“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд ингэж өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар Авто машингүй өдөр зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд Улаанбаатар марафон-2019 гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж. Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

Сонгинохайрхан дүүрэг стандартын шаардлага хангахгүй караоке баараар дүүрлээ

Улаанбаатарт соёл, урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний зөвшөөрөл жилдээ 300 орчим гардаг байна. Үүний 200 нь караоке. Манайд зөвшөөрөл олгодог, хяналт хийдэг байгууллагууд нь өөр хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг. Үүний тод жишээ нь орон сууцны нэгдүгээр давхарт болон нийслэлийн захын дүүргээр байрлахкараокенууд юм. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, танил тал, хээл хахууль өнөөх болдоггүйг ямар ч аргаар хамаагүй болгочихдог жишгийг улам гааруулсаар. Ямартай ч оршин суугчдын тав тухыг ихээр алдагдуулдаг орон сууцны нэг давхрын үйлчилгээний газруудтай холбоотой асуудал болон орон сууцтай хэт ойролцоо байрлах үйлчилгээний шаардлага хангахгүй караоке газрууд олон болж иргэдийг бухимдуулж байна. Харин төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж, ямар шат дарааллаар цэгцлэх нь одоогоор тун бүрхэг байна. Угтаа бол энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй газрууд үйлчилгээний стандартыг өндөрөөр сахин баримталж явуулах хэрэгтэй ч хотын захын дүүргүүдэд жижиг газруудад үйлчилгээний стандарт гээч зүйл нэг ч алга гэхэд болно. Үүний нэг жишээ нь нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн бүс нутаг гэж хэлж болно. Ганц жишээ дурьдахад тус дүүргийн зөвхөн 19-р хороонд л гэхэд баар болоод караоке нэртэй иргэдийг архидуулах газруудыг автобусны буудал, орон сууцны нэгдүгээр давхар гээд өнцөг булан бүрээс харж болно. Иргэдийг таатай орчинд тухтай үйлчилгээний соёлтой газруудаар үйлчлүүлж байвал хэлэх зүйл алга. Гэтэл энэ дүүргийн уушийн газрууд хэтэрхий мөнгө харж, иргэдийг зүгээр л архинд оруулах гэсэн зорилготой мэт. Уг нь бол энэ төрлийн газрууд нь үйлчилгээний стандартыг хангаж, тохилог таатай орчинд бүрдүүлж, үйлчлүүлэх ёстой атал тийм зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд л жишээг дахин дурьдвал тус бүс нутгийн 5 орцтой нэг байрны зөвхөн ганц орцны харалдаа л гэхэд хоёр зочид буудал, гурван үйлчилгээний төв, долоон караоке бие биенийхээ өөдөөс харан үйл ажиллагаа явуулж байх жишээний. Энэ бүх газраар үйлчлүүлсэн иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, орон сууцны иргэдийн аюулгүй байдал, тав тухыг үргэлж алдагдуулна. Харин энэ бүхэнд цагдаагийн хяналт ч алга. Энгийн нэг жишээг дүрс бичлэгээс харуулахад энэ байна. Ойр орчимд байгаа орон сууцны орц руу согтуу иргэд орж тамхи татах, булан тохиод нь шүлс, шээх гэх мэт үзэгдэл энгийн. Зодоон, хашгиралдах гэх мэт зүйл байнга л өдөр тутам гарна. Энэ мэтээр шөнө оройн цагаар иргэд гэртээ ч орохдоо айдастай байх болжээ. Ганцхан байрны эргэн тойрны байдал иймэрхүү байхад тус дүүргийн хамаарал бүхий албаныхан энд анхаарал хандуулах хүн алга. Иргэдийн амгалан тайван байдлыг алдуулаад байгаа эдгээр газрын талаар гомдол мэдүүлэхээр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх үгээр ам тагладаг. Түүнчлэн Нийслэлийн Захирагчийн албанаас стандартын шаардлага хангахгүй энэ мэт жижиг караоке баарнуудад үйлчилгээ явуулах эрхийг олгохоос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн Нийслэлийн соёлын газар ч зөьшөөрөл олгосон газруудаа эргэн харж хяналт тавин арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Тэгэхгүй бол иргэдийн амар тайвныг эвдсэн караоке газруудын байдал хэрээс хэтэрлээ. Иргэдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх газрууд хэдий байх хэрэгтэй орон сууцны дунд байрлах энэ мэт жижиг газруудыг шат дараалан цөөлж, зохих дүрмээ биелүүлэхийг холбогдох эрх мэдэлтнүүдэд уламжилж байна.

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм. Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй. Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр борлуулж эхэллээ. Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг мөн давхар хэрэгжүүлж байна. Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөдялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгсөн байна. Цахим санал асуулгад хамрагдсан 6 дүүргийн оролцоог ангилан авч үзвэл: Санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс ирэх 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ. Санал асуулгад оролцсон нийт дүнгийн мэдээлэл болон зарим судалгааны мэдээллийг дараах графикуудаас харах боломжтой. График 1. Насны хувьд авч үзвэл: График 2: Хүйсийн хувьд авч үзвэл: График 3:Гэр хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал: График 4: Орон сууцны хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал: Ийнхүү ухаалаг утасны Smart UB аппликейшнийг ашиглан цахимаар саналаа өгснөөр иргэдийн цагийг хэмнэж, санал авах механизмыг хялбарчилсан, ил тод, нээлттэй санал асуулга болж чадсан хэмээн албаныхан үзэж байна. Иргэдээс ирсэн саналуудыг тухайн дүүргийнхээ ИНХ-аар хэлэлцэж, эрэмбэлэх юм. Дэмжигдсэн ажлуудыг 2020 онд ОНХС-ын хөрөнгөөр тухайн дүүрэг хороодод хийж гүйцэтгэх аж. Ирэх 2020 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын санал асуулгыг Smart UB аппликейшнийг ашиглан нийслэлийн 152 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байнагэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Х.Баттулга: Харамсалтай нь, гэр бүл бүрт амар амгалан оршихгүй байна

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Гэр бүлийн үнэ цэн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ. ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая. Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна. Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна. Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна. Энэ тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар Хүүхэд хамгаалагч төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна. Үүний зэрэгцээ ЗӨВ ТУСГАЛ хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл ньЗӨВ ТУСГАЛ хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна. Гэр бүлийн үнэ цэн зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. Айл бүхэн амгалан жаргалантай, хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөнийг нээж албан ёсоор үг хэлснийхээ дараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь иргэн бүрийн оролцоо гэдгийг дахин цохон тэмдэглээд ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриаллаа. Зөвлөгөөн эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.