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд түрхэхэд арьсны язралтаас сэргийлдэг. Б.Дуламсүрэн: Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн Агни компанийн үүсгэн байгуулагч, менежер Б.Дуламсүрэн -Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд урьж оруулж байгаад баяртай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ ийнхүү дэмжиж байгаа нь сайн хэрэг. Манай компанийн үүсгэн байгуулагчид нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа уригдсан байх гэж бодож байна. Манайх байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд бүх төрлийн арьсаар цүнх, хувцас, жижиг эдлэлүүд гэхчлэн гутлаас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тансаг хэрэглээнд ордог. Манай бүтээгдэхүүн чанартай хэрнээ хямд үнэтэйд тооцогддог. Тиймээс ч дотооддоо борлуулаад зогсохгүй Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн. Бизнес эрхлэгчид зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай Lovetulip компанийн үүсгэн байгуулагч Г.Ууганцэцэг -Би анх 2019 онд хүүхдээ харах зуураа өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо компани болон өргөжөөд, ажлын байртай болон ажиллаж байна. 8-15 нэр төрлийн жижиг эдлэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Захиалгаа фэйсбүүкийн пэйжээр дамжуулан онлайнаар авдаг. Манай бүтээгдэхүүн хэрэглэхэд хялбар шийдэлтэй төдийгүй сав баглаа боодол нь эко байдгаараа онцлог. Бүтээгдэхүүн хийхээр эсгүүрийн хаягдал их гардаг. Түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүдтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг. Би хоёр дахь удаагаа үзэсгэлэнд оролцож байна. Суралцах зүйлс, сайжруулах юм ч их байна. Дашрамд, нийт бизнес эрхлэгчдэдээ зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай гэж хэлье. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Г.Хаянхярваа: Сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байна Хужирт цагаан компанийн захирал Г.Хаянхярваа: -Манай компани таван хошуу малын сүү, сүүн бүтээгдэхүүнээр ямар нэгэн сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байгаа. Бурамтай, хушгатай, самартай, чацарганатай, зөгийн балтай сүүн чихэр үйлдвэрлэж байна. Түүнчлэн шар сүүг ашиглаад хатаамал, нунтаг ээзгий зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Би өөрөө хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй. Тиймээс сүүгээр амттан үйлдвэрлэе гэж шийдсэн. Сүүний лактозыг ашиглаад зөгийн бал, бор сахраар баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Чихэр, хатаамлаас эхлээд цагаан идээний нэр төрлийг олшруулахыг хичээсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцуулж, хүмүүст амталгаа хийлгэж, бүтээгдэхүүнээ таниулах боломж олгосонд талархаж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг Амина хүүхдийн хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн: -Би нөхөртэйгээ хамтдаа энэхүү брэндийг үүсгэн байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна. 0-12 насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд охидын хувцас голдуу авчирсан. Чөлөөт болон биеийн тамирын зэрэг бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг. Тэгэхээр өнөөдрийнх шиг үзэсгэлэнг олон удаа зохион байгуулбал үйлдвэрлэгчдэд дэм болно гэсэн юм. Нийтэлсэн:Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ

​ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсанИх хотын бүсгүйчүүд-2022хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Тэд бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус үзэсгэлэнд оролцож байлаа. Нийтэлсэн:Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

БНСУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

​ Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газар нь БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон Инженеринг Самү Сиэм компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Котра нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг мэдлэг хуваалцах хөтөлбөрийн (Knowledge Sharing Program) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэ онд манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус уулзалтаар хоёр тал дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ложистикийн төвүүдийг хооронд нь холбох аргачлал болоод түүнд тулгуурлан нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх тал дээр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн туслалцааны төслүүдэд хамрагдахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийтэлсэн:Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Эмгэнэл

2022-03-07 15:39:15 Нийтлэгдсэн: Нийгэм
Эмгэнэл

БОРХҮҮГИЙН ОЮУНЦЭЦЭГ 1962-2022 Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүү овогтой Оюунцэцэг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирлаа. Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн төв хэвлэл Говийн мэдээ сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Монгол Улсын төв хэвлэл Засгийн газрын мэдээ сонин, Өнөөдөр сонинг үүсгэн байгуулалцаж явсан, мэргэжлийн сэтгүүлч байсан юм. Б.Оюунцэцэг нь нь Засгийн газрын хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, БНХАУ-ын Хөх хот дахь тусгай сурвалжлагч, Өнөөдөр сонины эрэн сурвалжлах албаны дарга, Парламентын сурвалжлагч, Өнөөдөр сонины ерөнхий эрхлэгчийн дэргэдэх тусгай сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Түүний бичсэн 17 Чингэлэг спиртийн хэрэг, Парламент дахь Чехийн бүлэглэл, Чулуун хашаан доторх үхэл, Солонгосын тоног төхөөрөмжийн ил ба далд сүлжээ, Эгийн гол ба Усан станц зэрэг олон зуун нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээлэл нь олон нийтэд хүрч, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, түүний гавьяаг Монголын төр үнэлэн 1999 онд Алтан гадас одонгоор шагнасан юм. Б.Оюунцэцэг нь мэргэжлийн сэтгүүлчээс гадна авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа. Тэрээр Болор цом наадамд удаа дараа шалгарч, говь нутаг, хүний сэтгэл, хүйн холбооны тухай олон зуун шүлэг яруу найраг бичэн олны хүртээл болгосон юм. Б.Оюунцэцэг нь Монголын анхны хэвлэлийн төлөөлөгч нарын нэг бөгөөд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн албаны даргаар 14 жил ажиллаж үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх үйлсэд бие сэтгэл зүрхээ харамгүй зориулсан сэтгүүлч байлаа. Б.Оюунцэцэг сэтгүүлчийн ажилсаг хичээнгүй, нөхөрсөг, найзархаг зан бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Өнөөдөр сонин Зууны мэдээ сонин Гаалийн ерөнхий газар

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барина

​ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 2022 оны гуравдугаар сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо. Тус нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-ийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцов. Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Төслийн хүрээнд: -Хөвсгөл нуурын байгаль цогцолборт газарт 2022-2023 онд Хатгалын төв замыг Хатгал, -Жанхай, Тойлогт чиглэлийн авто застай холбох 2 км хатуу хучилттай авто зам, -Мөн энэ чиглэлийн 30,4 км хатуу хучилттай авто зам -Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай зам, -Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол, -Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аялалын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Эдгээрээс 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна. Төслөөр хийгдэх эдгээр авто замуудын зураг төслүүдийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөн цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн авто замйн төсгөлийн 4.1 км-т хамгаалалтын шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео торлог хязгаарлагчийг төлөвлөжээ. Эх сурвалж: БОАЖЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.