Цэрэг татлага энэ сарын 15-наас 30-ны өдрүүдэд явагдана

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан нь иргэн бүр цэргийн алба хаах харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болдог. Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улсын иргэний цэргийн жинхэнэ алба хаахтай холбогдох харилцааг Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулж байна. Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлдэг. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Зөрчлийн тухай Монгол улсын хуулийн 15.17 дугаар зүйлд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт үйлчилж байна. 2021 оны ээлжит цэрэг татах ажлыг 10 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийн цэрэг татлага нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд явагдаж байгаагаараа онцлог байна. Үүнтэй уялдуулан иргэдийг цэрэг татлагын байраар баг, хороогоор нь тодорхой хуваарийн дагуу оруулах, цэргийн албанд тэнцсэн иргэнийг аймаг, дүүргээс шууд цэргийн нэгтгэл, ангид хүргэх, оршин суугаа газарт аль болох ойрхон цэргийн нэгтгэл, ангид хуваарилах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэгэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, Дөчин мянгат юнайтед клуб хамтран бүтээн байгуулжээ. Талбайн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй хөлбөмбөгийн талбай байдаг боловч олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан анхны талбай 24-р сургуулийн хөлбөмбөгийн талбай болж байна. Монголын хөлбөмбөгт гар бие оролцож, хичээн зүтгэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, залуучууддаа улам их амжилт хүсье хэмээн хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Спортын, тэр дундаа хөлбөмбөгийн талбайтай болмоор байна гэж залуучууд бидэнтэй уулзаж байсан. Үүнээс хэдхэн сарын дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажил хэрэг болгосонд би маш их баярлаж байна хэмээн онцоллоо. Талбайн нээлтийн үеэр ахмад, залуу хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сонгинохайрхан дүүргийн санал авах байрын байршлыг танилцуулж байна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна. УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Санал авах байрын байршлыгhttps://www.arcgis.com/apps/webappviewer/index.html...холбоосоор үзэх боломжтой. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдийн хүсэлтийг аравдугаар сарын 20-ныг хүртэл авна

Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлэх юм байна. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт: Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ) Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах) Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцөлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх) Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх) Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх) Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх) Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/ Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

“Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв

Таван толгой түлш ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо. Таван толгой түлш ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна. Таван толгой түлш ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Эх сурвалж: zasag.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.