Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгресс-ын бэлтгэл ажлын талаар байв. Тус конгрессыг зохион байгуулах ажлын хүрээнд ХНХЯ, ЗТХЯ-ныхан нийслэлээс шалтгаалах зарим асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг хотын Захирагчаас хүссэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг хангах, дэд бүтцийг бий болгох зорилгоор зарим явган хүний замын тохижилт, шинэчлэл хийх, хүртээмжийг сайжруулах, засварын ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох нийслэлийн харьяа газруудад хүсч, иргэндээ тэгш боломжийг олгох нь төр засгийн байгууллагад ажиллаж буй бидний эрхэм үүрэг гэдгийг сайд С.Чинзориг хэлэв. Ялангуяа конгрессын үеэр гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийг угтан авах бэлтгэлийг сайтар хангахын тулд Чингис хаан олон улсын нисэх буудлын жорлонгоос эхлээд, хүлээн авах зочид буудлын эргэн тойрон дахь гарц, орц, замын гэрлэн дохионуудыг дуутай болгох, тусгай зориулалтын зам гаргах гээд олон ажил амжуулах шаардлагатай байгааг сайд онцолсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудалтай холбоотойгоор зарим тохижилтын ажлыг эхлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад учруулж буй хашаа, хайсыг буулгаж байгаа гэдгээ хэлээд, мөн конгрессын бэлтгэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авахын тулд холбогдох газруудад чиглэл өгч, хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм. Мөн энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн газрын зөвшөөрлийг эцэслэн шийдэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барих газрын асуудлыг талууд хэлэлцэн, саналаа нэгтгэв. Зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох гэж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн заслын төв нь 250 хүүхдийг хүлээн авч оношлох, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд газрын гэрчилгээ нь Баянгол дүүрэгт байгаа аж. Тиймээс газрын гэрчилгээг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн нэр дээр шилжүүлж өгөх сайдын хүсэлтийг хотын Захирагч уриалгахан хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд эл асуудлыг даруй шийдвэрлэх үүрэг өглөө. Түүнчлэн Партизаны сангийн аж ахуйн ойролцоо газар олгосон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын асуудлыг ч сайтар судалж, нийслэлтэй ойртуулах боломжит байршлуудын саналаа оруулж ирэхийг даалгав. Мөн олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд тал талаас нь хумсалсаар 1200 га үлдсэн тул үүнийг анхааралдаа авах тухай талууд харилцан ярилцаж, нийслэлийн зүгээс тэнд цаашид газар нэмж олгохгүй байх, зарим зөвшөөрлийг нь эргэж харахаар болсноо дуулгасан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон хотын Захирагч С.Амарсайхан нар ийнхүү хүүхэд, гэр бүл, халамж, хөдөлмөр, даатгал гээд тулгамдаад буй олон асуудлаар санал солилцож, гарц шийдлээ хамтран эрэлхийлж ажиллахаар тохирлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдын эд зүйлсийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчидНийслэл хотын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэгбүлэг гурван этгээдүүдийг илрүүллээ. Бүлэг этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилсан байна. Хэргийгшалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурванудаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны 02 дугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

БЗД-т сайжруулсан түлш худалдаалах 3 цэг нээгдсэн байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ.Тус тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан05 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 10 цэг нээгдэж, иргэдийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн билээ. Иймд өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт 28 хорооны Засаг даргад тус тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжид, 23 дугаар хороо сургуулийн 1462А болон 22 дугаар хороо Өлзийтийн 11-159 тоотод тус тус сайжруулсан түлш борлуулах цэг нээгдсэн байна. Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваа зэрэг нийт 7 цэг дээр хяналтын пост 24 цагаар ажиллуулж байгаа юм. Түүнчлэн цаашид сайжруулсан түлш борлуулах цэгийг нийслэлийн хэмжээнд 107 байршилд нээж, 1000тн-оос дээш багтаамжтай 6 агуулах, борлуулах төвүүд албан ёсоор ажиллахаар болсон байна. Иймд та бүхэн түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг хэрэглэн агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ үү

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм.Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг. Харин энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдана гэсэн үг. Гэхдээ 15.7-д заасанчлан Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилжээ.Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгох нь чухал хэмээн албаныхан тайлбарласан. Замын хөдөлгөөний удирдлагын төв

Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг болж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байхаар болж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас санаачлан, Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Түүхий нүүрс хүний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвжүүлэх зорилготой уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, ДЭМБ-ын төлөөллүүд оролцов. Энэ үеэр иргэд, олон нийтэд түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, өртөлтийн талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай сурталчлан таниулах мэдээлэл өгч байлаа. Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлж байгаа түүхэн өдөр тохиож байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сайжруулсан түлшийг иргэдэд түгээх, борлуулах, зориулалтын агуулах барих мөн борлуулах цэгийг барих ажлыг хийж байгаа. Нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонноос дээш агуулах барих ажил явагдаж байгаа. Тавантолгой түлш компанитай хамтраад Улаанбаатар хотын 107 байршилд борлуулалтын цэг байгуулахаар ажиллаж байна. Нийслэлд түүхий нүүрс борлуулж байсан 533 цэг буюу иргэд, аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Тэдэнд бэлэн байгаа агуулах савыг нь ашиглаад, сайжруулсан шахмал түлшээ хадгалах зэргээр байгаа бүх боломжоо дайчлан, хамтарч ажиллах болсон гэв. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн олон оронд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон байдаг. Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг учраас түүхий нүүрсийг хориглох нь зөв шийдэл юм. Түүхий нүүрсний шаталтаас үүссэн химийн хорт бодисын нэгдлээс амьсгалын замын өвчлөлүүд үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Эрүүл мэндийн салбарын хамт олон дуу хоолойгоо нэгтгэж түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзахыг уриалж байна хэмээн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Бид нийслэлийн 10 цэгт сайжруулсан түлшийг борлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу түүхий нүүрсийг орлуулахуйц илчлэг сайтай, шаталт удаан, агаарын бохирдлыг 50 хүртэл бууруулах шахмал түлшийг үйлдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган тонн түлш нөөцөлсөн. Үйлдвэрлэл 24 цагийн тасралтгүй явагдаж байгаа. Ирэх намраас үйлдвэрлэлээс нөөцлөхгүйгээр шууд зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Үнийн хувьд тогтвортой байлгах тал дээр Засгийн газраас үүрэг өгсөн. Үйлдвэрт боловсруулж, жигнэх аргаар хорт бодисуудыг багасгаж байгаа. Бүх төрлийн зууханд хэрэглэж болно гэв. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгүүдийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөжээ. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айл өрхийг түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгоно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.