САНХҮҮГИЙН ЛУЙВРААС СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛСАН “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн Ятгах тусам нягтал аяны үргэлжлэл болгон Нягтлах тусам аюулгүй аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна. Монголбанк нь энэхүү аянд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготой юм. Иймд олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангаж байх юм. Тус аяны эхний шат буюу Ятгах тусам нягтал аян нь 2020 оны 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл хэрэгжих хугацаанд залилах гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна. Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болоод байна.

ИНФЛЯЦИЙН ТАЙЛАНГИЙН 2020 ОНЫ 3 БОЛОН 4-Р САРЫН ДУГААРУУД

Монголбанк Инфляцийн тайлан-гийн 2020 оны 3 болон 4-р сарын дугааруудыг нийтэллээ. Инфляцийн тайлан нь улирал бүр гардаг боловч мөнгөний бодлогын шийдвэрүүдтэй нийцүүлэн 4-р сарын дугаарыг нэмэлтээр танилцуулж байна. Инфляцийн тайлангаас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 3-р сарын болон 4-р сарын хурлуудад ашигласан суурь тооцооллууд, хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчны нөхцөл байдал, түүнээс шалтгаалан дотоод эдийн засгийн төлөвт гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан харах боломжтой. Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг юм. Та бүхэн инфляцийн тайланг Монголбанкны веб хуудасны Мөнгөний бодлого цэс-нээс буюуэндээстатаж авч, унших боломжтой.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Цутгуурын цехийн өргөтгөлийн явцтай танилцлаа

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай биечлэн танилцаж, заводын ажилтнуудтай уулзлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, өнгөрсөн 2019 оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарлаж, олон том бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авсан. Тэдгээрийн нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажил юм.Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх 5 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж буй. Өргөтгөлийн шинэ технологийн автоматик тохируулга, угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байсан Германы мэргэжилтнүүд ковид-19 вирусын тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийн улмаас ирж чадаагүй. Тиймээс энэ ажлыг заводын инженерүүд өөрсдийн хүчээр дуусгахаар шамдаж, шаардлагатай үед Германы талтай цахимаар холбогдон мэргэжлийн зааварчилгаа авч, үргэлжлүүлж байгаа аж. Өргөтгөлийн ажлын явц сайн байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрээр тус өргөтгөл, шинэчлэлийн үр ашгийн талаар Цутгуурын цехэд энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр тус заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн том дэвшил гарна. Үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Өртөг зардал ч буурах боломж бүрдэнэ. Цаашид ч, Засвар механикийн заводад үе шаттай өргөтгөл шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй уул уурхай болоод ХАА зэрэг бусад салбарт ч эрэлт хэрэгцээтэй импорт орлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлэх алхам болж байна. Цутгуурын цехийн өргөтгөлийн үр дүнд орон зай, талбай болон техник тоног төхөөрөмжийн хувьд ч илүү оновчтой, харьцуулалтгүй шинэчлэгдлээ. Цутгуурын хэсгийн хэв гэдэг бол сэлбэг материал, эд анги үйлдвэрлэх гол хэсэг. Энэ чухал дамжлага амжилттай хийгдлээ. Ингэснээр, Засвар механикийн завод шинэчлэл өөрчлөлтийн тодорхой алхам хийж, цаашид илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах хөгжлийн боломж бүрдэж байна гэж ярьсан юм. Мөн энэ үеэр, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй заводын ажилтнуудтай уулзаж, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар асууж ярилцахын зэрэгцээ хэдийгээр корона вирусын тархалт нь эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлж буй ч Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн юм. М.Балжинням

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн тав дахь дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 4-р сарын 9-өөс 4-р сарын 15-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Гэвч энэ шийдвэр өнөөг хүртэл банкуудад хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөг хүртэл яагаад хангалтгүй байна вэ? 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулдаг байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан (https://www.mongolbank.mn/news.aspx?id=2472tid=1). Харин Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4-р сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байна. Энэ шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжээд явна. Өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарын хүрээнд байгаа зээлүүдийн хувьд зээлийн гэрээний нөхцөлөө өөрчлөөд явж байгаа. Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу? Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй. Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ? Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүссэн. Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд хэвийн зээлийн ангиллыг өөрчлөхгүй байх 90 хоногийн хугацаанд (7-р сарын 31-нийг хүртэл) багтаан банкууд зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ. Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ? Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж банкуудад хүргүүлсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх банкууд дээр хэрэгжээд явна. Хэрэглээний зээл авсан бүх зээлдэгчид зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах уу? Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас (i) зээлийн эргэн төлөлт доголдсон, (ii) орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болж, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу? Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай. Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу? Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно. Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу? Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно. Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу? o Болно. Ялангуяа өмнө нь өндөр Өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч Өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу? o Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой.Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм. o Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой. Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү? o Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.