Оюутнууд сайн дураараа III тунд хамрагдаж байна

​ Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III тунгийн вакцинд хамруулаад байна. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ынНийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна гэдгийг Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис хэллээ. 2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдаас сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамрагдах 450 гаруй сонсогчдыг өнөөдөр нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж, оюутнуудыг III тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УОК-ийн Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна

​ Коронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэнэмчлүүлэгчдийнтоо нэмэгдэж байгаа.Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээрэрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг онцоллоо.УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаарУОК-ынНэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдөрт 3000 мод тарина

​ Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Намрын мод тарих өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйлсийг өнөөдөр эхлүүллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон оролцов. Тэд нийтдээ 500 мод тарьж суулгав. Мөн цагдаагийн алба хаагчид, Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш ажилтнууд, Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд, МОНЦАМЭ агентлагийнхан хамт олноороо оролцсоны сацуу иргэд сайн дураараа, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарихаар ирсэн байлаа. Нийт 70 гаруй аж ахуй нэгж байгууллага, 50 гаруй гэр бүл 3000 мод тарихад хувь нэмрээ оруулж байна. Мод тарих үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчдын 80 хувь нь салбартаа мэргэшсэн албан хаагчид. Бид моддоо жилийн дөрвөн улиралд арчилдаг. Тухайлбал дөрөвдүгээр сараас арван нэгдүгээр сар дуустал бүх мод сөөгөө усалдаг, жилд хоёр удаа бордож, хортон шавьжтай тэмцдэг. Мөн жилд хоёр удаа хэлбэржүүлэх, залуужуулах огтлолт, таналт, шуулт хийдэг гэв. Мөн Хөрс сайн байна гэдэг өөрөө төлөвлөлттэй,цэгээ сайн хатгаад , нүхээ зөв ухаад, чанартай сайн суулгац суулгана гэдэг энэ мод амжилттай ургахын хамгийн гол эх үндэс юм гэдгийг онцолж байлаа. Мод тарьж суулгах нь нэг хувийн ажил бол арчилгаа тордолгоо нь 99 хувийн хөдөлмөр шаарддаг ажээ. Тиймээс хавар, намрын улиралдаа очоод тарьсан модныхоо тогоог цэвэрлээд, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарьсан моддоо арчлахыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдэд уриалав. Тус цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ. Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг ажээ. Мод тарих аян өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Канад Улсыг Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Хойд Америк дахь стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч орон болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Улаанбаатар хот болон Канад Улсын нийслэл Оттава тэргүүтэй хот, мужууд хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, хоёр орны орон нутгийн түвшний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн зам, дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, нийслэлийн хотын дүрэм, стандартыг тодорхойлох чиглэлээр Канад Улсын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болохыг онцлов. Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоф Улаанбаатар хот болон Канад Улсын муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудын хүрээнд хамтран ажиллах нөөц бололцоог судалж, Канадын боловсролын системийг нийслэлд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг дурдав. Түүнчлэн талууд цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хотууд хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа

​ Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах Сэлбэ дулааны станц шинээр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан Сэлбэ дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм. Сэлбэ дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолж байлаа. Сэлбэ дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажиллажээ. Харин ерөнхий гүйцэтгэгчээр Хүрд ХК ажилласан байна. Сэлбэ дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд төвлөрсөн дулаанаар хангагдаж буй юм. Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг Сэлбэ дулааны станцаас хангахаар тооцжээ. Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцсон байна. Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид энэхүү байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.