Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн талаар танилцуулж байна

Хотын даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоож байна#ЦАХИМ_хурал#ШУУД

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газар-Иммигрэйшний албаны мэдээгээр манай улсын 48,000 иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна. Үүнээс хууль бусаар 17,000 иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, Солонгосын хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон. Үүний улмаас БНСУ-д түр хугацаагаар байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна. ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, мөн Солонгос дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна. Ялангуяа, иргэдээс тавьж буй нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд тавьсан. Манай иргэдэд нэн түрүүнд тулгарч буй виз сунгуулах асуудлаар ЭСЯ Иммигрэйшн-тэй урьдчилан ярьж тохирсны дагуу богино хугацаагаар ирсэн манай иргэдийн визийг сунгаж байгаа. Хол муж, хотод амьдарч буй иргэдэд ЭСЯ-наас боломжтой туслалцааг үзүүлж байна. Одоогоор виз нь сунгагдаагүй гэсэн өргөдөл, гомдол иргэдээс ЭСЯ-нд ирээгүй байна. Хэрэв ийм асуудал байвал иргэн өөрөө тодорхой баримттайгаар ЭСЯ-нд хандах нь зүйтэй. ЭСЯ тухайн иргэний хүсэлтийг Иммигрэйшн-д албан ёсоор тавьж ярина. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php БНСУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хяналтанд бүрэн байлгаж, бүх түвшинд хүн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.БНСУ өдөрт 18,000 хүнд буюу 4.8 секунд тутам 1 өвчтөнд хурдавчилсан оношлогоо хийж буйнь дэлхийд өндөр түвшин бөгөөд нас баралт дэлхийд хамгийн бага буюу 0.6 хувьтай байна. Халдварын эрт үеийн шинжилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор автомашин дотроос шинжилгээ хийлгэх Drive thru аргыг нэвтрүүлж 10 минутад багтаан шинжилгээ өгч байна. Улс орнууд БНСУ-аас өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа одоогоор хийгээгүй байна. ЭСЯ-наас БНСУ-ын дотоод нөхцөл байдал, арга хэмжээний талаар БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлийг фэйсбүүк, цахим хуудсаар иргэдэд тогтмол хүргэж байна. Монгол Улсын эрүүл мэнд, анагаах ухааны хүчин чадал сул, эдийн засгийн байдал амаргүй байгааг Иргэд та бүхэн бүрэн ойлгож, ухамсарлаж буй гэдэгт итгэж байна. Монголд тусгаарлах байр хамгийн хүнд асуудал болоод байгааг манай эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлж байна. Харамсалтай нь Францад зочлоод ирсэн гадаадын иргэнээр дамжин манай улсад халдвар орж ирж, улс орон даяар хүнд нөхцөл байдал үүсээд байна. Энэ гадаадын иргэн нь 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчсөн нь тогтоогдсон. Өнөөдөр Монгол Улс, БНСУ аль аль нь онцгой байдлын өндөржүүлсэн байдалд шилжиж, энэ хүрээнд холбогдох хууль, журам үйлчилж байна. ЭСЯ-ны олон нийттэй харилцах сүлжээгээр дамжуулан нэр хаяг нь тодорхойгүй хаягаас улс орон, төр, засгийн нэр хүнд рүү илт халдсан, иргэдийг турхирсан, өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэсэн комментууд бичигдэж байгааг ЭСЯ анхааралдаа авч байгаа. Иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас цахимаар үзүүлж байна. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php Энэ үйлчилгээг иргэд ЭСЯ-нд ирэхгүйгээр түлхүү ашиглахыг зөвлөж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэс ачаалал ихтэй байгаа тул манай иргэд өөрт тулгарч буй асуудлаа тодорхой, баримттай ярьж, бичиж байвал богино хугацаанд оновчтой хариу өгөхөд чухал байна. Мөн амьдарч буй хот, утас, нэрээ үлдээвэл эргэж холбогдоход хэрэгтэй байна. -Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гар угаах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна. Иргэдэд хамгийн ойрхон эрүүл мэндийн төв, эмнэлгийн жагсаалтыг фэйсбүүкт мэдээлсэн.Гадаадын иргэн коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлыг нь БНСУ хариуцна. Хууль бусаар байгаа манай иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн тусламж авах шаардлагатай ба эмнэлэг тухайн хүний визийн талаар мэдээлэхгүй, баривчлахгүй гэдгийг БНСУ-ын Иммигрэйшн албан ёсоор мэдээлсэн болно. Энэ ялдамд ЭСЯ-ны ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй манай иргэд, байгууллагуудад талархал илэрхийлж байна. ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС: 010-8205-3464 Пусан дах Консулын газар: 010-4966-710 Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна БНСУ-д коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд: Итгэмжлэл: Гадаад паспорт захиалах; Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах; Хүүхдийн виз мэдүүлэх; Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/ Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах; Төрөл садангийн лавлагаа авах; Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу.http://www.mongolembassy.com/index.php Иргэний бүртгэл: Төрсний бүртгэл; Гадаад паспорт захиалга; УБЕГ-ын лавлагаа; Буцах түр үнэмлэх захиалга; Гадаад паспорт олголт. Анхаарах зүйлс: ЭСЯ-ны цахим хуудас www.mongolembassy.com-ны консулын үйлчилгээ цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх; Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах; Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй; БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

Шинэ коронавирусний халдвар (COVID-19) дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олонулсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасныг үүгээр мэдээлж байна. Иймд АНУ-д байх визийн зөвшөөрөгдсөн хугацаа нь дуусгавар болж, дээрх шийдвэрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (U.S. Immigration and Customs Service)-нд яаралтай хандаж визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахыг зөвлөж байна. Холбогдох мэдээллийг USCIS-ийнhttps://www.uscis.gov/i-539цахим хуудсаар орж үзнэ үү. Визийн хугацаа сунгах i-539 өргөдлийн маягтыг гадаадын иргэд визийн хугацаагаа дуусахаас наад зах нь 45 хоногийн өмнө мэдүүлэхийг USCIS-аас зөвлөдөг хэдий ч онцгой нөхцөл (https://www.uscis.gov/humanitarian/special-situations) үүссэн гэсэн үндэслэлээр өргөдлөө гаргаж, шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.uscis.gov//forms-inf/how-make-expedite-request цахим хаягаар орж үзэх буюу USCIS-ийн +1 (800) 375 5283 тоот утсаар холбогдож лавлана уу. Өргөдлийн маягтыг бөглөхтэй холбогдуулан Цагаачлалын хуульчаас зөвлөлгөө авч болно. Визийн хугацаа нь нэгэнт дууссан (i-94-ийн хугацаа дууссан) иргэд дээрх үндэслэлээр мэдүүлэг гаргах боломжгүйг анхаарна уу. ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР 2020-03-10

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хандивын мөнгөө Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн байна.

Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ

Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай гэдгийг онцолж хэллээ. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриаллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.