Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Алдвал галдана нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болжээ. Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Иргэд самар түүх, аялж зугаалах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй байдлаар гал алддаг байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр гарч 22 га, шар өвсний 275 удаагийн түймэр гарч 78 га талбай шатсан байдаг. Хавар, намрын хуурайшилтай үед ойд гал алдахад ганцхан секундийн дотор хоёр метр талбайг галдах, цаашлаад ой мод бүхэлдээ шатах, ан амьтад амьдрах орчингүй болох аюул нүүрлэдэг. Түүнчлэн өөрийн болон бусдын өмч хөрөнгийг галд шатааж, асар их хэмжээний алдагдалд орсон тохиолдол цөөнгүй. Алдвал галдана аяны талаарх хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсэд морьтой эргүүл гаргаж, хяналт хийж заншсан. Үүний хүчинд ой хээрийн түймэр 48.8 хувь буурсан. Намар цагт иргэд шар өвс шатаах, байгалийн нэмэлт дагавар бүтээгдэхүүн олборлох явцдаа гал алдсан тохиолдол гардаг. Тиймээс хуулийн дагуу дээрх үйл ажиллагааг хориглосон байдаг. Хууль, журмаа дээдэлж, ой, хээрийн болон шар өвсний түймрээс сэргийлэхийг онцгойлон сануулъя гэлээ. Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар нэвтэрч, отоглон бууж, самар, жимс түүж буй иргэдийг уулнаас буулгах, дахин нэвтрүүлэхгүйн тулд баруун, зүүн бүсэд Нийслэлийн Байгаль орчны газрын ой хамгаалагч нар эргүүл гарган ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр хэлж байлаа. Алдвал галдана аяны гол зорилго нь нийслэлийн иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирол, хор уршиг хэчнээн их болохыг таниулахад оршиж буй. Тиймээс аян өрнөх хугацаанд зорилтот видео контентыг радио, телевиз, сайт болон ФМ, радио болон цахим орчинд олон нийтэд түгээхээс гадна Улаанбаатар хотын гудамж, талбайд байрлах лед дэлгэц болон самбаруудад мэдээлэл, сурталчилгааг байршуулахаар төлөвлөжээ. Алдвал галдана аяныг урлаг, спортын олны танил эрхмүүд сэтгэл зүрхээрээ дэмжин, хамтран ажиллаж оролцож буй аж. Намрын хуурайшилт ихтэй энэ үед иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өөрчилж, засварлана

​​ Гурвалжингийн гүүрэн гарц-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ. Иймд Ажилчдын гудамжны дөрвөнзамын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн Гурвалжингийн гүүрэн гарц-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хязгаарлана. ​ Харин хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөлөө. ТүүнчлэнСаппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн Гурвалжингийн гүүрэн гарц-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг энэ сарын 24-ний23:00 цагаас есдүгээр сарын 27-ны22:00цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно. ​ Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж:Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд Хөгжлийн үүд жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. Хөгжлийн үүд жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй. Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд Хөгжлийн үүд, баруун хэсэгт Морингийн даваа нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм. Хөгжлийн үүд жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм. Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт 4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Хөгжлийн үүд жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо. Авто зогсоолыг нэг стандарт, нэгдсэн системд шилжүүлнэ Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд 1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна. Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800 автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов. Улаанбаатар чуулга театр болон өргөжнө 2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ. Тус чуулга өнөөдөр нийтдээ 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж. Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан томоохон урлагийн байгууллага юм. Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ. Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан танилцууллаа. Чуулга одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болов. Хиймэл оюун ухаанд суурилсан Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем-ийг нэвтрүүлнэ Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем төслийн талаар танилцуулав. Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж. Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж ,талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий. Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем-ийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: -Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий.Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд хувийн тээврийн хэрэгсэл олноор зогсож байгаа нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм.Ийм зөрчил гарсан тохиолдолд манай Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газрынхан арга хэмжээ авдаг. Гэвч тэр бүр хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэдийн мэдээлэл энэ төрлийн зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй. Хэрэвзээ автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсох, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тохиолдолд E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу бид арга хэмжээ авах болно гэлээ. Харин Citybus компанийн ажилтан Б.Мягмарсүрэн Улаанбаатар хотод авто замын нэгдүгээр эгнээгээр жижиг тэрэг зорчихыг хориглосон байдаг. Гэтэл тэрхүү заалт огт биелдэггүй, бүр автобусны буудал дээр хувийн машинтай иргэд зогсох болсон. Зарим нь ТҮЦ орох зуураа зогсдог бол зарим нь 20-30 минут зорчигч хүлээгээд зогсчихдог. Үүнээс болоод явган зорчигчдын эрх ноцтой зөрчигддөг. Автобуснууд хувийн тээврийн хэрэгсэлд шахагдаад буудлаасаа хол зогсох, зарим нь бүр зогсохгүй байх нь бий. Үүнээс болж ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд хүлээж байсан автобусандаа сууж чадахгүй үлддэг гэдгийг онцолсон юм. Олон нийтийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаар холбогдох албаныханд мэдээлэх үүрэг иргэн бүрд бий. Бусдын мууг үзэх гэсэндээ бус, иргэдийн эрхийг хамгаалахын төлөөх энэ үйлсэд нийтийн тээврийн байцаагч нар идэвхтэй оролцдог байна. Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12578 энэ төрлийн зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Эндээс харвал өдий хэмжээний зөрчил автобусны буудал дээр гардаг аж. Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"ШИНЭ УРГАЦЫН ШИНЭХЭН АМТ"

2021-09-16 17:43:14 Нийтлэгдсэн: Нийгэм
 "ШИНЭ УРГАЦЫН ШИНЭХЭН АМТ"

ШИНЭ УРГАЦЫН ШИНЭХЭН АМТ ​ Имартын хямдрал 2021/9/2(пү)~9/15(лх) Хямдралтай барааг онлайнаар худалдан авах бол энд дарна уу

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.