Орхон голын Онгоцтойн 220 метр гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөрбетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилгыг 2021 оны есдүгээр сарын 24-нд ашиглалтад хүлээн авлаа. Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг ГБЭТ ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр Мотор сервис ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна. Зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2021 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллага 8.6 тэрбум төгрөгийн өртгөөр гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа. Зам, гүүрийн хөдөлгөөн нээх ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл болон гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх баг оролцов. Тус зам, гүүр ашиглалтад орсноор аялал жуулчлалын бүс нутаг, орон нутгийн хөгжилд чухал дэмжлэг болж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

Буриад Улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа. Монгол Улстай хамтран ажиллах сайд Даба-Жалсан Шагжиевич Буриад, Монголын ард түмэн түүхийн салшгүй нягт холбоотойг онцлоод, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор талууд 2013 онд байгуулж байсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцлоо. Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Улаан-Үд хоттой найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засаг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна

Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлын үеэр Намрын ногоон өдрүүд арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд Намрын ногоон өдрүүд арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, тариаланчдыг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайханаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт уг арга хэмжээг задгай талбайд үргэлжлүүлэн зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар Намрын ногоон өдрүүд арга хэмжээг өргөн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдтай ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж байгаа иргэдээ дэмжих бодлого барьж байна. Иргэдээс түрээс авахгүй байдлаар зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зохицуулалтыг хийж байна хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ. Мөн 2021 оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ихэнх нь 1960-1980-аад оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлага байдаг ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байдаг гэдгийг Хотын дарга хэлж байлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа. 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. Хоёр байранд хараахан халаалт өгөөгүй байгаа. Есдүгээр сарын 28-н гэхэд өгнө гэлээ. Мөн хотын захын алслагдан гэр хорооллын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хийн түлшинд холбох ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 16 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд холбох ажлыг хийгээд байгаа гэнэ. Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг шалгалт хийхэд таван цэцэрлэг, зургаан сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгажээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар, нийслэлийн есөн дүүргийн ТҮК-иуд нийт 4000 тонн гаруй давс, мөн тооны бодис нөөцөд бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар 500 тонн гаруй давс, 1766.7 тонн бодисын нөөцтэй байна. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч шалгарчээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Намрын ногоон өдрүүд арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хотын дарга Улаанбаатар хотыг2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг онцлоод, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулах шаардлагатайг, энэ хүрээнд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл сарын хугацаанд иргэдээс санал авна гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллана хэмээв. Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байсан. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Иргэд, олон нийтhttps://ulaanbaatar2040.mn/вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөх боломжтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.