П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй учраас бид дэмжихгүй
2019-11-21 10:35:26 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЯпон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол, Япон иргэдийн сайн дурын үндсэн дээр 2013 онд байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй хичээлийн хэрэгсэл, 800 гаруй даралтат хөгжим зэргийг Монголын хүүхдүүдэд болон сургууль цэцэрлэгүүдэд хандивлажээ. Түүнчлэн Beruna Child Support нэртэй Японы төрийн бус байгууллагын ардын урлагийн тоглолтыг дөрвөн жил дараалан дэмжин оролцсон байна. Асрамжийн төвийн төсөв санхүүжилтийг босгох зорилгоор зохион байгуулдаг 21 дэх удаагийн тоглолт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фүкүшима мужийн Фүкүшима хотод болсон байна. Yumita Yahei тэргүүтэй Япон Монголын аз жаргалын нийгэмлэг төрийн бус байгууллага нь 2016, 2017, 2018, 2019 онд Фүзүшима мужийн Айзу Вакамацү, Коорияма, Иваки, Фүкүшима хотуудад уг тоглолтыг хамтран зохион байгуулжээ. 2011 онд Японд болсон цунамийн уршгаар үүссэн газар хөдлөлтөд эдийн засаг, хүний амь, эрүүл мэндийн хувьд хамгийн их хохирол амссан муж бол Фүкүшима. Энэхүү гамшгийн үед Дарханы Нарны хүүхдүүд асрамжийн төв өөрсдийн тоглолтын орлого болох гурван сая төгрөгийг хандивласан байдаг. Үүнд талархсан тус мужийнхан Нарны хүүхдүүд асрамжийн төвийн хүүхдүүдийн ардын урлагийн тоглолтыг дэмжин дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулжээ. Монголын 50 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлдэг газрын санхүүжилтийг босгох энэхүү үйл ажиллагааны үеэр зарим зохион байгуулагчдын гаргаж буй үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж бяцхан хүүхдүүдийн нэр хүндэд халдаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тодруулбал, тоглолтын төгсгөлд хүүхдүүдийн хүзүүнд хандивын хайрцаг зүүлгэн үзэгч олны дундуур явуулж хандив цуглуулсан явдлыг Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага сайшаахгүй байгаагаа илэрхийлж, удаа дараа болиулахыг шаардсан боловч голлон зохион байгуулагч Beruna Child Support төрийн бус байгууллага хүлээн аваагүй байна. Иймээс Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлөөс Нарны хүүхдүүд асрамжийн төвийн Япон улсад зохион байгуулагддаг тус тоглолтын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа зогсоохоор болжээ. Энэ талаар Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуягаас тодрууллаа. Төсвийн мөнгөөр нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчид айлчлал хийх нэрийн доор гадаад орноор зугаалж явна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь танай үйл ажиллагаатай ямар холбоотой вэ? -Энэ нь хоёр тусдаа асуудал юм. НИТХ, ДИТХ-ын хурлын төлөөлөгчид нь Фүкүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нараас бүрдсэн төлөөлөл Фүкүшима мужийн сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн түвшинд иргэд хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор 2019 оны арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд хувийн зардлаар аялаад ирсэн. Аяллын үеэр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн дэмжин ажиллаж байгаа Нарны хүүхдүүд-ийн тоглолтыг төлөөлөгчид маань зочны байр сууринаас үзэж сонирхон дэмжсэн. -Та зардлын талаар тодорхой хэлж өгнө үү? -Энэ аялалд Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөөлөгчид, БЗД-ийн сургууль цэцэрлэгүүдийн багш нар, өрхийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аялалтай холбоотой бүхий л зардлыг аялалд оролцогчид хувиараа болон П. Төмөрхуяг тэргүүнтэй Монгол Японы аз жаргалын нийгэмлэгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ талаар өнөөдөр 13 цагт манай ДИТХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарласан байгаа. Тодорхой мэдээлэл мөн түүгээр өгнө. Мэдээж энэ аяллын зардалтай холбоотой асуудлаар шат шатны хяналтын байгууллагууд шалгах байхаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ялангуяа гадаад оронд томилолтоор ажиллахдаа зориулагдаж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр иргэдийн зүгээс хяналт тавьж байгаа нь сайшаалтай юм. Төсөв мөнгөний зарцуулалт мөн түүнчлэн түүний үр дүнг сонгогч олон нийтэд шилэн байдлаар ил тавьж тайлагнадаг уламжлал бүхий жишиг тогтоох шаардлагатай байна. Энэ удаагийн аялал тайланг мөн сонгогч олондоо тайлагнах болно.
С.ЧИНЗОРИГ: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 420 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО
2019-11-19 10:21:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэв2020 онынэгдүгээрсарын 1-нээс нийгмийндаатгалыншимтгэлийгнэмэгдүүлэхболсонтойхолбогдууланХөдөлмөр, нийгмийнхамгааллынсайдС.ЧИНЗОРИГООСдараахзүйлийгтодрууллаа. -Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Манай улс ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй. Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна. 2020 онд ажилтан болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг тус бүр нэг хувь нэмнэ. Ер нь Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Уг сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг болохоор НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. -Капитал банкны алдагдлыг Нийгмийн даатгалын санд байршуулж байсан мөнгөөр нөхөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү? -Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг Капитал банкинд байгаа. 2008 оноос байршуулаад авч чадахгүй яваад байсан мөнгө. Монголбанкинд бид нэг л шаардлага тавьдаг. Энэ бол дан ганц төсвийн мөнгө биш. Ажилтнууд болон ажил олгогчдын мөнгө. Тиймээс өр төлбөр барагдуулах хамгийн сүүлийн дараалалд оруулж болохгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж авч үзэх ёстой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, иргэн хүн ирээдүйд нийгмийн хамгаалалд үүсэх эрсдэлийг урьдчилан сэргийлж даатгуулсан мөнгө шүү дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж эхний ээлжид барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Одоогоор төлөлт хийгдэж эхлээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн тайланд банкнаас авах өр авлага гээд хадгалагдсан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь Капитал банкны өр авлагыг хааж байна гэсэн буруу ойлголт байж болохгүй. Капитал-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийгбанкуудадбайршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч энэ зөв бодлого биш юм. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байна. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэл багатайгаар өсгөх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулж хүү авдаг бодлогод өөрчлөлт оруулна. Одоогийн хуулиар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр Засгийн газрын бонд худалдан авах эрх зүйн орчинтой. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг байна. -Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалд ороод байгаа юм бэ? -Нийгмийн даатгалын сангаас 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Уг сан эв санааны зарчимд тулгуурладаг учир орлого нь сангийнхаа өсөлтийг дааж чадахгүй байна. Хоёрдугаарт, тэтгэвэр бодож байгаа аргачлалтай холбоотой. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөд, ажил олгогч, ажилтан тус бүр 12, нийт 24 хувийн шимтгэл төлдөг. Гэтэл иргэдэд тэтгэвэр олгохдоо хамгийн доод тал нь цалингийн 42-45 хувиар бодож байна. 20-оос дээш жил ажилласан хүн цалингийнхаа 60-80 хувиар бодож тэтгэвэр авдаг. Тэгэхээр шимтгэл төлж байгаагаасаа гурав дахин өндөр тэтгэвэр авч байгаа учир Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгааг иргэд зөв ойлгох байх гэж бодож байна. -Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт цалингийнхтай уялдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Мөн хувийн хэвшлийн ажилтнуудад хүнд тусах юм биш үү? -Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно. М.ЭНХ /Монголын үнэн сонин 2019-11-14-ний №220/
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт /2019.11.15/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагийн /2019.11.22/ 11.00 цагт хийхээр товложээ. Учир нь,Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь БНСУ- руу зорчихдоо онгоцонд зүй бус үйлдэл гаргасан. Солонгосын шүүхээс түүнд 10 хоногийн хилийн хориг тавьж, 7 сая вонноор торгосон юм.
М.ДАВААТОГТОХ: ЯВЦЫН ДУНД ХЭРЭГ ЗАМХАРДАГ ГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ АЛДАРСАН БАЙДАЛД ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН
2019-11-12 09:44:50 Нийтлэгдсэн: Халуун сэдэв-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан- Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохтой олны анхаарал татсан зарим хэргийн шалгалтын явцын талаар ярилцлаа. -Танай Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн чиг үүргээ ямархуу хүн, хүчтэйгээр хэрэгжүүлж байна вэ? -АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчилсан 11 төрлийн гэмт хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг болон Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар баталсан зааврын дагуу цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Манай хэлтсийн 36 мөрдөгч дээрх мөрдөн шалгах чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа тул маш өндөр ачаалалтай ажилладаг. Авлигын гэмт хэргийг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тусгай мэдлэг бүхий хүмүүс үйлддэг тул илрүүлж, мөрдөн шалгаж нотлоход ур чадвар, цаг хугацаа, зардал асар их шаарддагаараа бусад хэргээс онцлогтой. Авлигын гэмт хэргийн нэг холбогдогчийн ард 2-3 өмгөөлөгч, санхүүгийн тусгай мэдлэг бүхий зөвлөх гээд бүхэл бүтэн баг ажилладаг. Ганц мөрдөгч ийм хэмжээний мэргэшсэн багтай тулж, хэргийг нотлон, прокурор, шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Авлига, албан тушаалын нэг хэрэгт цугларч байгаа нотлох баримт дунджаар 20-300 хавтас болдог нь бусад төрлийн 20-30 эрүүгийн хэрэг мөрдөн шалгасантай адил хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. -Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, өмнө нь хашиж байсан хүмүүсийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан танайхаас баривчилсан. Ер нь авлигатай тэмцэх ажил улам ширүүсэж, иргэдийн ярьдагчлан акул-уудыг шалгаж эхлээд байна. -Олон нийт өндөр хүлээлттэй байгаа шударга ёсны хүсэмжлэл-д бодит хариулт өгөх үүргийг АТГ-ын шинэ удирдлага бүх ажилтанд өгсөн. Тэр дундаа авлигын гэмт хэргийг бүрэн илрүүлж, шуурхай шийдвэрлэх, энэ төрлийн хэргийн улмаас хулгайлагдсан, нуун дарагдуулсан хөрөнгийг хамгаалах, битүүмжлэх, буцаан төлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. Хуулийн байгууллагаас сүр дуулиантай баривчилгаа хийдэг ч явцын дунд хэрэг нь замхардаг гэх иргэдийн итгэл алдарсан байдалд цэг тавих цаг нь болсон гэж үзэж байгаа. АТГ-аас нэг сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүллээ. Мөрдөн шалгах хэлтсийн зүгээс хуульч, шуурхай ажиллагааг эрхэмлэн хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх болно. -Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан зэрэг олны анхаарал татсан томоохон хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байх. Иргэд ч дээрх хэргээс гадна Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, Улсын ерөнхий прокурор асан гээд олны анхаарал татсан зарим хэргийг хэрхэн шийдвэрлэснийг анхааралтай ажиглаж байгаа шүү дээ. -Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэд хэдэн хэргийг прокурорын хяналтад шилжүүлээд байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарын холбогдсон, Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох үйлдэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл нарын, Салхитын мөнгөний ордтой холбоотой шийдвэр гаргах явцдаа авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтан зэрэг 32 хүн холбогдсон Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын, ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарын, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох зэрэг авлигын 39 хэргийг энэ оны есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэлх сар гаруйн хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтад шилжүүллээ. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох, Дарханы гурил тэжээл ХК-ийн чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй элеваторыг 16 тэрбум төгрөгөөр төрд худалдсан үйлдэл, ЭМЯ-ны албан тушаалтнууд хахууль авч тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох гээд олны анхаарал татсан хэргүүдийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлнэ. -Авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн танайхаас баривчилсан хүмүүс удалгүй батлан даалтад гарах, суллагдах нь түгээмэл. Мөрдөн байцаалт, хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ. Хууль, эрх зүйн ямар үндэслэлээр хэргийн холбогдогч нар сул чөлөөтэй болоод байдаг юм бол? -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Энэ хуулиар сэжигтнийг баривчлах болон яллагдагчийг цагдан хорих үндэслэл өөрчлөгдсөн. Өмнө мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хээл хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэнд сэрдэгдсэн сэжигтэн, яллагдагчийг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж шалгах боломжтой байсан юм. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэргийн нийгмийн аюулаас хамаарч хэргийн бодит байдлыг тогтоохын тулд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулдаг байв. Одоо мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх зохицуулалтыг хүчингүй болгосноос авлигын гэмт хэргийн нийгмийн аюулаас хамаарч яллагдагчийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь хорьж саатуулсан этгээдийг суллах гол шалтгаан болж байна. -Хэрэг мөрдөх явцад томоохон албан тушаалтнууд нөлөөлдөг гэх яриа, шүүмжлэл бий. Өмнө нь ийм агуулгатай мэдэгдэл та бүхэн хийж, хэрэгт нөлөөлөх гэж оролдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулж байсан. Олон улсын судалгааны байгууллагын дүн мэдээлэлд ч хэрэгт томчууд нөлөөлөх гэж оролддог гэсэн утгатай дүгнэлт байсан. -Улс төрийн өндөр албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг хуулиар хориглосон. Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд мөрдөгч, прокурор, шүүгчид хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан хууль бусаар нөлөөлөх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг санаархдаг улстөрчид байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний мэдэж буйгаар, тухайлсан хэрэгт улс төрийн албан тушаалтнууд хууль бусаар нөлөөлж, уг нөлөөллийнх нь дагуу гэмгүйг гэмтэн болгосон, гэмтэй нэгнийг хаацайлсан тохиолдол байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явах ёстой, хууль бусаар мөрдөн шалгах нь өөрөө гэмт хэрэг. Иймд хэн нэг албан тушаалтны нөлөөгөө ашиглаж өгсөн хууль бус үүргийн дагуу мөрдөгч шалгаж хэрэгтэн болох замыг сонгохгүй. Тэгээд ч АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа нь холбогдох хуульд заасны дагуу прокурорын хяналтад байдаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгуулсан, шүүхээр шийтгүүлсэн олонх албан тушаалтан хэлмэгдэгсдийн дүр-д хувирдаг. Хулгай хийсэн, төрд болон бусдад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа албан тушаалтан гэж бараг алга. Шалгуулж байгаа албан тушаалтнууд АТГ-ын үйл ажиллагааг бүх талаар харлуулах гэсэн, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэт ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгэмд бий болгож, бидний үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролддог. Энэ явуургүй арга гэдэг нь цаг хугацааны явцад харагдаж байгаа. Улс төрийн намууд болон нэр дэвшигчид сонгуулийн үед гэмт хэргийг, тэр дундаа авлигыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж, сонгогчдод амладаг. Сонгуулийн үр дүнд улс төрийн албан тушаалтан болсон хүмүүс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор АТГ-аас үр дүн шаардах тохиолдол байдаг. -Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад өнөөдөр тулгамдаж буй хамгийн том бэрхшээл юу байгаа бол? -Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад учирч байгаа бэрхшээлүүдийн нэг нь хохирогчийн асуудал. Хувь хүн өөрийнхөө хэтэвчнээс мөнгөө хулгайд алдвал уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тууштай явдаг. Харин авлигын гэмт хэргийн улмаас улс оронд олон тэрбум, их наядаар хэмжигдэх хохирол учирч байхад үүний араас тууштай явах хохирогч тэр бүр байдаггүй. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, төрийн эрх ашгийг тууштай хамгаалах эзэнгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, монголчууд авлигын хор хөнөөлийн талаар хангалттай ойлголтгүйгээс шалтгаалдаг болов уу. Миний хэтэвчнээс мөнгө алдагдаагүй юм чинь гэсэн хандлагаар авилгад хандаж болохгүй. Авлига бол хөгжил цэцэглэлтийн, эрүүл мэндийн, бүтээн байгуулалтын эсрэг гэмт хэрэг. Утаатай тэмцэх зориулалтаар төсөвлөсөн олон тэрбум төгрөгийг хулгайлсны төлөөсийг иргэд эрүүл мэндээрээ төлж байна. Автозамын ажлын төсвийг хулгайлж чанаргүй, нарийхан зам ашиглалтад оруулсны төлөөсийг амиараа төлдөг, бондын мөнгийг эрх мэдэлтэй албан тушаалтнууд завшсаны төлөөсийг та бид, цаашлаад үр хүүхдүүд маань ч үргэлжүүлэн төлөхөөр байгаа. Авлигын хор уршгийг нийгмийн гишүүн бүр асар их үнээр төлж буйгаа ойлгож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд бүх хүнийг, тэр дундаа урлаг, спорт, шинжлэх ухааны алдартнуудыг дэмжлэг үзүүлнэ үү гэж уриалъя. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд томоохон саад учруулдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, оноож байгаа ял шийтгэлийг чангаруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан нь цаг үеэ олсон, авлигатай хийх тэмцэлд ихээхэн дэмжлэг үзүүлэх ажил болж байна. Уг ажлын хэсэг авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад учирч байгаа саад бэрхшээлийг арилгасан хууль батлуулна гэсэн итгэлтэй байгаа. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет-ийн 49 хувьд ногдох хөрөнгө, ашигт малтмалын үнэлгээ 9.3 их наяд төгрөг -Нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн хахууль авсан үйлдэл, эд мөрийн баримтыг танайхан хэвлэлийнхэнд мэдээлсэн. Гэтэл зарим хүн үүнийг хүний эрх зөрчлөө хэмээж байгаа. Тухайн хүний эрх зөрчигдсөн үү, эсвэл тэр авлигачийн үйлдлээс болж ард иргэдийн эдлэх эрх алдагдсан уу. Та үүнд ямар бодолтой явдаг вэ? -Монголчууд нэр хугарахаар яс хугар хэмээн ярьж, нэр төрөө машид эрхэмлэдэг ард түмэн. Авлига бол улс орны хөгжил цэцэглэлтийн, эрүүл мэндийн, бүтээн байгуулалтын эсрэг гэмт хэрэг гэдгийг өмнө хэлсэн. Авлигач албан тушаалтнууд өөрсдийн болон гэр бүл, удмынхаа нэр төрийг ч уландаа гишгэж та бидний, үр хүүхдүүдийн маань ирээдүйгээс хулгайлж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх нь АТГ-ын үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд шүүхээр шийдвэрлэсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны баримтаас олон нийтэд үзүүлсэн. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигачдын гэмт хэрэг үйлдэж байгаа баримт нотолгоог олон нийтэд үзүүлэх боломжтой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээх нь олон улсад тогтсон, хууль ёсны жишиг. Хууль ёсны дагуу, ёс зүйтэй амьдрах нь нэр төр, эрх чөлөөгөө хамгаалах дархлаа юм. Албан тушаалтнууд нэр төр, эрх чөлөөгөө өөрсдөө хүндэтгэж авлигын гэмт хэрэг үйлдээгүй бол ийм бичлэг цацагдахгүй гэдэг нь ойлгомжтой. -Авлигын гэмт хэргийн улмаас улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан гээд байгаа. Ийм их хэмжээний хохирол учирсан гэхээр олон хүн итгэдэггүй. Энэ дүн ямар үндэслэлээр яаж гарч ирэв. Ямар хэргүүдийн холбогдогч нар ийм их хохирол учруулаад байна вэ? -Тус хэлтэс 2019 оны эхний 10 сарын байдлаар 1000 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дотор төр, нийгэмд ноцтой хохирол учруулсан олон хэрэг бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээсээ холбогдох хууль тогтоомж зөрчин татгалзсаны улмаас төрийн эрх ашигт их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй эрүүгийн хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаад дуусаж байна. Монгол Улсын Засгийн газраас томилсон хохирогчдын нэхэмжлэл болон мэргэшсэн үнэлгээчдийн дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанийн 49 хувьд ногдох нийт хөрөнгө болон ашигт малтмалын үнэлгээ нь 9.3 их наяд төгрөг гэж тогтоогдсон нь тус хэлтсээс мөрдөн шалгасан хэргийн хохирлын дүн огцом өсөх үндэслэл болсон. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 03 дугаартай дүгнэлтээр УИХ-ын Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2017 оны хоёрдугаар сарын 10-ны тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнээд, 49 хувийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд ОХУ-ын Ростех корпорацад уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж шийдвэрлэснийг холбогдох байгууллагаас өмнө нь олон нийтэд мэдээлж байсан. -Авлига, албан тушаалын гэмт хэрэг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах талаар та юу гэж үздэг вэ? Хонконгийн их сургуулийн профессор Тони Квокийн ярилцлагад дагнасан шүүх үр дүнтэй гэж дурдсан байсан. -Авлигын гэмт хэргийг дагнасан прокурор, шүүхээр шийдвэрлүүлэх нь авлигатай амжилттай тэмцэх чухал шийдлийн нэг. Индонез, Филиппин, Тайланд, Пакистан, Малайз, Украин зэрэг хүн ам олонтой орнууд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оролдлого хийж байна. Хүн ам цөөнтэй, сайн яривал хоорондоо төрөл садан, хамаатан, хамааралтай болчих гээд байдаг манай улсын хувьд авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой ач холбогдолтой. Аливаа зүйлээр дагнасан хүн илүү амжилт гаргах, эрсдлээс хол байх боломжтой байдаг. Энгийн жишээгээр тайлбарлая. Мэдрэлийн эмч хэзээ ч зүрхний мэс засал хийдэггүй. Тодорхой чиглэлээр мэргэшсэн эмч болохын тулд олон жил суралцаж байж эмчлэх эрхээ авч, уг мэргэшлээрээ л дагнан ажилладаг. Хүний эрүүл мэнд чухал, гэхдээ нийгмийн өвчин болсон авлигыг эмчлэх нь үүнээс дутахгүй чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуульд заасан 209 төрлийн гэмт хэргээр нэг шүүгч бүрэн мэргэших боломж муутай. Монголын шат шатны эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нар бүх төрлийн хэргийг хянан шийдвэрлэдэг. Тэр дундаа орон нутгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын үйлдсэн авлигын хэргийг орон нутгийн шүүх хянан шийдвэрлэж буй нь мэдрэлийн эмчээр зүрхний мэс засал хийлгэж байгаатай адил, мэргэжлийн алдаа гарах магадлал өндөр. Олон жил нэг аймаг, суманд ажилласан танил хүмүүс урьдын тогтоосон харилцаагаараа шүүгчид нөлөөлөхөд илүү хялбар, нөгөө талаас шүүгч өөрийн танилуудад, магадгүй найз нартаа ял шийтгэл ногдуулна гэдэг хүн ёсны хувьд хэцүү байх нь мэдээж. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар орон нутгийн шүүгч, орон нутгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх нь өндөр ёс зүй, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажил. Тийм ч учраас Монголын төр авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэгтэй, хараат бус, бие даасан байгууллагыг 2007 онд байгуулсан. Авлигын гэмт хэргийг мөрдөн байцаах, хянах ажлын эцсийн үр дүнг хэмжих, шударга ёс тогтоох алтан дэнс болсон шүүхийн тогтолцоо урьдын хэвээрээ байгаад дүгнэлт хийж, авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах ёстой гэж боддог. Ядаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг зохицуулалт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. -Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ял хөнгөн, шүүх хэрэгтнүүдийн толгойг илж байна гэж иргэд шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг бол? -Монгол Улсын Эрүүгийн хуулиар авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэл тухайн гэмт хэргийн нийгмийн аюултай харьцуулахад хөнгөн байгаа. Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтан 57.5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт шүүх зургаан сая төгрөгөөр торгох ял оноосон нь үүний бодит жишээ. Малайз улс хахууль авах гэмт хэрэг үйлдвэл авсан хахуулийн мөнгийг нь тав дахин нугалж торгодог. Авлигын гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдвэл 20 жил хүртэл хорих ял оноодог. Австрали улс авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон этгээдэд 10 хүртэл жилийн хорих ял ногдуулж, 1.1 сая хүртэл австрали доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгөөр торгох ял шийтгэдэг. Гадаадын улс орнууд авлигын гэмт хэрэгт өндөр дүнтэй торгуулийн ял оноон, эдийн засгийн аргаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа сайн туршлагыг Монгол Улс нутагшуулбал үр дүнтэй гэж боддог. Г.ЦОЛМОН
6 НЭР ТӨРЛИЙН ЦАЙНД ХӨГЦ, МӨӨГӨНЦӨР ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ТУЛ БУЦААН ТАТАН АВАЛТ ХИЙЛГЭЛЭЭ
2019-11-12 09:36:45 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019.10.28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах Хөвсгөл их тайга ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. Хөвсгөл их тайга ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй