“ЭРҮҮЛ ИРГЭН” аяны явцтай танилцаж, Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 142 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон билээ. Өдгөө нийслэлийн хэд хэдэн дүүрэгт зохион байгуулагдаж буй Эрүүл иргэн аяны үйл ажиллагааны явцтай танилцах үүднээс Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар өнөөдөр тус дүүргийн VIII хорооны Ачлахуй ӨЭМТ-д ажиллалаа. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, иргэдийн хамрагдалт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх Эрүүл иргэн аяны хүрээнд иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахаар зорьжээ. Энэ дагуу нийслэлийн 152 ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Үзлэг оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгөхийн сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулж байна. Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг ч нэмэгдүүлэх аж. Иймээс тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрүүл иргэн аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой боллоо. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Зуун настын ач тус

2019-05-31 08:59:30 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Зуун настын ач тус

Зуун наст нь гэрийн нөхцөлд тарьж ургуулахад маш амархан. Арчилгаа нь ч маш энгийн хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ агуу их хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Эмийн ургамлыг гэртээ тарьж ургуулдаг хүмүүс зуун наст ургамлаар эхэлсэн байдаг. Энэхүү ургамал нь цэлцгэнэсэн шүүсэрхэг зузаан навчтай бөгөөд навчийг салгаж авахад бас амархан. Аль нэг навчийг нь нээгээд доторх шүүсийг шахаж гарган авч доор дурдах зөвлөгөөнүүдэд хэрэглээрэй. Зуун настын ил хэрэглээний 9 ашиг тус: 1. Түлэгдэлтэнд сайн (нарны түлэгдэлтийг гэрээр эмчлэх шилдэг арга) 2. Шарх эдгээнэ 3. Батга болон эмзэг хуурай арьсыг тайвшруулна 4. Тууралт, идээ бээр болон арьсны бусад төрлийн өвчин 5. Үрчлээ багасгана 6. Үсийг ангижруулна (үс халцрахаас сэргийлнэ) 7. Арьсыг чийглэнэ 8. Сахлын гель болгож ашиглаж болно. Зуун настын дотор хэрэглээний 9 ашиг тус: 1. Гэдэс өвдөх болон гэдэсний гүрвэлзэх синдром, гэдэс түгжрэх, гэдэс хөөх, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед гэдэс дотор тайвшруулна 2. Хоол шингээлтийг сайжруулж, цээж хорсолтыг намдаана 3. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна 4. Амны хөндийг эрүүл байлгахад тустай 5. Биеийн дархлааг нэмэгдүүлнэ 6. Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх ба хавдрын өвчтэй хүмүүсийг эрүүл эсээр тэтгэнэ 7. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ 8. Шээсний замын эрүүл мэндийг дэмжинэ 9. Үе мөчний үрэвслийг багасгана Энэхүү ургамлын ашиг тусын талаарх шинэ судалгаа, дүгнэлт хайх хэрэггүй. Хэдийгээр та зуун настын шүүсийг дэлгүүрээс худалдаж авч болох ч гэртээ тарьж ургуулсан зуун наст хямд бас аюулгүй байдаг. Зуун настын хамгийн том, нас гүйцсэн навч нь ашигтай шүүсээр илүү баялаг тул илүү үр дүнтэй. Бидний зуун наст гэж нэрлэх энэхүү ургамал анх Хойд Африкаас гаралтай аж. Зуун настын эрүүл мэндийн хэрэглээний ашиг тусыг өгүүлсэн анхны баримт бичиг нь эртний Египетийн үйсэн дээрх бичээс бөгөөд 12 анагаах жорыг агуулсан байдаг аж. Өнөөдрөөс эхлэн эмийн хэрэглээнээс татгалзаж, зуун настын ашигт тусаас хүртэж эхлээрэй!

Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна

Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах болон санхүүгийн байдалд дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй ажил юм. Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт энэхүү аргыг нэвтрүүлснээр эмчилгээний амжилт нэмэгдэх боломжтой юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав. Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулснаар авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин бүрдэж иргэд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх таатай орчин бий болох юм байна. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлэх аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өчигдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсанорчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 ортой Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна хэмээв. Мөн Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд олон сайхан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлье гэсэн юм Хотын захирагч нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараагаар 50 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхдийн эмнэлэгтэй танилцан, тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.