Газар зохион байгуулалттай холбоотой бүхий л үйлчилгээг цахимжуулна

НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-ийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл-ийг хэлэлцлээ. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг, 21 дэд бүлгийн 719 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс одоогийн байдлаар 66.2 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа. Газрын менежменттэй холбоотой төлөвлөгөөт ажлын биелэлт 77.1 хувь, газар зохион байгуулалтын ажил 70 хувь, нөхөх олговор, газар чөлөөлөлт 90 хувийн биелэлттэй байгаа бол хот байгуулалтын ажлын биелэлт 50 хувь, газрын төлбөрийн 44 хувийг төвлөрүүлжээ. Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьж байгуулсан объектыг чөлөөлөх зэрэг ажлуудыг урьд жилүүдээс илүү идэвхтэй хийж хэрэгжүүлсэн. Нийслэлийн иргэдэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, ногоон байгууламжийг хамгаалах хүрээнд сүүлийн 2-3 жилд 91 байршилд 197 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн. Энэ онд 20 байршлыг нэмж нийтийн эзэмшлийн газраар бүртгүүлсэн гэдгийг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд ч хууль бус газар эзэмшлээс нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, нийтийнх байлгах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажилд өндөр үнэлгээ өгсөн. Түүнчлэн энэ чиглэлд зарим анхаарах асуудлыг дурдаж байв. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороонд аж төрж буй малтай өрхийн асуудлыг шийдэх, дүүрэг хоорондын хилийн заагийг тодорхой болгох зэрэг асуудлыг анхаарах зэрэг санал гаргасан. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд Амгалан станцыг өргөтгөх шаардлагатай байгааг холбогдох албаныхан тайлбарлалаа. Мөн инженерийн шугам сүлжээг шийдэх, орон сууцны борлуулалтыг дэмжих чиглэлд анхаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжиж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тодотгосон. Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх зөвшөөрөл авах, төлбөр төлөх гэхчлэн газартай холбоотой бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа зэргээс шалтгаалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын асуудал болоод нийслэл хотод иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа. Ханын материалд Ногоон орон сууц төсөл хэрэгжүүлнэ НИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл байсан юм. Энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо Ханын материалд дөрвөн га газарт баригдах бөгөөд 712 айлын төвлөрсөн хангамж, үйлчилгээнд хамрагдсан, эрчим хүчний хувьд үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөж буй юм. Төслийн хүрээнд 31-72 ам метр бүхий 1-3 өрөө 712 айлын орон сууц /есөн давхар есөн барилга/, 292 дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний талбай бий болох юм. Төслийн нийт санхүүжилт 30.2 сая ам.доллар, үүнээс 20 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж. Төслийн хүрээнд орон сууцны барилга байгууламж болон холбогдох дэд бүтцийн нарийвчилсан зураг төслийг мөн боловсруулна. Төслийг 2025 он гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ. Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хурцадмал байдалд ороод байгаа. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд нийслэл боломжит бүх хувилбарыг ашиглаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Дэлхийн банк. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл-ийг Дэлхийн банкны зүгээс дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн НИТХ-д танилцуулж, дэмжлэг хүссэн. Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл-ийн хүрээнд Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлаж, өргөтгөхийн дээр авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргахаар тусгажээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх явцад тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгох зорилгоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийнэ. Түүнчлэн тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системүүдийг бий болгохоор тусгасан байдаг. Энэхүү төслийн ТЭЗҮ, судалгааг ирэх 2022 онд хийж, бүтээн байгуулалт 2023 оноос эхлэх юм. Төслийг хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Коронавирусийн эсрэг вакцины сэргээх тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл

Дархлаа сэргээх нэмэлт /бүүстэр/ тунг хэн хийлгэх ёстой вэ? Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар Ковид-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна. Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой. Коронавирусээр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу? Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу. Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд хаана хандах вэ? Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмолУОК-ын Шуурхай штаб хаягнаас, Нийслэлийн мэдээ пэйж хуудаснаас авна уу. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой. Мөн 119 дугаар руу залгаж хаяг, байршлын мэдээллийг авч болно. Ямар вакцин хийлгэх вэ. Вакцин хольж хийлгэх боломжтой юу? Нэмэлт тунг та хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети(Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно. Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой. Гурав дахь тунг хийлгэснээр үнэхээр үр дүнтэй юү? Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Өнөөдрөөс 124 цэг ажиллаж эхэлнэ

​ ​ Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128цэг ажиллаж, борлуулалт хийнэ. 2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ. Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВӨӨР 57 ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагын Зөвлөгөө мэдээллийн төвөөр энэ сард 528 албан бичиг, 57 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Үүнээс хариутай 332 албан бичгийн 62.6 хувь, өргөдөл, гомдлын 54.4 хувийг тус тус шийдвэрлэсэн байна. Бусад албан бичиг, өргөдөл гомдол шийдвэрлэх шатанд хянагдаж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ /2021.09.29/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 447 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 60.058 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 324 объектын 127.731 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан албан шаардлага хүргүүллээ. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй, вакцинжуулах цэгийн зохион байгуулалт хангалтгүй, бичил болон шилжин ажиллах төлөвлөгөөгүй зэрэг дутагдал илэрснийг арилгуулахаар албан шаардлага өгч, мэргэжил арга зүйгээр хангасан байна. Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон 872 тээврийн хэрэгсэл, 771 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 7 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 835 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 826 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв. Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 11 тир автомашинаар 162.5 тн бараа бүтээгдэхүүн /28.9 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 21.8 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 19.5 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 92.35 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 66 аж ахуйн нэгжийн 1673.24 тн /Импортоор 896.78 тн бүх төрлийн боловсруулсан хүнс 64 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 25 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 295200 ширхэг хүнсний өндөг, 241.99 тн ахуйн бараа, 25.24 тн эм эмнэлэгийн хэрэгсэл зэрэг/ бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө. Мөн DHL буухиа шуудангийн импортын хяналтаар 160.32 кг, экспортын хяналтаар 18.58 кг илгээмжийн ачаа тус тус хяналт шалгалтанд хамрагдаж хилээр нэвтрүүлсэн байна. Лабораторийн шинжилгээ: 2021.09.28-ны өдөр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид шинжилгээнд 444 дээж хүлээн авч, 144 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, Улсын байцаагчаас ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, Ариутгалын бодисын 8, Арчдасны шинжилгээний 9, Бусад төрлийн бүтээгдэхүүний 2, Аж ахуйн нэгжийн хүсэлтээр өгсөн Орчны шинжилгээний 1, нийт 22 дээж шаардлага хангаагүй байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар 61, бүх шатны боловсролын байгууллага 15, томоохон зах худалдааны төв 34, дотуур байр 11, саун бассейн 1, бусад 30 нийт152аж ахуйн нэгж, иргэнийг хамрууллаа. Шалгалтаар нийт26зөрчил илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал: Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -18 Хариуцлагын гэрээ зөрчсөн 3 Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 5

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.