МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар 1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, 2) эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2020 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна. Шинэ корона вирусын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд эдийн засгийн идэвхижлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно. Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна. МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Банкны салбарын хүүг бууруулж, ЖДҮХС-ийн санг нэмэгдүүлнэ

УИХ-аас коронавирусийн үед хэрэгжүүлэх түр хууль батлах гэж байна. Энэ хуулинд банкны салбарт эрс шинэчлэл хийхээр тусгаад байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Хамгийн гол нь банкны хүүг бууруулна. Эх үүсвэр дээр байгаа хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулна. Яг хэдэн хувь бууруулахыг ярьж байна. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар тусгасан. ЖДҮХС-ийн нөөцийг нэмэгдүүлнэ. Зээлийн баталгааны санг нэмэгдүүлнэ. Ингэснээр ЖДҮ эрхлэгчид нэмэгдэнэ. Нефтийн үнийг бууруулж, тогтворжуулна. МАН-ын бүлэг дээр уг асуудлыг хэлэлцэж байна. Банкны салбарын шинэчлэлд Монгол банкнаас оруулж буй саналуудыг тусгана. Одоогийн нөхцөлд бол нэг банкны хувь эзэмшигч нь 50-60 хувь эзэмшдэг. Үүнийг задалж нийтэд хүртээмжтэй болгох нь чухал. -Зээлийг хойшлуулах шийдвэр гаргасан ч хэрэгжихгүй байна? -УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газар судалгаа хийгээд боломжтой гээд л хэрэгжүүлэхээ амласан. Цаг хугацааны л асуудал бий байх. Тун удахгүй хэрэгжинэ. Ийм үед гарсан шийдвэрүүд хатуу, зарчимтай байх ёстой. -Бүлэг дээр Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцсэн үү? -Яриагүй. -ЖДҮХС-г нэмэгдүүлнэ гэж байна. Шинэ зээлийн эх үүсвэр үү, одоо яригдаж байгаа 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээс гаргах юм уу? -Коронавирусийн үед зарцуулах 5.1 их наядын 3.2 их наядыг зөвхөн ЖДҮ-д зарцуулах тооцоо бий.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, бахархан алдаршуулж байна. 2019 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 37 хувь нь удирдах болон инженер техникийн ажилтан, 63 хувь нь ажилчин, албан хаагчид ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 29 хувь нь механикийн, 35 хувь нь технологийн, 19 хувь нь эрчим хүчний, 5 хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна. 2019 онд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ сайн саналын системээр дамжуулан нийт 137 санал гаргаж, 64 хувийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж, 2 дахь удаагаа сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад бичигдэж байна. 2018 оны сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 121 санал гаргаж, 70 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дугаарт жагсаж, 3 дахь удаагаа тус жагсаалтад бичигдэж байна. Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад 2 цехийн 3 ажилтан таван удаа, 4 цехийн 7 ажилтан дөрвөн удаа, 8 цехийн 14 ажилтан гурван удаа, 9 цехийн 24 ажилтан хоёр удаа бичигдсэн бол бусад 52 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 2118 санал гаргаснаас 1826 санал үнэлэгдэж, 58 хувь нь хэрэгжсэн бөгөөд 40 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Мөн тус жагсаалтын 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэй, 33 хувь нь (24-38 нас) 1-5 жил, 33 хувь нь (30-48 нас) 6-15 жил, 22 хувь нь (38-58 нас) 16-25 жил, 12 хувь нь (46-59 нас)26-аас дээш жил ажилласан ажилтнууд байв. Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Эрдэнэс-Тавантолгой ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.08/ гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хуульчдын холбоо Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх болон дүрэм журмын төсөл боловсруулах талаар зөвлөмж өгөн ажиллах юм. Түүнчлэн бүхий л салбар эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил, зөвлөх үйлчилгээ, олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Энэ үеэр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллахад таатай байгааг дуулгаад Уг санамж бичиг бол хамтын ажиллагааны эхлэл, цаашид олон чиглэлээр хамтран ажиллаж, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.

Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан байдаг ба 2020 онд Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны гэрээнд энэ төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөг боловсруулахдаа харилцан санал солилцож, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Эрдэнэт хотын хөгжилд бодитой хувь нэмэр болох олон ажлыг төлөвлөгөөнд тусгажээ. Орхон аймгийн ИТХ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.