Өнөөдөр 07:00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодод хотруу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний байдлаар хотоос гарах хөдөлгөөн харьцангуй ачаалалтай байсан ч зохицуулалт хийж, нэмэлт цонхоор нэвтрүүлснээр ачаалалгүй болжээ. Жолооч зорчигч та бүхэн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хүндэтгэн, асуумжинд цааргалалгүй үнэн зөв хариулж, халуунаа хэмжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан. Хязгаарлалт гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэхээр байсан бөгөөд Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас энэ хязгаарлалтыг сунгахгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн. Иргэдийг зам товчлох, товчоодод дугаарлалт үүсгэхгүй байхыг албаныхан хүссэн юм.
Ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав
2020-03-12 11:31:28 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан өнөөдөр нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг үзэж шалгалаа. Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. Тэрбээр Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж бүх нийтийн гудамж талбай, орон сууцны гол замууд, гэр хорооллын 200 мянган айл өрхийн модон жорлон, томоохон зах худалдааны төвүүдэд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Цаг агаар +5 градус хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинуудаар халдваргүйжүүлэх ажил эхэлнэ. Агаар чийгшүүлэгч машинуудын бэлэн байдлыг хангасан байгаа. гэв. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам, нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн талаараа дуулгалаа. Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа компаниудад ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга. Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын бодисуудад шинжилгээ авч стандартын дагуу байгааг тогтоосон. Тусгай зөвшөөрөл бүхий гэрээт компаниудыг зохион байгуулалтад оруулаад ажлыг нь эрчимжүүлээд байна. 100 метр квадратыг нэг минутад халдваргүйжүүлэх хүчин чадалтай мананцар үүсгэгч цөөн тоогоор бий хэмээн Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн төв ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэллээ. Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ болон АНУ ашигладаг орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийн тоог нэмэх үүргийг холбогдох албаныханд өгөв. Нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд нэмэлтээр дүүргийн тохижилтын компаниудын автомашинуудыг ашиглаж бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНСУ-аас Монгол Улс руу яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна
2020-03-12 09:31:47 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье. ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? Эмнэлгийн хяналтад байдаг иргэд Эмнэлгийн нотлох баримт бичгүүд Жирэмсэн эх Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу. Эмнэлгийн магадлагаа Бага насны хүүхэд 0-14 насны хүүхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нотлох баримт бичиг Өндөр настан эмэгтэй 55 ба түүнээс дээш настай эрэгтэй 60 ба түүнээс дээш настай ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ? Бүртгэлийг 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж, гуравдугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана. ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ? Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ. Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부, Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia. АНХААРАХ ЗҮЙЛС! Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/ Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно. ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй. Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно. Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй. Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна. Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө
2020-03-11 13:00:43 Нийтлэгдсэн: НийгэмДэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна. Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үеийн чадамжийг дээшлүүлэх зорилго тавьсан гэдгийг төгсөлтийнхнийгөө төлөөлж Г.Амарсанаа хэллээ. Ховд аймгийн 1998 оны төгсөгчид 5 хоногийн хандивын аян өрнүүлэхэд 109 төгсөгч халуун сэтгэлээрээ нэгдэж 5.6 сая төгрөгийн хандив, бэлэн байдлын үеийн нэн шаардлагатай эд материал цугларсан байна. Энэхүү сайн үйлсийн аянд Улаанбаатар хот болон нутагтаа амьдарч байгаа төгсөгчид идэвхтэй оролцжээ. Хандивынхаа зарим хэсгийг Ховд аймгийнхны эрүүл мэндийн манааны хамгийн халуун цэгт ажиллаж буй алба хаагч нарт зориулалтын хувцас хэрэгсэл, онц байдлын үед ашиглах техник хэрэгсэл авчээ. Ховдын 1998 оны төгсөлтийн төлөөлөл өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнтэй уулзаж хандиваа гардуулж өглөө. Энэ үеэр Ц.Мягмарсүрэн дарга Та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөлх нутагтаа тусламжийн гараа сунгаж байгаад талархал илэрхийлье. Бэлэн байдлын үеийн техник, хувцас хэрэгслийг аймгийн бүх суманд хуваарилж чадавхийг нь нэмэгдүүлнэ гэдгээ Та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье. Аюулт өвчин, гамшиг осол, тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж тэргүүн шугаманд ажилладаг алба хаагч нарт хандивын аянаа чиглүүлсэн нь бидэнд маш том дэмжлэг, урам боллоо. Ховд аймгийн 1998 оны төгсөгчдөдөө баярлалаа хэмээн хэллээ. Аймгийн эрүүл мэндийн газраас сайн үйлсийн аянаар нутагтаа хандив өргөсөн 1998 оны төгсөлтийнхөнд Талархал гардуулав. Хэлж биш хийсэж ирдэг аюулт өвчин, гамшиг зовлонгийн үед тэргүүн фронтод ажилладаг алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж хангалттай төвшинд байхгүй, гачигдал дутагдалтай байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс Ховд нутгийнхаа зон олон, үе үеийн төгсөлтийнхөн, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг, хувь нэмрээ оруулахыг 1998 оны төгсөгчид уриаллаа.
Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээллийг онлайнаар хүргэж эхэллээ
2020-03-11 11:28:59 Нийтлэгдсэн: НийгэмДэлхий нийтэд тархаад буй Ковид-19 өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн. Цаашид Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайн хэлбэрт шилжүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй