Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой
2019-12-09 10:49:11 Нийтлэгдсэн: НийгэмХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж хамтарч ажиллах ёстой гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллүүд өнөөдөр Хүүхэлдэйн театраар зочилж, Гэрэлт цох нарыг аварсан нь хүүхдийн жүжгийг үзэхээс гадна нийслэл хоттой танилцах аялалд гарах аж. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
2019-12-09 10:25:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ. Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлсэн үгэндээ Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна, би Москва хотоос зурагт, интернэтээс мэдээлэл байнга авч байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяаас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсохнээ хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм хэмээлээ. Хотын захирагч С.Амарсайхан бид Гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байгааг танд дуулгая. Энэ жил бид газар хѳдлѳлт, гамшгийн иж бүрэн хэмжээний сургалт зохион байгуулсан. Цаашдаа Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэргийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах, онцгой байдал үүссэн тохиолдолд шуурхай удирдлагын нэг төвөөс удирддаг, энэ чиглэлээр нэгдсэн системд холбох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид ажил, амьдралын дадлага туршлагатай ахмадуудаасаа суралцах, зөвлөмж зөвлөгөө авах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ѳнгөрсөн үед ямар ажлуудыг ямар хэмжээнд хийж ирсэн вэ, одоо хийж байгаа ажлын аль нь болж, аль нь болохгүй байгаа тухай та бүхнийхээ үг сургаалыг сонсож, зөвлөмж зөвлөгөөг дагаж байж л зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог. Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хувьд бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаачлан хотын захиргааны гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсан. Бид уг гэрээг нь цуцалж, байшинг эргүүлж хотдоо авч шийдвэр гаргаж байгаа. Драмын болон дуурийн театрыг буулгана гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байгаа юм билээ. Шинээр үндэсний хэмжээний том театр барина, гэхдээ хуучнаа буулгаж нураах асуудал огт яригдахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Харин Байгалийн түүхийн музейн барилгын хувьд засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас өөр аргагүй болсон юм билээ. Энэ асуудал Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдээд явж байгаа гэв. Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг урт удаан наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг нь өөрт нь дуулгалаа. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Олон хүний ажлын үр дүнд гэр хорооллын яндантай тэмцэх ажилд тодорхой үр дүн гарлаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 ирлээ. Энэ зөрчлүүдэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн үед товчоодоор сайжруулсан шахмал түлш гадагшаа гарахыг завдсан зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан шаардлагыг сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдэд хүргүүлсэн гэлээ. Сайжруулсан шахмал түлш борлуулагч нь иргэдэд хяналтын сайн картаар, тогтоосон тоо хэмжээгээр борлуулах ёстой аж. Харин бэлэн мөнгөөр болон тогтоосон тоо хэмжээнээс илүү худалдан борлуулж болохгүй юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
2019-12-05 13:28:08 Нийтлэгдсэн: НийгэмУур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна. Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метргазрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 1.2 м гүнтэй, 1380.5 ам метрусан мандлын талбайтай, 10500 шоо метрэзэлхүүнтэй хөв /хиймэл нуур/ байгуулах ажлыг нийслэлийн төсвийн 147 сая төгрөгийн хөрөнгөөр анх удаа гүйцэтгүүллээ. Хөв байгуулснаар дээр дурдсан ач холбогдолтойгоос гадна тухайн орчны биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг давуу талуудтай. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гурван байршилд хөв шинээр байгуулахаар тусгагдсан. Усны тухай хуульд заасны дагуу бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг тухайн шатны Засаг дарга, сав газрын захиргаатай хамтран дэмжих зохицуулалттай байдаг тул гадаргын ус хуримтлуулах, ашиглах төсөл бүхий иргэд, байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, хамтран ажиллахыг уриалж байна гэжНийслэлийн Байгаль орчны газраасмэдээллээ.
Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа
2019-12-05 13:23:58 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Бидний хот сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-ны өдөрт багтаан зарлан танилцуулах бөгөөд шалгарсан багтай тус өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах юм байна. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, Г корпус, 5 давхар 502 тоот, Холбоо барих утас: 324537 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй