Хорио цээрийн дэглэм тогтоолоо

Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргалаа.. Иймд шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.Мөн ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД АВСАН ГАЗРАА “ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛ”-Д БҮРТГҮҮЛЭЭГҮЙГЭЭС ИРГЭД ИХЭЭХЭН ХОХИРДОГ

/Газар эзэмшигч, ашиглагчдад хүргэх зөвлөмж/ Тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба /хуучин нэрээр/ тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Хэрэв газрыг дундаа эзэмших бол нэг гэрээтэй байж болно.Гэрээ байгуулсны дараа газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл та газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж байгуулбал тэдгээр хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн үг. Газар эзэмшигчийнэрх: 1.Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 2.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах, 3.Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх, 4.Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 5.Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, 6.Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно, 7.Газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах Газар эзэмшигчийнүүрэг: 1. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 2. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 3. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх, 5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 6. Хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх Кадастрын зураглал хийх: Кадастрын зураглалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хийнэ. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр хийлгэсэн кадастрын зургийг аймаг, нийслэл дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хүргүүлэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл өөрчлөлт оруулах шаардлагатай. Эзэмшилд олгогдсон газраа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс үүдэн уг байршилд давхардуулан газар олголт хийх, өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар дээр нь хашаа барьж газрын зөрчил маргаан үүсдэг тул заавалгазрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг анхаарах нь зүйтэй. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ 2.Газрын төлбөрийг төлсөн тухай баримт 3.Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт Хүсэлтийг шийдвэрлэх хугацаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаар: Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл: Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно.

Интернет дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

Уншигчдыг төөрөгдүүлэх цорын ганц зорилготой элдэв худал хуурмаг мэдээлэл интернетэд улам ихээр тархах болсныг судлаачид анхааруулж байна. Гэтэл мэдээллийн үнэн худлыг ялган салгах нь өнөө үед зөвхөн хэрэглэгчийн оюуны чадамж, мэдлэгийн цар хүрээгээс хамаарахаа больжээ. Үүнд нийгмийн хүрээлэл нэлээд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж. Жишээ нь, эргэнд тойронд хэн хүнгүй ам амаа авалцан оцон шувуу улбар шар өнгөтэй гэвэл үүнтэй хамгийн сонор сэрэмжтэй, болгоомжтой хүн ч эцсийн эцэст санал нийлэх талтай болсныг Их Британид явуулсан нэгэн судалгаа харуулжээ. Түүнчлэн аливаа мэдээлэлд итгэх эсэхэд эх сурвалжийн нэр хүнд, байрладаг улс орон нөлөөлөх нь ихэссэн аж. Өдгөө интернет дэх худал хуурмаг мэдээлэл аюулын түвшинд хүрсэн нь хэн дуртай хүнд бусдын толгойг эргүүлэх технологи хүртээмжтэй болсонтой холбоотой гэнэ. Худал хуурмаг мэдээлэл түгээх явдал сүүлийн хоёр гуравхан жилд эрс нэмэгдэн ардчилал, үг хэлэх эрх чөлөө, өрнөдийн хэв маягтай соёл иргэншилд заналхийлж буй бараг л хамгийн ноцтой аюул гэгдэх болжээ. Гэвч эл шинэ аюул заналхийллийн нарийн томъёолол, цар хүрээ, үүнтэй тэмцэх үр дүнтэй аргачлал хараахан бий болоогүй байна. Ер нь хүн төрөлхтний түүхийн бүхий л үед удирдагчид мэдээллийг эрх мэдлээ хадгалан үлдэхэд ашигласаар иржээ. Эрх мэдэлтнүүд худал мэдээлэл, бодит байдлыг гуйвуулсан үзэл суртлын ачаар нийгмийн дэмжлэг хүлээн тэрс үзлийг үндсийг устгаж байв. Ромын эзэнт гүрний хааны суудлын төлөө тэмцэлд Октавиан гэгч Марк Антонийн эсрэг худал хуурмаг мэдээллийн кампанит ажил явуулсны хүчинд ялалт байгуулсан гэж үздэг. Ромын эзэн хаан болсныхоо дараа тэрээр нэрээ Август гэж өөрчлөөд Европ даяар залуужуулан сайжруулж дүрсэлсэн хөрөг зургаа түгээсэн тул түүнийг хөгшрөлтөд өртдөггүй мөнхийн залуу гэх ойлголт тархсан ч гэдэг. Тэгвэл улирч одсон ХХ зуунд бодит байдлыг гуйвуулсан үзэл суртал маш ихээр цэцэглэжээ. Олон нийтийн мэдээллийн шинэ хэлбэрүүдийг ашиглах болсноор нийгмийг ятган сэнхрүүлэх явдал илүү үр дүнтэй болсон учраас тэр гэнэ. Энэ нь дайны үед, нэн ялангуяа нацист, фашист, коммунист зэрэг дарангуйлагч дэглэмүүдэд илүүтэй ажиглагдсан юм. Тиймэрхүү үзэл суртлыг Засгийн газрууд санхүүжүүлэн хянадаг байлаа. Хэдий тийм ч хэсэг хугацааны дараа олон нийтэд үзэл суртлаар нөлөөлөх явдал явуургүй болж, хүч нь сулардаг байсан нь өнгөрсөн зууны түүхээс бэлхнээ харагдана. Юу гэвэл мэдээллийн хэрэгслүүд хэт үзэл сурталжсаныг олон нийт яваандаа ойлгож, нүүрэн дээрээ дэмжсэн дүр үзүүлэх ч, дотроо итгэхээ болин жигшдэг байсан билээ. Тэгээд ч интернетийн эрин эхлэхээс өмнө мэдээлэл түгээн олон нийтийн итгэлийг төрүүлэхэд маш их хөрөнгө санхүүжилт, цаг хугацаа шаардагддаг байжээ. Гэхдээ улс орнууд ямар ч тогтолцоотой бай, тодорхой зохицуулалтын бүтцүүдээрээ дамжуулан мэдээлэл болон мэдээлэл түгээх байгууллагуудыг хянадаг байсан юм. Харин интернет бий болсноор худал хуурмаг мэдээлэл түгэх цөөнгүй саад тотгор үгүй болжээ. Өдгөө ямар ч хүн дурын мэдээлэл үүсгэн түгээж чадна. Олон нийтийн сүлжээнүүдээр элдэв мэдээлэл дамжуулах нь ч улам хялбар болж байна. Фейсбүүк, Твиттер зэрэг сүлжээнүүд хүмүүст байгаагүй маш их мэдээлэл солилцох боломж нээж өглөө. Вордпресс зэрэг контент нийтлэх платформуудын ачаар цахим хуудсыг ганц товчлуур дараад л үүсгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл худал хуурмаг мэдээлэл үүсгэн түгээх бүхий л боломж нээгджээ. Фейсбүүк-ийн хэрэглэгчдийн тоо хэдийнэ хоёр тэрбумаас, Твиттер-ийнх 350 саяас даваад байна. Иймд эдгээр олон нийтийн сүлжээнд өдөр бүр олон цагаар нүдээ өвтгөн суудаг хүмүүс ямар нэгэн байдлаар худал хуурмаг мэдээлэл, тэдгээрийг түгээгчидтэй тулгардаг нь тодорхой. Стэнфордын их сургуулиас явуулсан судалгаагаар, худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудаснуудад зөвхөн АНУ-д л гэхэд өнгөрсөн жил 160 сая удаа орж, агуулгыг нь уншиж сонирхжээ. Анх үүсэхдээ л худал хуурмаг мэдээллийг ямар нэг зохицуулалтгүйгээр түгээгч гэгдэн шүүмжлэлд өртөх болсон нь интернет. Гэвч дэлхийг хэрсэн даяар энэ сүлжээнд сүүлийн хэдэн жилд л бодит байдлыг гуйвуулагч зохион байгуулалттай, системтэй кампанит ажиллагаанууд газар авч, зарим улс орны Засгийн газруудтай холбогдон тэдний захиалгыг гүйцэтгэх болж, ардчилал, нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх болсон гэнэ. Freedom House олон улсын байгууллагын мэдэгдсэнээс үзвэл, Орос, Хятад, Саудын Араб, Казахстан, Венесуэл, Турк, Иран зэрэг 30 орны Засгийн газар өөрт ашигтай худал мэдээлэл тараах явдлыг санхүүжүүлжээ. Худал хуурмаг мэдээллийг үндсэндээ хоёр хэлбэртэй гэж үзэж болмоор. Эхнийх нь ашиг хонжоо хайсан арилжааны шинжтэй дуулиантай контентийн түгээлт бөгөөд гол зорилго нь аль болох олон хүний сонирхлыг татан зар сурталчилгаанаас олох орлогоо нэмэгдүүлэх явдал аж. Нөгөөх нь ямар нэг улсын Засгийн газраас санхүүжүүлдэг бодит байдлыг гуйвуулсан мэдээллийн кампанит ажил. Үүнд мэдээж улс орнууд орлого бус нөлөөгөө нэмэгдүүлэхийг голчилдог байна. Ингэхдээ зохиомол сэдвийг бодит мэдээлэлтэй холин үнэмшилтэй болгохыг хичээдэг ажээ. Хэдийгээр сонин хэвлэл, радио телевиз зэрэг уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд итгэх итгэл буурсаар байгаа ч интернет дахь Фейсбүүк, Твиттер, Гүүгл зэрэг олон нийтийн бa хайлтын сүлжээнүүд өөрсдийг нь мөн адил ирээдүй хүлээж болзошгүйг мэдрэн онлайн мэдээллийн үнэн бодит байдлыг хянах арга хэмжээнүүд авч эхэлжээ. Жишээ нь, Фейсбүүк худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудсуудын зар сурталчилгаанаас олох орлогыг хянах үүднээс мэргэжилтнүүдийн баг ажиллуулах болсон аж. Твиттер ч хуурамч мэдээлэл нэвтрэх сувгуудтай илүү үр дүнтэй тэмцэх аргачлалтай болсноо зарлаж, Гүүгл өөрийн Юүтюб-ийн видеог шалгах шинэ алгоритм нэвтрүүлсэн тухайгаа мэдээлжээ. Юутай ч интернет орон зайн үндсэн тоглогчид ийнхүү худал хуурмаг мэдээлэлтэй тэмцэж эхэлжээ. Энэ тал дээрх эхний алхмууд мэдэгдэхүйц үр дүнд хараахан хүрээгүй ч цаашид интернетийг илүү эмх замбараатай, элдэв аюул заналхийлэл багатай болгох арга олдоно гэхэд найдахаас өөр аргагүй.

М.Батсуурь: Шүүх зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар асуудалд ханддаггүй

ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий Улсын их хурлын гишүүдээс Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг Эрдэнэтийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийсэн. Иймээс үүнтэй холбоотой тайлбар авахаар шүүгч М.Батсуурьтай ярилцлаа. -Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү? -Би Хаад боржигоны Мишигийн Батсуурь. Булган аймагт төрсөн. Шихихутаг, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн, Хуульч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэр бүлтэй, 4 дэх хүүхдээ хүлээж байгаа 3 хүүхдийн аав. Миний эхнэр гаднын хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгдөг хүн бий. Товчоор танилцуулахад ийм л байна. -МУИС-д багшилдаг, хэд хэдэн ном гаргасан гэдгээр хуульч нар их мэддэг юм байна лээ -Тиймээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд захирал Академич С.Нарангэрэл, дэд захирал доктор Н.Лүндэндорж нарын туслахаар ажилд орж, 2009 он хүртэл тэндээ багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Одоо гэхдээ багшлах, ном бичих ажлаа бүрэн орхиогүй байгаа. Шүүгч, хуульч нарт хичээлээ заагаад, номоо гаргаад л яваа. Сүүлд Хуулийн сургуульд сурсан 101 зүйл номыг гаргахад хамтран ажиллалаа. Нийт 20 гаруй ном дангаараа болон хамтран бүтээлцсэн байна. Шүүгч байнга өөрийгөө хөгжүүлэх ёстой учир эрдэм номын ажлаа хаяхгүйг хичээгээд л яваа. -Яагаад сургуулиасаа гарч, Худалдаа хөгжлийн банканд ажиллах болсон бэ? -Би ихэвчлэн онолын хичээл зааж байсан. Учир нь, хуулийн практик надад бага байсан юм. Тийм учраас сургуулиас гарахгүй, давхар ажиллах санаатай хэд хэдэн байгууллагатай уулзаж байснаас Худалдаа хөгжлийн банктай тохиролцож, тэгээд хөдөлмөрийн гэрээ биш, харин контракт гэрээ байгуулаад ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээг бодвол богино хугацаатай, тодорхой асуудал дээр хамтран ажилладгаараа ялгаатай. Харин сургуулийн удирдлага ятгасан учир тухайн үед сургуулиа орхихоос өөр аргагүй болсон. Миний өөрийн сонирхол эхнээсээ л нийтийн албанд байх. Тиймээс гэрээгээ дуусах үед шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, шүүгч болсон. -Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы үеэр өөрийн чинь талаар ярихдаа их залуугаараа карьер хийсэн гэж удаа дараа хэлж байхыг сонссон. -Шүүх нь Улсын их хурал, Засгийн газар шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгөөд, тэнцсэн нь дэвшээд л явдаг байгууллага. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, дээд шүүх гээд шат бүрд нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг Кран шүүхэд байдаггүй. -Өөрийн чинь шийдвэрлэсэн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар их яригдаад байгаа. Шүүгч хүнээс хэргийн талаар хамаагүй асууж болдог юм болов уу? -Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Тэнд шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж, айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохоор үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү шүүхийн шийдвэрийн үндэслэл тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодорно гэж боддог. -Гэхдээ Та ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шүү дээ -Өмнө нь миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би энэнд огт эмзэглэдэггүй. Учир нь, ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага хэнд ч байх ёстой гэж би боддог. Шүүгч, прокурор гээд хуульч нар иймэрхүү гал авахад сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас, би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодохоор шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаана гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгөө зөрчилдөн барин хуулийн дагуу алхаа цохих үе зөндөө тохиолдоно. Гомдсон, хардсан үг болгонд хэвлэлийн бага хурал, ярилцлага, мэдэгдлээр хариу өгөөд явбал хэзээ үндсэн ажлаа хийх вэ? Энд ярилцахыг зөвшөөрсөн учир нь намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын сайд болон Улсын их хурлын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн учир би тайлбар хийх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимбэ сонсогдохгүй гэдэг. Чөлөө олдсон дээр тайлбараа өгсөн нь зүйтэй гэж бодлоо. -Өөрийг чинь Эрдэнэтийн 49 хувийн маргаанд их холбоод байгаа. Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа л даа -Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэсэн урт нэртэй хууль бий. Энд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол 2 жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон. Миний хувьд дээр хэлсэнчлэн, 2009-2011 оны хооронд ХХБ-д ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурал дээр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэгт Худалдаа хөгжлийн банкны талаар огт байхгүй, харин Монголын зэс гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир би бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг. Хэнд ч гэсэн ажил хэргийн холбоотой түүх байдаг л биз дээ. -Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ? -Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид Эрдэнэтийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин Улсын их хурлаас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй хэлцэл хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. Хэлцэл гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол тохиролцоо хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Тэгтэл Засгийн газар тогтоол гаргахдаа Эрдэнэтийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ыг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн. -Тэгэхээр бүртгэлтэй холбоотой маргаан юм байна ш дээ -Тийм. Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ. Улсын их хурлын тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хянасан байдаг. Энэ дүгнэлтэд мөн хэлцэл хийх замаар хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Ийм байхад хүч түрэх байдлаар УИХ, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг зөрчсөн Засгийн газрын дээрх тогтоолыг зөв гэж дүгнэх боломжгүй. Улсын дээд шүүх жишиг тогтоодог. Хэрвээ дээрх алхмыг зөв гэж шийдвэл хожим адил шийдэх учиртай. Хэрвээ нэг өглөө сэрэхэд таны нэр дээр байсан хөрөнгийн бүртгэлийг зөвшөөрөлгүй өөрчилж, эздийг нь томилоод, шүүх үүнийг Үндсэн хуульд нийцэж байна гээд шийдээд байвал хүний эрх талаасаа юу болох вэ? Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэдэг зарчим бол социалист нийгэмд байсан. Одоо зөв зорилгод, мөн зөв аргаар хүрэх ёстой гэсэн зарчим хуулийн ертөнцөд үйлчилдэг гэж би хардаг. Уг нь УИХ-ын гишүүд өөрсдийнх нь баталсан тогтоолыг зөрчсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байхад харин ч шүүхэд талархмаар юм. -Таныг ганцаараа энэ шийдвэрийг гаргасан мэтээр ярих юм -Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлье. Бас нэг зүйл хэлэхэд би танхимын тэргүүний хувьд бүх шүүх хурлыг даргалдаг. Түүнээс сонгож даргалдаг юм биш. Мөн хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх хуультай. Зарим хэрэг миний санал ч байхгүй шийдвэрлэгддэг. Тиймээс намайг удирдаад ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг ХХБ-ны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Би тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банканд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан байхгүй. -Ер нь процесс нь яаж явсан юм бол -Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл иргэн, захиргааны журмаар явж, 3 шатны 9 удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх шүүх хуралд 3 шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд агуулгаараа бүх шийдвэр нь Монголын зэс корпорейшн компанийн талд гарсан. Мэдээж үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр хэлсэн. Тэгэхээр ганцхан М.Батсуурь удирдаад, хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас 3 шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, би ч хичээл заалгаж байсан. Гэхдээ эрдэм огт сураагүй нөхөр байна. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатан дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрд өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч гэдэг хүн чинь Тангараг өргөсөн, асар их бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэр гаргах байсан гэж бодож байна. -Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа Монголын зэс корпорейшн компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт Эрдэнэтийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүртгэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан эсэх нь чухал. Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх байгаа. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт хийх эрх мөн байгаа. Яагаад энэ алхмаа авахгүй, бүртгэл шийдвэрлэсэн маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад, шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улс төрчдөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дундуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл тэмцэлд уриалаад байвал юу болох бол. -Эцгийн чинь компаниар 70 сая ам.доллар орсон, гарсан, тэр компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад оролцсон гээд байсан -Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдээ авсан учир зориуд тодруулсан. Миний аавыг Д.Мишиг гэдэг. Хүмүүс Д.Миша гэдгээр нь сайн таньдаг. Тэр компанид 2011-2015 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая ам.долларын гүйлгээ огт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэл дээрээ энэ тухай зөв хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэл дээр хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан гээд бүүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй, АТГ-т ч гэсэн мэдүүлгээ ингэж өгсөн. Түүнээс Улсын их хурлын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. Миний аав энэ компанид ажиллах байх хугацаанд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлье. -Ажлаа яагаад өгсөн юм бол. -Биеийн эрүүл мэндийн шаардлагаас. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд Дулааны 3 дугаар цахилгаан станцад слесариар ажилд орсноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшин ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүмүүс шиг даргын цүнх барьж гүйгээд сайд болоогүй. 1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Тэрнээс хойш 2015 оныг хүртэл ажиллаж байгаад одоо гэр зуур байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн тодроод л гараад ирнэ. Худал сүржин болов ч хоосон, үнэн алгуур болов ч жинтэй гэдэг үг байдаг даа. -Хэрвээ Та энэ асуудалд хамааралгүй юм бол яагаад нэр бүхий УИХ-ын гишүүд дахин дахин мэдэгдэл хийгээд байгаа юм бол. -Намайг АТГ-д өгнө гэж 3 удаа хурал хийлээ. Одоо өгч байгаа, өгчихлөө гээд хэдэн хэвлэлийн бага хурал хийх юм бүү мэд. Үүнийг хүлээлгүйгээр би өөрөө энэ 70 сая ам.долларын хэрэгт холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч болгож харагдуулаад байгаа асуудлуудаар АТГ-д хандаж байгаа. Иргэний журмаар ч гэсэн нэр төрөө сэргээлгэнэ. Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд хагас дутуу, худлаа мэдээлэл дээр суурилж, иргэдээ төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах боломжийг олгоосой гэж хүсч байна. Миний санаа зовоож байгаа зүйл бол энэнээс илүүтэй өөр ашиг сонирхол байх вий гэдэгт байгаа. -Тухайлбал ямар ашиг сонирхол. -Богино хугацаандаа хуулийн байгууллагуудын удирдлагыг ямар нэгэн зүйлтэй холбон буруутгаж байгаад солиод, өөрсдийн хүнийг байршуулах. Болж байгаа үйл явдлыг хараад байхад Ерөнхий прокуророос ЖДҮХС-ын зээлтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-д оруулах болгонтой зэрэгцээд хуулийнхныг харлуулах юм яваад байгаа нь тун хачирхалтай. Мэдэгдэл хийгээд байгаа гишүүд өөрсдөө ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар огт дугарахгүй байгаа нь бас сонин. Намайг чиглэдэг нь ч тохиолдол биш гэж бодож байгаа. ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг эрүүгийн журмаар явж дийлэхгүй байгаа учраас хэсэг хуульчид үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсныг би дөнгөж мэдсэн. Уг нь шүүгчид нөлөөлсөн бол албан тушаалтныг 10 жил нийтийн албанд томилохгүй гэсэн хууль байсан. Харамсалтай нь Зөрчлийн хуульд оруулах нэрийн дор алга болгосон. Одоо ч шүүгч нар луу дайрах, нөлөөлөхөд улс төрч нарт асуудалгүй болсон доо. -Алсдаа ямар ашиг сонирхол байна гэж. -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал явж байгаа. Энд шүүгч нарыг хугацаатай томилох талаар төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоо байгаа Үндсэн хуулийн ололтоос ухраад зогсохгүй НҮБ-ын баталсан Шүүгчийн хараат бус байдлын зарчим-ыг зөрчсөн зүйл болно. Дэлхий үүнийг туршаад болохгүй гэдгийг ойлгосон учир НҮБ түвшинд чуулж, батлуулсан нь дамжиггүй. Шүүгч хугацаатай томилогдоно гэдэг нь үндсэндээ даалгавар-тай томилогдоно гэсэн үг. Хэрвээ даалгавар муу хийвэл дахиж томилогдохгүй. Мөн прокурорыг Ерөнхий сайдын мэдэлд буюу гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулах санал орсон нь тун буруу гэж бодож байна. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намаас биш, бүх ард түмнээс сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд намын харьяаллаа түдгэлзүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлдэггүй учир шүүгч, прокурорыг томилох онцгой бүрэн эрхийг олгосон гэж харж байгаа. Энэ нь ч зөв гэдгээ харуулж байгаа. Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч, прокурорыг дуудаж хэрэг яаж шийдвэрлэх даалгавар өгсөн гэж би лав сонсоогүй, надад ч тийм үүрэг даалгавар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч өгч байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчид байгаа энэ эрхийг Ерөнхий сайд буюу угтаа ялсан намын даргад өгөх нь том ухралт. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд шүүх эрх мэдлийг харлуулж байх вий гэж санаа зовж байна. -Хэвлэлээр шүүгч нарын талаар янз бүрийн зүйлс л явах юм. -Шүүх бол ардчилсан нийгмийн хамгийн сүүлчийн цайз. Энд худалд туйлдсан хүн үнэнийг эрж ханддаг. Энэ цайз ард түмний итгэл дээр л зогсож байдаг. Энэ итгэлийг эргүүлбэл шүүхийг нурааж, өөрийнхөөрөө шүүхийг байгуулахад л амархан болгоно. Хэрвээ хуульч хүн, тэр дундаа шүүгч гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Тэр нэр дурдагдаад байгаа шүүгч нар өөрсдийн асуудлаар АТГ-т тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа гэж сонссон. Мэдээж шүүгч, прокурорт хүн л болсон хойно алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс санаатай муу зүйл хийгээд явдаггүй байх. Тэрийг засах, сайжруулахын тулд УИХ, Засгийн газартай хамтрахад үргэлж бэлэн. Үйлийн үр гэж юм бий. Зөв, буруу хэзээ нэг цагт тунгаагдана. Шүүгч нар гэмтэй бол үүнийгээ ч мөн л үүрнэ. Эцсийн эцэст бид чинь шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу ялгаагүй, Эрлэг Номуун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ. -Ярилцсанд баярлалаа.

Гадаад хэл сурахад гаргадаг  алдаа

Өнөө цагт хэлгүй бол хөлгүй гэх үг үйлчилж, хүн бүр л хэл сурахаар хэрэндээ хичээцгээж байна. Энгийн ажлын байранд хүртэл хэлний мэдлэг шаардах болсон тул сурахгүй гээд ч хаачих билээ. Гэхдээ олон жилийг хэл сурахад зарцуулсан боловч олигтой сурсан зүйлгүй, толгойгоо гашилгаж буй хүмүүс өч төчнөөнөөр байдаг. Харин бид та бүхэндээ хэл сурахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд тус шинж чанар байдаг бол яаралтай засахыг зөвлөе. Гадаад хэл сурахад гаргадаг түгээмэл 10 алдаа 1 Яг л гэрийн даалгавар мэт хүлээж авдаг Хүн хийж байгаа зүйлдээ дуртай байж л өсөн дэвшиж, өөдлөн манддаг юм шүү. Харин хүмүүс хэл сурахыг гэрийн даалгавар мэт үзэж, ял аятай тусгаж авдаг. Энэ нь маш буруу хандлага юм. Тухайн хэлэнд шунан дурлаж, улам ихийг мэдэхийг хүсэх зэрэг нь л таныг амжилтад хүргэнэ. Ямарваа зүйлсийг хүчээр бус хүслээр сурах нь илүүтэй үр дүн үзүүлдэг шүү дээ. Харин хэрхэн тухайн хэлэнд дурлах вэ? Эхлээд тус улсынхаа үүх түүхийг судалж, давуу чанаруудыг мэдэж ав, цаашлаад хамгийн дуртай гадаад киногоо эх хэлээр нь үз. Энэ мэтчилэн явсаар нэг л мэдэхэд та өнөөх дургүй байсан хэлтэйгээ салж чадахааргүй холбоотой болсон байх төдийгүй дүрэм, шинэ үгс зэргийг ч нэг л мэдэхэд төвөггүйгэх сурчихсан байх болно. Яг л гэрийн даалгавар мэт хүлээж авдаг 2 Ганц аргаар сурах гэж хичээдэг Гадаад хэлийг ганцхан аргаар сурах гэж хүчлэх нь хамгийн буруу алхам юм. Хэдийгээр та олон жилийг гадаад хэл сурахад зарцуулсан байлаа ч зөв арга барил эзэмшээгүй тохиолдолд тухайн хэлээ төгс эзэмшинэ гэдэг юу л бол... Ямар ч хэлийг сурахдаа маш олон аргыг туршиж үзэх хэрэгтэй. Эдгээрийг ээлжлэн туршиж, өөрт хамгийн тохирох 2-3 аргыг сонгон хэрэглэж үзээрэй. Жишээлбэл шинэ үг сурахдаа үүнийгээ өдөр тутмын амьдралтайгаа хослуулж, аль болох эерэг гэгээтэй талаас нь хар. Мөн интернэттэй холбогдож, гадаад хүмүүстэй санал бодлоо байнга хуваалцаж, зөвлөгөө тусламж хүсээрэй. Ганц аргаар сурах гэж хичээдэг 3 Огцом эхлэл Яанаа би одоо хэл сурахгүй бол болохгүй нь ээ, маргаашнаас эхлэе гэхчлэн гэнэт л хэл сурахаар болж, богино хугацаанд бүхнийг мэдэхийг зорих хүмүүс олон. Харин энэ нь амжилтад хүргэнэ гэж бүү эндүүрээрэй. Дээр дурдсанчлан эхлээд тухайн хэлэндээ дурлаж гэмээнэ хэл сурах сонирхол төрдөг юм шүү. Харин зөвхөн шаардлагаар сурах нь толгойд тань удаан тогтохгүй. Бүхэл бүтэн улс орны, хэдэн мянган жилийн түүхтэй эх хэлийг судлана гэдэг тийм ч амар эд биш. Хүмүүс хэлний сургалтанд суугаад л мундаг хэлтэй болчихно гэж буруу ойлгодог. Хамгийн гол нь таны хүсэл, эрмэлзлэлд бүх зүйл бий. Огцом эхлэл 4 Ярихаасаа өмнө хэт их боддог Гадаад хэлээр тухайн орны хүнтэй ямар ч сэдвээр ярьсан, чөлөөтэй ойлголцдог байх нь хэл сурахын гол зорилго билээ. Гэтэл бид ярих гэж тэвдэж сандран, уйлахаас наахнуур л юм болдог. Хэлэх гэсэн үгээ бүгдийг нь бодож, дүрмээ эвлүүлэх гэж хичээдэг. Харин энэ нь маш буруу үйлдэл юм шүү. Юу ч бодох хэрэггүй зүгээр л ярь. Бүр юу ч хамаагүй ярь, яриад л бай. Ингэж байж л тухайн хэлээр төгс ярьдаг болно. Хэрэв дотроо бодоод, төсөөлөөд л байвал та хэзээ ч гадаад хэлээр ярьж сурахгүй гэдгийг хатуухан зөвлөх байна. Ярихаасаа өмнө хэт их боддог 5 Хангалттай сонсдоггүй Хэл сурахад хамгийн чухал зүйлсийн нэг бол сонсох дасгал юм. Бид тухайн хэлийг байнга сонсож, хар яриагаар бол өөртөө нааж өгөх хэрэгтэй. Ингэснээр таны дуудлага засарч, дээрээс нь сонгол сайжрах бөгөөд шинэ үгсийг ч төвөггүй сурна. Хэрэв та дөнгөж хэл сурч байгаа бол эхлээд тухайн хэл дээрх ярилцлага, дуу, кино зэргийг тогтмол сонсож байхыг зөвлөе. Өдгөө хэл сурч байгаа хүмүүсийн ихэнхи нь номтой зууралдаж, дүрмийг голчилж үздэг нь буруу баримтлал юм. Хангалттай сонсдоггүй 6 Өөрийгөө голдог Бидэнд өдөр бүр үл мэдэх гадаад үг тааралддаг. Харин тус үгийг мэдэхгүй тохиолдолд өөртөө гутарч, бухимдаж, толио гарган, үгсээ цээжилж эхэлдэг. Гэхдээ тухайн мөчид цээжилсэн үгс толгойд тань удаан тогтохгүй гэдгийг хэлье. Мэдээж бид бүх үгсийг цээжлэнэ гэж байхгүй. Тэрхүү тоо томшгүй үгс дотроос 50 гаруй хувийг мэдэж байна гэдэг таны хувьд гайхалтай амжилт юм шүү. Мөн үгийг шууд хүчээр цээжилнэ гэдэг бүтэхгүй зүйл бөгөөд ямар нэгэн жишээ, яриан дээр тулгуурлах нь илүү үр дүнтэй. Өөрийгөө голдог 7 Нэгтгэж судалдаггүй Мянга үг цээжилж, дүрэм үзлээ гээд ганц өгүүлбэр гүйцээн хэлж, бичиж чадахгүй бол үүнийг хэл сурсан гэхэд хэцүү. Хэл сурна гэдэг нь яг л эвлүүлдэг тоглоом эвлүүлж, дүрс бүтээхтэй ижил юм. Олон үг мэддэг, дүрмийн мэдлэг өндөр, чөлөөтэй ярьж чаддаг, хэлэхийг хүссэн зүйлсээ гадаад хэлээр цаасан дээр буулгадаг байх хэрэгтэй. Бүхий л зүйлдээ сайн байж гэмээн тухайн хэлийг чадан ядан сурч явна гэж ойлгоорой. Харин бид нарын тухайд хэлийг хэсэгчлэн хувааж авч судалдаг боловч нийлүүлэн, нэгтгэж чаддаггүй сул талтай. Энэхүү алдаагаа яаралтай засч, бүх чадварыг өөртөө суурилуулахгүй бол та шал дэмий цагаа үрж байна гэсэн үг. Нэгтгэж судалдаггүй 8 Үгчилж орчуулдаг Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол үгчилсэн орчуулга. Мэдээж орон орны хэл, болон хэлний онцлог өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тиймээс аль орны хэл рүү орчуулж байгаа гэдгээ сайтар бодож, тухайн орны хүмүүсийн сэтгэхүй, нийгмийн байдал зэрэг нь тааруулан хөрвүүлэх нь зүйтэй. Эхлээд тухайн орчуулгын хэлэх гэсэн санааг ойлгоод, өөрийн үгсийг хавчуулан бичих хэрэгтэй байдаг боловч бид тухайн хэлнээс шууд үгчлэн буулгах нь элбэг. Энэ нь хүмүүсийн чихэнд огтхон ч наалдаггүй бөгөөд тааруу орчуулга гэсэн шүүмжлэлийг хүлээх аюултай. Үгчилж орчуулдаг 9 Өргөлтийг мартаж орхидог Тухайн гадаад үгийг зөв дуудаж уншина гэдэг маш чухал. Хэрэв өргөлтийг буруу хэлвэл тус үг шал өөр утгыг ч илэрхийлж мэднэ. Тиймээс тухайн үгийн өргөлтийг зөв дуудах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь бүр дуудлагаас илүү чухал юм шүү. Та үгийн өргөлтийг зөв хэлж сурахын тулд авиа дуудлагыг сайн судлах хэрэгтэй бөгөөд үг бүрийн өргөлтийг анзаарч цээжлэх ёстой. Өргөлтийг мартаж орхидог 10 Итгэл дутмаг Хүн бүр англи хэлийг сурч эхэлж байсан гэхэд би хувьдаа эргэлзэхгүй байна. Гэхдээ тэдний ердөө 30 хувь нь л цаашид сурах эрмэлзлэлдээ хөтлөгдөж, англи хэлийг төгс эзэмшдэг юм шүү. Үүнээс харахад бид маш шантрамтгай бөгөөд өөртөө итгэх итгэл бага байдаг нь анзаарагдана. Энэхүү дутагдлаа засч, хүрэхийг хүссэн зүйлдээ тууштай хандах нь таныг ямар ч өндөрлөгт гаргаж чаддаг юм. Итгэл дутмаг

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.