Ц.Баасанжав: Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт
2021-10-18 12:02:23 Нийтлэгдсэн: Нийгэм -Нийслэлийн тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор- Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн босгон дээр хотын ахмад даргатай хуучилснаа та бүхэндээ хүргэе. -Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Шинэ хууль ирэх 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийг шинэчлэн баталснаар нийслэлийн хөгжил, дэвшил болоод нийслэлчүүдийн ажил, амьдралд дэвшил авчирна гэсэн хүлээлт байна. Та хэрхэн харж байна вэ? -Улиран одсон 27 жилд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөн. Хууль, эрх зүйн хувьд ч шинэчлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн нь мэдээж. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт. УИХ-аар хууль батлуулна гэдэг бол хялбар хэрэг биш. Анхны хуульд Нийслэлийн Засаг даргабөгөөдУлаанбаатар хотынЗахирагч нь Засгийн газрын гишүүн байна гэсэн заалт оруулах гээд дийлээгүй. Хотын дарга Засгийн газрын гишүүн байх нь олон талын ач холбогдолтой. Төрийн яамд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа төр засагт асуудал тавихдаа Хотын даргын саналыг заавал авна. Хоёрдугаарт, хоттой холбоотой шийдвэр гаргахад Ерөнхий сайд болон Хотын дарга тогтоол дээр гарын үсэг зурна. Гуравдугаарт, хоттой холбоотой аливаа асуудлыг УИХ, Засгийн газарт Хотын дарга өөрөө оролцуулж танилцуулна гээд олон талын сайн талтай.Хотын дарга гэдэг бол иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг хүн юм. Эрчим хүчний сайд цахилгаан, дулааны үнээ нэмнэ гэхэд Хотын дарга бол цалин, тэтгэврээ нэмээгүй байхад цахилгаан, дулааны үнийг нэмэх ёсгүй гэж дуугарч байх ёстой хүн. Тийм учраас Засгийн газрын гишүүн байх ёстой юм. Баян байлаа гээд хоёр нийслэлтэй улс дэлхийд байхгүй. Цор ганц хотод нийслэлийн үүргийг үүрүүлэлгүй, нэгээс нөгөөд шилжүүлээд явдаг улс орон ч цөөнгүй. Тиймээс энэ хууль бол зөвхөн Улаанбаатарт хамаатай бус. Нийслэлийн чиг үүргийг хүлээж байгаа хотод л хамаатай. Магадгүй Эрдэнэт хот хэзээ нэгэн цагт нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж болно. Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль энэ бүхэнд хөрвөн үйлчлэх чадвартай байх ёстой гэдгийг тодотгоё. -Хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн гэж та яриандаа дурдаж байсан. Одоо ч тийм л байгаа даа. -Нийслэл хот бол улсдаа аль нэг аж ахуйн нэгж, үйлдвэрээс хувь илүү оролцоотой байдгийг зориуд хэлмээр байна. Хүн амын тал хувь нь аж төрдөг, үйлдвэр аж ахуйн газар, татвар төлөгчдийн олонх нь байршдаг, 382 жилийн түүхтэй хотыг аль нэг үйлдвэртэй, аж ахуйн нэгж, компанитай зүйрлэх аргагүй. Манай урдаа барьдаг эдийн засагчдын нэг М.Лувсанчоймбол гуай Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа Энэ хотын даргын ажил чинь асар хүнд юм. Дэргэд нь гурван яамны ажлыг өлхөн хийчих юм байна гэж хэлж байсан удаатай. Ямар ч яамны ажлын 60-аас дээш хувь нь хоттой холбоотой байдаг. Хамаг сор болсон бүхэн Улаанбаатараас эхтэй гэдгийг л онцолъё. Өнгөрснийг өнөөдрийн өндөрлөгөөс харж дүгнэх боломжгүй -Та Улаанбаатар хотын 25 дахь дарга. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг албан тушаалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болгон өөрчилснөөс хойш томилогдсон анхны даргын хувьд энэхүү албан тушаал, нэршлийн өөрчлөлтийн талаар ярилцвал сонин болов уу? -1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, орон нутгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, чиг үүргийг салгасан юм. Түүнээс өмнө иргэдийн хурал, захиргаа хоёр нэг, Хотын дарга хурлаа ч хариуцдаг, хотоо ч хариуцдаг байсан. Улаанбаатар хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг нэршилтэй байсан. Аймагт ч мөн адил. Шинэ Үндсэн хуулиар хурал, захиргааны чиг үүргийг салгасан. Хурал бол хэвтээ тогтолцоогоор өөрөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулна, Нийслэлийн иргэдийн хурал /НИТХ/ нь дүүргийн Иргэдийн хурал /ДИТХ/-ыг удирдахгүй, дотоод асуудалд оролцохгүй, шат шатны хурлын байгууллагууд бие дааж ажиллана. НИТХ-ын төлөөлөгчид иргэдээс сонгогддог. Харин хотын захиргаа төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, НИТХ-аас нэр дэвшүүлсэн Хотын даргыг Ерөнхий сайд батламжилдаг тогтолцоонд шилжсэн. Энэ хоёрын хослол дээр орон нутгийн удирдлага үйл ажиллагаа явуулдаг шинэ тогтолцоо 1992 оноос хэрэгжсэн бөгөөд энэ утгаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан тушаалын хувьд анхдагч нь би байдаг юм. -Хууль, эрх зүйн хувьд шинэчлэл өөрчлөлтийн эхэнд, нийгэм, эдийн засгийн хувьд шилжилтийн цаг үед та Хотын даргаар томилогдон ажиллажээ. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тухайн цаг үед хотыг удирдахад тулгамдсан асуудал юу байв. Хот хэдий хэрийн хүн амтай байсан бол? -Тухайн үед Улаанбаатар хот 700 мянга орчим хүн амтай байсан. Улаанбаатар хотын худалдаа, нийтийн хоол, барилгын салбарыг бүрэн хувьчилсан, улсын үйлдвэрийн газрууд хувьчлалаас болж тарж бутарчихсан хүндхэн үе байлаа. Аж үйлдвэрийн комбинат л гэхэд 10 мянга гаруй ажилтантай, эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 24 цагаар ажилладаг маш том үйлдвэр байсан. Гэтэл хувьчлагдаад тарсан. Зах зээлийн эдийн засгийн эхлэл суурь тавигдаж, хувийн хэвшил дөнгөж үүсээд, бэхжиж амжаагүй байсан үе. Хамгийн тулгамдсан асуудал бол хүнсний барааны хомсдол. Дэлгүүрийн лангуунд хөх давс, гоймон хоёроос өөр юмгүй, картын барааны үе гэж хүмүүс ярьдаг. Тэр бол үнэн. Хүн амын хүнсний гол нэрийн барааг талоноор олгодог тийм л үе байлаа. Тэрхүү бэрхшээлээс гарах үүднээс Улаанбаатар хотод анх хүнсний захуудыг бий болгосон. Найман зах нээсэн нь хүнсний барааны нэр төрлийг олшруулж, үнийг тогтворжуулах ач холбогдолтойн дээр ажилгүй болсон олон хүнийг ажлын байртай болгосон. Хүнс, барааны дэлгүүрүүд хувьчлагдангуут хувь хүмүүс хорогдол ихтэй хүнсний барааг худалдаалахаас цааргалж эхэлсэн. Тиймээс бид өргөн хэрэглээний найман нэрийн дэлгүүр гэгчийг санаачилж, өдөр тутам заавал худалдах хүнсийг зүйлчлэн зааж, тэдгээрийг зарж буй тохиолдолд зөвшөөрөл өгөхөөр тогтсон юм. Энэ шаардлагын дагуу анх найман нэрийн дэлгүүр нээгдсэн хэрэг. -Зах, дэлгүүр төдийгүй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ч тэр үед нээгдсэн санагдана? -Тухайн үед хүмүүс гар дээрээс наймаа хийдэг байлаа. Ялангуяа хүнсний барааг гар дээрээс худалдаалах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Бүр болиулах гэхээр хэсэг хүмүүс ч атугай амьжиргаагаа залгуулах шаардлагатай тулгарсан. Тийм учраас зарим газарт ТҮЦ байгуулсан. ТҮЦ байгуулснаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зарлаа гэхэд хариуцлага тооцох эзэнтэй болж байгаа юм. Хүмүүсийн эдийн засгийн боломж, бололцоо ТҮЦ байгуулах хэмжээнд л байсан даа. Үүнээс үүдэн хэлэхэд, өнгөрсөн үеийг ярих, дүгнэхдээ гурван зүйлд анхаарах ёстой. Өнгөрснийг өнөөдрийн өндөрлөгөөс харж дүгнэх боломжгүй. Тиймээс нэгдүгээрт, нийтийн чиг хандлага ямар байв, хоёрдугаарт, нийгмийн гишүүд ард иргэдийн хүсэл эрмэлзэл, сонирхол юу руу чиглэж байв, гуравдугаарт, тэр үед үйлчилж байсан хууль нь ямар байв гэдгийг харж, өнгөрснөө үнэлж, дүгнэх хэрэгтэй. Эс тэгвээс учир дутагдалтай. -Нийслэл хотын нийтийн тээврийн асуудал тухайн үед ч хүндхэн байсан гэдэг. -Тэгэлгүй яах вэ. Нийтийн тээвэр хувьчлагдчихсан. Чех Улсаас оруулж ирсэн гурван хаалгатай улаан алаг карасо автобуснууд хуучирсан, парк шинэчлэх шаардлагатай байсан. Хувьдаа машинтай хүн маш ховор учир Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврээр л зорчдог байлаа. Өдөрт 200-300 мянган хүн автобусаар зорчдог байв. Тиймээс Япон, Солонгос Улсаас автобус оруулж ирж парк шинэчилж байсан. Шинэ автобус оруулж ирэх гэж их зам туулсан, зарим хэвлэлд шүүмжлүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан хотын удирдлагууд, ажилтан, албан хаагчид бол ард түмэн, улс орныхоо төлөө ар гэрээ зөнд нь хаячихаад зүтгэдэг тийм л хүмүүс байсан даа. Бидний хүмүүжил ч тийм л байлаа. -Хотын эдийн засаг ямархуу байсан бол? -Маш тодорхой шүү дээ. Төсөв мөнгө одоогийнхтой бол зүйрлэх юм биш. Зээл, тусламж ч элбэг биш. Дээрээс нь зээлээс эмээдэг байв шүү дээ. Би одоо ч зээлийг сайшаадаггүй. Хот жоохон хөрөнгө мөнгө олохоор Сангийн яам төвлөрүүлээд авчихдаг. Тэгсэн хэрнээ хот гэрэлгүй байна, хогтой байна гээд шүүмжлэх нь их. Бүгдийг хот руу нялзааж ярьдаг байлаа. -Хангарди бол Богд уулын шүтээн учирУлаанбаатар хотын сүлд болгосон- -Нийслэл хотын түүхийг 1639 оноос буюу үндэс угсаанаас нь хөөн тэмдэглэх шийдвэрийг та санаачилж байжээ. Ингэж шийдэх болсны учир юу вэ? -1924 онд анхдугаар Үндсэн хууль баталж, нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсэн үеэс хотын түүхийг тэмдэглэж байсан. 1994 онд хот байгуулагдсаны 70 жилийн ой тохиох байв. Тэрхүү ойн өмнө нийслэл хотын түүхийг тэртээх 1639 онд байгуулагдсан үеэс түүчээлэн тоолох ёстой гэсэн саналыг дэвшүүлж батлуулан, нийслэлийн 355 жилийн ойг анх тэмдэглэж байсан юм. Учир нь Улаанбаатар бол Нийслэл хүрээг өөрчилж шинэчлэн өгсөн нэр. Нэр өөрчлөгдөх бүрд түүх өөрчлөгдөх учиргүй гэж үзсэн юм л даа. Тэгээд хотын захиргааныхан маань хотынхоо уг түүхийг судалсан. Судлаад үзэхээр нийслэл хот анх 1639 онд Өргөө нэртэйгээр шаваа тавьсан. Өргөө хот маань нэрээ хэд хэдэн удаа сольж, бууриа ч хэд сэлгэж. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар гэж таван удаа нэрээ сольсон байна. Тиймээс анх байгуулагдсан үеэс түүхээ тоолъё гэдэг санаачилга гаргаж, нийслэл хот анх үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойг тэмдэглэх саналыг Засгийн газарт гаргаж, батлуулан тэмдэглэсэн. Хүнээр бол Хөвсгөлд төрсөн хүн Архангай, Өвөрхангайд нүүж суурьших бүрээр нас болоод уугуул нутгаа тоолдоггүй, Хөвсгөлийн уугуул тэдэн настай хүн л гэдэг биз дээ. Үүнтэй адилтгасан хэрэг. Ой тэмдэглэнэ гэдэг бол баяр ёслол гэхээсээ илүү гадаад, дотоодод хотынхоо нэр хүндийг өсгөх, ажил амьдралыг ойлгуулах, бүтээн байгуулалтад хотын иргэдийг дуудах зорилготой байх юм. -Нийслэл хотын түүхийг анх байгуулагдсан үеэс бататгаад зогсоогүй та нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн тогтоож, хотын сүлд, сүлдэт туг бий болгож, нийслэлийн өдрийг товлож байжээ. -Яг анхны санаа бол Дэлхийн нийслэл хотуудын дарга нарын уулзалтаас төрсөн. Энэхүү уулзалтад би гурван удаа оролцсон байдаг юм. Уулзалт бүр дээр дэлхийн нийслэл хотуудын танилцуулгаар ном бэлтгэн тараадаг. Уг номд нийслэл хотууд урт удаан түүхтэй байхын дээр хотынхоо нутаг дэвсгэрийн зургийг, туг, сүлдээ тавьж, Хотын дарга нар нь хүзүүндээ гэрэгэ зүүчихсэн сүртэй зураг нийтлүүлснээс санаа авсан юм. Тэгээд юун түрүүн хуультай болгохыг зорьсон. 355 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэл хот Үндсэн хуульд заасанчлан хуультай байх ёстой гэж үзээд, УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг өргөн барихдаа нийслэлийнхээ нутаг дэвсгэрийг баталгаажуулсан онцлогтой. Ингэхдээ Төв аймгийн нутагт байсан Зөвлөлтийн цэргийн ангийн байршиж байсан нутаг, одоогийн Жаргалант буюу Партизаны сангийн аж ахуйн нутаг зэрэг алсын дүүргийн нутгийг Улаанбаатар хотын нутагт тооцуулан авч батлуулсан юм шүү дээ. Тухайн үедээ маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан даа. Уг нь би өөрөө Төв аймгийн хүн шүү дээ. Гэсэн хэдий ч Налайх, Багануур, Багахангай зэрэг алсын дүүргийн иргэд нь Улаанбаатарынх, газар нутаг нь Төв аймгийнх байж болохгүй, Үндсэн хуулийн зөрчил байна гэж зүтгэсээр газар нутгийг тэлж чадсан. Нөгөөтээгүүр, Налайх, Багануур, Багахангай зэрэг алсын дүүргийн хувьд дагуул хот, тосгон гэвэл нь нутаг дэвсгэртэй байх боломжгүй, дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир өөрийн гэсэн газар нутагтай байх боломж бүрдсэн гэсэн үг. Багануурыг хот болгожээ гэхэд нутаг дэвсгэр дэх хот болохоос өөрийн гэсэн нутаг дэвсгэргүй үлдэх байсан. Хоёрдугаарт, дүүрэг гэснээр нутгийн захиргааны байгууллага буюу ДИТХ-тай байгаа юм. -Хангардийг хотын сүлд болгосон нь ямар учиртай вэ. Могой атгачихсан, догшин дүртэй домгийн шувууг сүлд болгосон нь буруу гэж шүүмжлэх нь бий. Утга бэлгэдэл талаас нь тайлбарлаж өгнө үү? -Биднийг сүлд болгон дээдлэхээс ч өмнө 1950 онд Бямбын Ринчен гуай Үнэн сонинд нийслэл Улаанбаатар хотын сүлд бол Хангарди гэж бичсэн нь бий. Богд уулын шүтээн нь Хангарди төдийгүй дээрээс нь харвал Хангардийн дүрстэй гэдэг юм билээ. Дээр нь нийслэлийн төв хэвлэл Улаанбаатар сонины лого нь Хангардийн дүрстэй байдаг байсан. Энэ бүхнээс үүдэн Хангардийг сүлд болгон дээдэлсэн. Хувь хүнийхээ хувьд би дуртай байгаагүй. Яагаад гэвэл, аливаа хотын сүлд агуулга сайтай, хийж хэвлэхэд хялбар байх ёстой гэж үзэж байсан. Гэвч НИТХ-аар хэлэлцэж баталсан. Зургийг зураач Р.Лхамсүрэн зурсан юм. Анхны зургаар соёмбо тэмдэг хангардийн гэдсэн дээрээ, сарвуун дахь могой нь амандаа зуулттай байсан. НИТХ-ын төлөөлөгчид соёмбыг магнайд нь байршуулж, могойг сарвуунд нь байлгая гээд хотынхоо түлхүүр, бадамлянхуа цэцэг хоёрыг гарт нь атгуулж, хүзүүн дэх эрхийг бэлгэдлийн тоо бүхий 13 ширхэгтэй байхаар баталсан. Хотынхоо сүлд, тугийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульдаа оруулж баталгаажуулснаар өнөөг хүртэл уламжлагдан ирсэн юм. -Нийслэлийн хүндэт иргэн гэдэг хүндтэй цолыг та санаачилсан. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нараас эхлээд отгон шагналыг Олимпын аварга Э.Содномпилжээ хүртжээ. Нийтдээ 21 хүнд өгөөд буй энэхүү шагналын нэгийг 2011 онд танд өгсөн байдаг? -Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад хүндтэй гавьяа байгуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүн Нийслэлийн хүндэт иргэн болно гэж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байгаа. Зарим хүн Нийслэлийн хүндэт тэмдэгтэй андуурдаг тал бий. Хүндэт иргэн бол том шагнал. Нийслэл хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн. Тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах нь ховор. Бүтээгээд өгснийг эзний ёсоор эзэмшдэггүй. Дээрээс нь нийслэлийн бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс үнэлэгддэггүй. Яам, газрууд, хөдөө орон нутаг, аймаг, суманд ажиллаж буй хүмүүс төрийн одон шагнал хүртэх нь олон. Хотын хог шороотой ноцолдсон хүмүүс хоцорч үлдээд байдаг. Ганц жишээ дурдъя. Нийслэл хотын 355 жилийн ойгоор хотын харьяа газар, алба агентлагуудаас ердөө наймхан хүн л төрийн одон медалиар шагнуулж байсан гээд бод доо. Тиймээс хотын төлөө зүтгэж буй хүмүүстээ урам өгье гэж бодсон хэрэг. Би өөрөө 2011 онд 11 дэх Нийслэлийн хүндэт иргэн болсон. Нийслэл хотын хөгжлийн төлөө 30-аад жил зүтгэсэн хүний хувьд баярлаж байлаа. Нийслэлийн хүндэт иргэн шагналын эхний хоёрыг нь Улаанбаатар хотын даргаар үр бүтээлтэй 12 жил ажилласан С.Мөнхжаргал, хотын хөгжлийн төлөө 21 жил зүтгэл гарган ажиллаж, Улаанбаатар хотын гурван удаагийн ерөнхий төлөвлөгөөг зохиосон, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Алтангэрэл нарыг шагнаж байсан юм. Түүнчлэн ам нээсэн дээрээ хэлэхэд, олимп, тивд нэрээ гаргасан баахан тамирчид, хөгжмийн зохиолчдыг Нийслэлийн хүндэт иргэн болгосон нь хуульдаа бол нийцэхгүй л байгаа юм. Хуульд зааснаар нийслэл хотын бүтээн байгуулалтад оролцсон, хотын төлөө зүтгэсэн хүнд очих ёстой. Үүнийг цаашид анхаарах л ёстой юм. Аливаа шагналыг өгөхгүй хүнд өгснөөс нэр хүнд нь буурч, ач холбогдол алдагддаг тал бий шүү. М.Сура
Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно
2021-10-18 11:51:19 Нийтлэгдсэн: Нийгэм Зайсан хилл цогцолборт зохион байгуулсан Камертон хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд Хариуцлагын гэрээ-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байгаа. Зургаадугаар сард Хариуцлагын гэрээ байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан. Камертон хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. Собт трейд компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн Зайсан хилл цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, Хариуцлагын гэрээ-г шинээр байгуулсан юм. Мөн есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Хариуцлагын гэрээ-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Хотын даргын хувьд аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно хэмээлээ. Р.Отгонжаргал: Собт трейд компанид шалгалт хийж байна Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хойш хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол хяналт, шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар Собт трейд компанид Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг тавьж, холбогдох хариуцлагыг тооцно хэмээн ярьсан. Л.Эрдэнэчулуун: Тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Зайсан хилл дотор байрладаг Собт трейд компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, Хариуцлагын гэрээ байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид Собт трейд компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй хэмээн ярилаа. Мөн Зайсан хилл-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо. Т.Баярхүү: Хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй, хариуцлага тооцно УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү УОК, Засгийн газар шат шатандаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжээд ажиллаж байна. Гэхдээ халдварын тархалт өндөр байгаа учраас аль болох шат шатандаа хариуцлагатай, Хариуцлагын гэрээ, тусгай нөхцөл, шаардлагыг баримталж ажиллах ёстой. Хамтын хүчээр халдварын ард гарна уу гэхээс биш, нэг үйл ажиллагааг хязгаарлаад, нэг талыг бариад ажиллаад байх боломж байхгүй. Бид аль болох үйл ажиллагаануудыг нээж байгаа. Ингэхдээ хариуцлагаа баримталж, ажиллах ёстой гэлээ. Мөн Хариуцлагын гэрээ-гээр хоёр тал харилцан хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн дабл /double/ стандарт гэж байх ёсгүй, шат шатандаа хариуцлага тооцно, хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй. Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно гэдгийг онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Гүнжидмаа: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд хамгийн идэвхтэй санал өгч байна
2021-10-18 11:49:23 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-ндесдүгээр сарын 29-нөөсэнэ сарын 29 хүртэл иргэдээс санал авч буй. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааныинститутийнмаркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа нартай ярилцлаа. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэзээнээс эхэлсэн бэ? Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: -Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ыг 2013 онд баталж байсан. Тус баримт бичгийн хэрэгжилтийн хугацаадуусажбайгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гурван үе шаттайгаар 2018 онд эхэлсэн. Мөн ерөнхий төлөвлөгөөний концепц буюу үзэл баримтлалыг гаргасан. Ингэхдээ иргэдийн оролцоог хангаж,нээлттэйконцепцынуралдаан зарласан. Үүний дагуу гаргасан концепцыг 2020 оны засгийн газрын хуралдаанаар дэмжиж өнгөрөгч оны аравдугаар сард гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд иргэдийн оролцоо чухал. Хот байгуулалтын тухай хууль болон, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцэх журам бий. Энэ журмын дагуу бид олон нийтээс санал авах хэрэгтэй. Олон нийтээс санал авах ажил есдүгээр сарын 29-нөөсэнэсарын 29 хүртэл нэг сарын хугацаанд явж байгаа. -Иргэдийн санал асуулгахэридэвхтэй байна? Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааныинститутийнмаркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: -Санал авах ажиллагааг үзэсгэлэн зохион байгуулж, танхимд иргэдийг цуглуулж зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан есдүгээр сарын 29-өөсэхлэн цахимаар болонхарьяахороодоор дамжуулан санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Цахимаар өгөх саналыгulaanbaatar2040.mn,manaikhoroo.mnсайтуудаар авч буй. МөнQRкод бүхийпостерийгхарьяахороо, дүүргүүдэд байрлуулсан. ЭнэQRкодыг гар утасны камераар уншуулахаар веб сайтруушууд нэвтэрнэ. Эдгээр сайтрууороод санал өгөх хэсэгт нэвтэрч, өөрийн овог нэрийг бичээд асуултуудад хариулан, саналаа бичнэ. Бид иргэдэд зориулж ерөнхий төлөвлөгөөний талаар товч танилцуулга видео хэлбэрээр тавьсан. Түүнчлэн цахимаар саналаа илгээсний дараа иргэний овог нэртэй талархлын сертификат гарч ирнэ.Цахим санал асуулгын эхний долоо хоногийн үр дүнг гаргасан. Үүнээс харахад Баянзүрх дүүргийн иргэд хамгийн их оролцоотой байна. Үүний дараа Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэд идэвхтэйоролцож байгаа. Аль дүүргийн иргэн ямар санал дэвшүүлж байна, тухайн дүүрэгт ямар асуудал байна, аль дүүрэгт нь ямар хэрэгцээ шаардлага үүсээд байгаа вэ гэдгийг уг судалгаа харуулж байгаа юм. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэд Манай хороонд сургууль хэрэгтэй байна. Дараагийн жилүүдэд сургуультай болгож өгөөрэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн цахим санал асуулгад дүгнэлт хийхэд нийгмийн дэд бүтцийн хувьд цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаа тул цэцэрлэг нэн шаардлагатай байна гэхсанал ирүүлсэн. Мөн хүрээлэн буй орчны чиглэлээр агаарын бохирдлыг бууруулах санал илүүтэй ирсэн бол хот байгуулалтын хувьд замын түгжрэлийг шийдэх хэрэгтэй гэх саналихэнххувийг эзэлсэн байна. Иргэн та хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн талаар мэдээлэлтэй танилцан боломжит хувилбаруудаас сонгон саналаа өгөх боломжтой. -Ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ? Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааныинститутийнмаркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: -Ulaanbaatar2040.mnцахим хуудас болон хороодоор дамжуулан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээллийг тогтмол мэдээлж байгаа. Мөн хорооны байцаагч нараас эхлээд төрийн байгууллагуудад танилцуулга хийн, мэдээлэл түгээж байгаа. Ер нь төрийн байгууллагад ажилладаг иргэдэд ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл сайн хүрсэн. -Сарын хугацаанд явагдах санал хураалтад нийт насанд хүрэгчдийн хэдэн хувь нь хамрагдах боломжтой гэсэн тооцоо гарсан бэ? Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааныинститутийнмаркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: -Бидний хувьд дор хаяж 100,000 хүн саналаа өгчихвөл насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгсөн байна гэж дүгнэнэ.Харьяахороодоор дамжуулан 50 мянган хүнээс цаасан хэлбэрээр санал авах тооцоо гарсан. Харин цахимаар санал өгөх иргэдидэвхтэйоролцвол бидний зорилтот тоо бүрдэх юм. Иргэн бүр оролцоотой байвал нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болно. -Иргэдийн санал асуулгыгидэвхжүүлэх, иргэн бүрийноролцоогнэмэгдүүлэх тал дээр ямар ажлуудыг хийж байна вэ? Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: -2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, санал авах үйл ажиллагааг дөрвөн сегментэд хуваасан. Мэргэжлийн зураг төслийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар, гадаададтөгсөгчидболоод төрийн бус байгууллагынхантай хоёр болон есдүгээр сард хоёр удаа цахим хэлэлцүүлэг хийн, саналыг нь авсан. Үүний дараа нийслэлийн харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын албан хаагчидтай хэлэлцэн санал авсан байгаа. Мөн засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодоос санал авахаар өнгөрсөн хоёр долоо хоногийн турш цахим хэлэлцүүлэг хийсэн. Одоогоорбодлоготодорхойлогчид буюу Засгийн газрыняамдаассанал авахаар ажиллаж байна. -2040 оны төсөөллөөр Улаанбаатар хот ямар байх бол? Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: -Энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөний алсын харааг Амьдрах таатай орчин бүрдсэн хот хэмээн тодорхойлж, үүнд уялдсан үзэл баримтлалуудыг гаргасан. Азийн бар хот байна гэх мэтээр алсын хараагаа тодорхойлоогүй. Зүгээр л гараад алхахад таатай, стандарт, норм дүрмийг хангасан, эрүүл, аюулгүй байх, нийгмийн тэгш хүртээмжтэй хотыг л хөгжүүлэх юм. Тухайлбал, гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгаа. Тухайн дэд төвүүд нь хотын төвөөс авах үйлчилгээгхарьяадүүргээсээ авахболомжийгбүрдүүлэх юм. Жишээлбэл, дэд төвүүдэд сургууль, цэцэрлэг, сургалтын танхим, кино театр, номын сан гэх мэтийг байгуулан, гэр хорооллын иргэдэд хүрч үйлчилнэ. Дэд төвүүдээс гадна хорооны шатанд үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн төвүүдийг бий болгосноор нийгмийн тэгш хүртээмжийг бий болгоно.Хүн бүр тоглолт, жүжиг үзэх гээд хотын төвийг зорих биш бүх үйлчилгээг дүүргийнхээ дэд төвөөс авах боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Сумъяабазар: Хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй
2021-10-16 08:05:15 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Хотын дарга танилцуулгыг сонсоод, хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгож, авах арга хэмжээг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн Ажлын хэсгийг шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй байна хэмээн үзэж, тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулжээ Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг шалгаруулах болзолт уралдааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн хуралд танилцууллаа. НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд Ажлын хэсгээс хороог 87 шалгуур үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын багийг 33 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нийслэлийн 2021 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулсан байна. Дээрх болзолт уралдаанд шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, нийслэлийн 171 хороонд хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Болзолт уралдааны дүнг батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилттэй зөвлөлийн гишүүд танилцав. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 96.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 8 А, В, Г магистралийн 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчилжээ. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 36 халаалтын зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажлыг хэрэгжүүлсэн байна. Өвөлжилтөд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт нийт 73 агуулахад 57500 тонн орчим сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 30-нд 2000 тонн бодис, 627 тонн давс татан авахаар бэлтгэл хангаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж, гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг, нүхэн болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, хайс, хашлагын засварын ажлыг тогтмол хийхийг даалгалаа. Манай хороо-Миний гудамж аяны дүнг танилцуулав Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Манай хороо-Миний гудамж аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд найман сарын турш дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр шалгаруулжээ. Тодруулбал, шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны хороо, шилдэг гэр хороо, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх, шилдэг хог тээврийн байгууллага, шилдэг зам, талбайн цэвэрлэгээний байгууллагуудыг тодруулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, шагнал гардуулах арга хэмжээг аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн 27 жилийн хугацаанд Улаанбаатар хот дүрэмгүй, стандартгүй явж ирсэн. Сүүлийн 30 жилд бий болсон бодлогын гажуудлыг засахын төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг онцлов. 2134 иргэний газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ НИТХ-ын 2013 оны тогтоолоор 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлагдсан 52 байршлаас 44 байршил зарлагдаж, иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, газар өмчлөх иргэдийн сонголт хийх зэрэг үе шатны ажлуудыг цахимаар зохион байгуулан, Нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 42 байршилд нийт 69.836 иргэнд 3501.28 га газрыг өмчлүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам, Өндөрхаан уулын байршлуудад нийт 2683 нэгж талбар зарлагдсанаас 2288 иргэн цахимаар сонгогдож, 2134 иргэн кадастрын зургаа хийлгэж, өргөдлөө баталгаажуулсан боловч газар өмчлөх шийдвэр гараагүй байна. Учир нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн дүгнэлтээр Өндөрхаан уулын байршилд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр гурав, дөрвөлжин булш 47, Бурхантын аманд дөрвөлжин булш нэг, нийт 51 дурсгал илэрсэн. Иймээс 36-р байршлын сонгогдсон 330 нэгж талбарыг суурьшлын бүсээс чөлөөлөх, зайлшгүй тохиолдолд авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Нийслэлийн Засаг дарга зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэн, Өндөрхаан ууланд сонгогдсон 330 иргэний нэгж талбарыг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу байршуулж, нийт 2134 иргэний газар өмчлөлийн захирамжийн төсөл боловсруулан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Мөн цахим системээр сонгон шалгаруулалт явагдсан 44 байршлаас дэд бүтэц тавих боломжтой эхний найман байршилд гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зургийн төсвийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнөөдөр уулзлаа. Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгөв. Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннад талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн амьсгалын аппаратыг ачаалал ихтэй ажиллаж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон амьсгалын аппарат шаардлагатай байгаа дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ. Элчин сайд Др.Обрущанский Борбала тус амьсгалын аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаад туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй