Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон түрээслэгч нар татварын хөнгөлөлтөд ингэж хамрагдана

Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр төр засгаас авч хэрэгжүүлэх долоон шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд танилцуулж байв. Энэ хүрээнднийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд: Нэг.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож баталгаажуулна. Хоёр.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө. Гурав.Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө. Иргэд: Нэг.Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө. Хоёр.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг анхаарна уу гэжээ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

НӨАТ-ын буцаан олголтыг анх удаа улирлаар олгож эхэллээ

Иргэд өмнө нь жилд 1 удаа буцаан олголтыг авдаг байсан бол энэ жилээс эхлэн жилд 4 удаа буюу улирал бүр авдаг болж байна. НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа ААН, иргэддээ талархал илэрхийлье.

Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр

Монголчууд ажилгүй, санаачилгагүй хүнд дургүй. Гэвч үнэндээ ажил хийх гэсэн хүнд бүр ч дургүй бололтой. Энэ нь манайхны шинэ зүйлд хойрго, хөшүүн сэтгэхүйтэй холбоотой байж мэдэх ч сонгууль угтсан улстөржилт дээрээс нь нэмэгдчихээр гал дээр тос нэмэхтэй адил авалцах юм. Хашаа хороогоо засъя, гудамж талбайгаа өөд татъя, хогоо цэвэрлье, хотоо соёлжуулъя гэсэн хүн болгоныг Сонгууль ойртсон учраас хэнхэглэж байна гэж хардаж сэрдэх юм бол хэн ер нь энэ улсад ажил хийх юм бол. Нийтийн тээврээ сайжруул, хэддүгээр зуун бэ гэж нийслэлийн иргэд, оршин суугчид шахаж шаарддаг. Автобусны парк шинэчлэлийг хийе гэхээр Гадаадаас автобус оруулж ирэх гэлээ гэж олон нийтийн сүлжээгээр анаж байгаад гөвнө. Монгол инженерүүд хэдий мундаг ч гэлээ 2021 он гэхэд шаардлагатай байгаа 600 гаруй автобусыг бүгдийг нь үйлдвэрлэж чадах бил үү гэдэг бодох л асуудал. Цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр гэх мэт шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай ярингуут Монголд наадах чинь тохирохгүй гэж эхлээд зориуд үгүйсгэсэн, зориуд харлуулсан шалтгаанууд цаашаа хөвөрч өгнө. Замын түгжрэлийг шийдэх гээд хотын төвийг А, B, С бүсчлэлд хувааж, автомашинуудыг зорчуулах тухай асуудал хөндөгдөнгүүт Хүний эрхэнд халдах гэлээ хэмээн баалсаар болиулсан хүмүүс өнөөдөр түгжрэл дунд өөрийнхөө ч, өрөөлийн ч эрх ашгийг юуны төлөө золигт гаргаснаа эс ухан гэлдэрч яваа биз. Үнэндээ дэлгэцийн цаанаас ямар ч ажлыг баруун солгойгүй муулж, баалж, гөвж суудаг хэдхэн хөлсний тролл-уудын турхиралтаар олон түмний эрх ашиг ганхаж байдаг болсон нь нууц биш. Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг хувийн эзэмшлээс буцаан авч, тохижуулах ажил өнгөрсөн жилээс улбаатай боловч ямар ч төрлийн хэрүүлийн алимнууд өдийд л ургаж төлждөг цаг учраас ажлыг нь хийлгэхгүй уяаны ноход боргоож эхлэв. Цар тахлын улмаас цаг үе амаргүй байгаа ч нэгэнт төлөвлөснийхөө дагуу Монгол Улсын нийслэл хотын төв талбайн урдах цэцэрлэг ногоон байгууламжийг хүүхэд, хөгшид, залуус, хосууд жилийн дөрвөн улирлын турш зорьж очоод амарч тухалдаг тохилог орчин бүрдүүлчихье гэсэн сэтгэл, зүтгэл хотын удирдлагад байна. Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад өөрсдөд дээрээ гал дуудаад яах вэ, жанжин Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг хогийн цэг байна уу, архичдын орогнодог үүр болно уу хэнд хамаатай юм гээд орхичихвол болох л байсан. Гэхдээ тэгсэнгүй. Их хотын ажил, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж буй нь энэ. Улаанбаатарын утааг 30-50 хувь бууруулна гэдэг ёстой үлгэр шүү хэмээн тэдний ажлыг болохгүй, бүтэхгүй гэж харлуулсан болгон нь болоод бүтээд, үр дүн нь гараад байгаа учраас улстөрийн сонор сэрэмж идэвхэжсэн энэ үед Бас нэг том оноо авах ажил хийчих вий хэмээн олон хүн үнхэлцгээ хагартал айж, хорхойтсон баавгай шиг сандчиж буй нь юухнаас ч илэрхий. Гэвч сонгууль бол сонгууль л болохоос өдөр тутмын амь амьдрал биш гэдгийг түмэн олон ойлгохтойгоо болсон нь зол юм даа.

Амралтын газар, фитнесс, сауны үйл ажиллагааг нээлээ

Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусын халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон. Тэгвэл өчигдөр /2020.04.16/ Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаа тооцоо, тоон баримтанд үндэслэн хэлэлцсэн. Хэдийгээр коронавирусын тархалтаас урьчилсан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон хүн нэг дор төвлөрөхөөс урьчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр А/521 тоот Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын даргазахирамждаа дурьджээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, харилцан итгэлцлийг бий болгох үндэс суурийг тавих зорилготой аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Урт цагаан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид шат дараатай арга хэмжээ авч жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж, аль болох асуудлуудаа шийдээд ажлын байраар хангаад явна гэлээ. Энэ үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд 12 иргэний ажлын байрыг шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжний иргэдийг ажлын байраар хангана гэлээ. Иргэдийг ажлын байраар хангахдаа нийслэлийн Төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байранд 280 орчим ам.метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашидүе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангахаар төлөвлөжээ. Түүнчлэннийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Урт цагаанд 22 жил түрээсээр ажил эрхэлсэн иргэн А.Оюундарь Би 22 жил түрээс төлж ажиллаж ирсэн. Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Биднийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Харин гомдол гаргаад байгаа зарим хүмүүс бол бидэнд дам түрээсэлж байсан иргэд гэдгийг хэлмээр байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.