ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТЭД 313 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны 9 дүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олголоо.

МОНГОЛБАНК ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 11.2 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2019 оны эхний 9 сард 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 9 дүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан ньөмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 9 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,726.23 төгрөг байлаа. График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн) График 3. 2019 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

Бүгд найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчдийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өчигдөр /2019.09.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ийн төлөөлөл, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд, БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтаар нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим төслүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар нөөц боломж байгаа талаар талууд санал солилцов. Мөн айлчлалын бүрэлдэхүүнээр Монголд ирсэн 16 компанийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, энэ үеэрээ Монгол Улстай худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох боломжууд бий гэдгийг онцолж хэлсэн юм. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

МАХНЫ ҮНЭ ХЯМДАРЧ ХАНГАМЖ ТОГТВОРЖИЖ БАЙНА

Нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ махыг хямд үнээр худалдааллаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019 үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн Лавай төвийн Лавай хүнсний худалдааны төвд зохион байгуулж, нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа. Үзэсгэлэн худалдаа нь малчид, хоршоодыг зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлж, дотоодын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа. Нийслэлийн хэрэглэгчдийг дундын шат дамжлагагүй, хямд хүнсээр ханган ажилласан уг үзэсгэлэн худалдаанд нийт 22 хоршоо, 21 малчин болон иргэн, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцлоо. Тухайлбал, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас иргэд, хоршоод ирж оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн туршид нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ мах худалдаалсан юм. Үнэ ханшийн хувьд үхрийн ястай махыг 8500, цул 9000-9500, хонины махыг бүтнээр нь 6500, жижиглэнгээр 7500, адууны мах 7000-7500, ямааны мах 6500-7500 төгрөгөөр тус тус борлуулсан. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сардүргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна. Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн махыг зах зээлийн бодит үнээр буюу ченжийн оролцоогүйгээр борлуулж байгаад иргэд талархаж байлаа. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлснээ энэ үеэр мөн хэрэглэгчдэд танилцууллаа. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатайтай танилцаж болох энэхүү системийг өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна. ХХААХҮЯам зөвхөн махны өргөтгөсөн, төвлөрсөн худалдаа бус хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг ADRA, Монгол ногоо төсөл-ийн тариалан эрхлэгчтэй хамтарч зохион байгуулсан. Нийтдээ 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдааны үеэр худалдаалсан. 8 тонн хүнсний ногоо, 195 ширхэг бүтээгдэхүүнийг энэ үеэр борлуулсан юм. Түүнээс гадна, Цагаан идээ, жимс жимсгэнэ, арвайн гурил, зөгийн балаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд амжиллтай оролцож бүтээгдэхүүнээ борлуулсан байна. ХХААХҮЯам, Хөдөө аж ахуйн биржээс махны үнийг бууруулах шат дараатай ажлууд хийж, хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх 10 сард махны өргөтгөсөн худалдааг Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн 11-р сарын дундуур Идэш арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах юм.

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Төрийн мөнгөний бодлого нь Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгалаа. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Тухайлбал, макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онуудад сэргэлт үргэлжиллээ. Энэ нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийсэн цогц реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагаат орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв. Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувийн орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь нийлүүлэлтийн шалтгаантай мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд банк, санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудад эрх бүхий байгууллагатай хамтран нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа. Технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санхүүгийн зах зээлд олноор нэвтэрч, эрх зүйн орчинг нарийвчлан боловсронгуй болгох, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, валютын зохицуулалтыг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь дараагийн нэг тулгамдсан зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна. Үүний зэрэгцээ гадаад өрийн тогтвортой байдал, дунд, урт хугацаанд эргэн төлөх болон дахин санхүүжүүлэх гадаад өрийг шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоогоо дайчлахаас гадна олон улсын байгууллага, донор орнуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хэвээр байна. МОНГОЛБАНК 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.