Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийн захирал К.Олимпиад нар хүргэлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу наймдугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналтыг хийсэн. Мэдэгдэл, шаардлагын дагуу 62 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчиж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээлэв. Өмчилж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна. Өмнө нь нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналт газраас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсний үр дүнд зургаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй автомашиныг нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулжээ. Одоо зөрчил арилгаагүй, гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглан, ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан таван иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд газар эзэмших эрх нь хүчингүй болсон гурван иргэн, хоёр аж ахуйн нэгжид газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан /2019.12.03/ болж, 5 асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулга 2. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам-ыг шинэчлэн боловсруулсан төслийн танилцуулга 3. Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга 4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга 5. Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга. Зөвлөлийн гишүүдээс хэлэлцэх асуудлын дарааллаар асуулт асууж, санал өгөх байдлаар оролцож, шийдвэрээ гаргалаа. -Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг танилцуулж, Засгийн газарт хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтов. -Мөн Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам-ыг шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцэж, эцэслэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. -Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийг хэлэлцэж, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв. -УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга-ыг сонсож, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо. -Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл-ийг танилцуулсан бөгөөд уг төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, редакцийн найруулга хийж, эцэслэн толилуулахыг үүрэг болгов. Эх сурвалж: БХБЯ

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэв

Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов. Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслийн хүрээнд Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Тус хэлэлцүүлгийг нээж, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн үр дүн маш сайн үнэлгээтэй байдаг. Гэсэн хэдий ч хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө, бодит байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр нөлөөг нь тооцож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд энэ бүхнийг тусгаж ажиллах нь хамгийн чухал юм. Хот сүүлийн гурван жилд хүүхдийн сурлагын амжилтаараа долоон байр ахисан өндөр үзүүлэлттэй байна. Энэ бол боловсролын салбарт ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бодит нотолгоо, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээс өөрсдийн олж харж чадахгүй байгаа цаашид сайжруулах шаардлагатай олон чухал асуудлуудыг олж хараж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, хамгийн сайн шийдлийг хамтран гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Энэхүү иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ нь бодлогын баримт бичиг, түүний үйл ажиллагааг иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, тэдний хүсэл эрмэлзлийг харгалзан засан сайжруулдаг зөв хандлага, зөв жишгийг бий болгоход чухал алхам болох аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна. 2019 оны 3 дугаар улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт569209иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас557698иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь98.0 хувийн үзүүлэлттэй байна. Мөн8590өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж,3080өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ХҮҮХДЭД БЭЛЭГ СОНГОХДОО ХАДГАЛАЛТЫН ХУГАЦААГ САЙТАР ШАЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хадгалалтын болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ. Шинэ жилийн баяр дөхөж буй энэ үед хүүхдэд бэлэг сонгохдоо хадгалалтын хугацааг сайтар шалгахыг хэрэглэгчдэд анхааруулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.