АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 49 гомдлыг шалгав
2021-04-08 10:55:36 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 3 дугаар сарын 29-04.02-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 10, харьяаллын дагуу шилжүүлсэн 1, зөрчилтэй болох нь тогтоогдсон 3 гомдол, мэдээлэл байв. Одоогоор 35 гомдол шалгагдаж байна. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 133 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 231 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 406 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 273 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа
2021-04-08 10:49:31 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ. Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна. Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамж, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамжийн дагуу тус газарт чөлөөлөлт хийлээ. НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн хамт Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд ажиллаж, шаардлагынхаа биелэлтийг хяналаа
2021-04-05 09:40:44 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМанай улсад ганц гэгддэг Ахмад настны үндэсний төв Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг. Өнгөрсөн сард ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар тус газарт хүний эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож, зөрчлийг арилгуулах Шаардлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлж, биечлэн уулзсан юм. Шаардлагын биелэлтийг тайлагнах хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд ХНХЯ-наас ХЭҮК-ын гишүүнийг байлцуулан биелэлтийг тайлагнав. Юуны өмнө ахмад настны амь нас, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах чиглэлээр харуул хамгаалалт, аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулж, холбогдох журмын батлан мөрдүүлж, тус төв дэх 153 асруулагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болсон, ажлын байрны дарамт үзүүлсэн, асруулагчийн өмчид халдсан зарим албан хаагчид арга хэмжээ авч, цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа. Түүнчлэн гар утас, цахим сүлжээ хэрэглэдэггүй ахмад настнуудад гэр бүлтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлж, тусгай өрөө бэлдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, бүх асруулагчдыг вакцинд хамруулжээ. Тус яамнаас хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх, асруулагчийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтворжуулах үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулж, энэ оныг дуустал ажиллахаар шийдвэрлэжээ. Цаашид Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нэгдсэн асрамжийн төв байгуулах тухай ХЭҮК-ын саналыг дэмжсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх, биелэлтийг шаардах, Ахмад настны үндэсний төвд ажиллаж байгаа эмч, асрагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороонд уламжлахаар болов.
ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ САУН, ФИТНЕССИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
2021-03-31 18:18:56 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйКоронавируст халдвар (Ковид -19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Эрчим хүчний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Н.Тавинбэхээр ахлуулсан шуурхай зохицуулалтын ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Сүхбаатар болон СонгиноХайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, фитнессийн газруудад Ковид-19 халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт шалгалт хийлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 13 саун, 18 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 3 газрын үйл ажиллагаа түр зогссон, 4 газар тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглагдаж байгаа тул нийтэд үйлчлээгүй байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад Блюскай эйжиа ХХКийн саун, бялдаржуулах төв, Эдвэнцэд Натурал Нутришн ХХК-ийн Профид бялдаржуулах төв, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн спорт клуб, Би Би девелопмент хотел ХХК-ийн саун, бялдаржуулах газар, Зиндаа стейт ХХК-ийн Зиндаа фитнессийн газруудад хяналт шалгалтыг хийлээ . Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 5 саун, 12 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 6 газрын үйл ажиллагаа түр зогссон байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад СХД-ийн усан спорт сургалтын төв, Тесо ХХК-ийн Могул бялдаржуулах төв, Иргэн Ц.Отгонтэнгэрийн Замбуулин саун, Гурван мөнх тансаг ХХК-ийн Парайдайз саунуудын халдвар хамгааллын дэглэм, УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд тус тус хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад байгууллага, аж ахуй нэгж нь халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлан ажиллаж байгаа талаар тухайн фитнессийн төвийн ажилтан болон тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс санал сэтгэгдлийг сонсож илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, халдвараас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн Тамгын газраас олон нийтэд мэдээлэх болно. Иймд эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийж үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье. БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй