Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ
2021-09-16 10:28:45 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас Хариуцлагын гэрээ-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын удирдлагуудтай Хариуцлагын гэрээ байгуулан ажилласан. Бусад байгууллага ч үе шаттайгаар гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2548 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. -Хариуцлагын гэрээ-ний үр дүн ямар байна вэ? -Хариуцлагын гэрээ нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сэтгэл өндөр байгаа. Гурван байгууллагын баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг үе шаттай явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түр журмын биелэлт хангаагүй, гар ариутгагч байршуулаагүй зэрэг зөрчлийг тухайн үед нь хэлж, арилгуулж байгаа. -Сүүлийн үед хурим, найр хийсэн зэрэг ноцтой гэмээр зөрчил мэр сэр дуулдаж байна? -Хариуцлагын гэрээ-нд энэ тухай маш сайн тусгасан. Гэрээг байгуулахын өмнө ресторан, зоогийн газар, диско баар, караоке, лоунжны үйл ажиллагаа эрхлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, хориглох үйлчилгээ, зүйл заалтыг нарийн танилцуулсан байгаа. Хариуцлагын гэрээ-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон юм. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал Хариуцлагын гэрээ-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй. -Шөнийн клубүүд оройн цагаар маш олон хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байна гэж иргэд гомдоллож байгаа? -Шөнийн клуб ч ялгаагүй Хариуцлагын гэрээ байгуулсан. Гэрээнд зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 11, 12-нд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжийн Хариуцлагын гэрээ-г цуцлаад байна. Эдгээр газар 22:00 цаг хүртэл хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ. -Аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50 хувьд хүрэхээргүй хэмжээнд задгай талбайд хурим найр хийхэд татгалзах шалтгаан юу вэ? -Нийслэлийн удирдлагуудын зүгээс аж ахуйн нэгж, иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нэг ч гэсэн газрын бизнесийг үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах бодлого баримтлан ажиллаж байгаа. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болон дуу чимээ ихтэй орчинд хүний дуу хоолой өндөрсөж, тэр хэрээр шүлс цацрах нь ердийн үеэс хэд дахин илүү байдгийг тогтоосон. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ битгий хийгээч гэж байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна
2021-09-16 10:24:30 Нийтлэгдсэн: НийгэмСонгинохайрхандүүргийн 32 дугаар хороо буюуЭмээлтдэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малынсэгзэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. ИймээсУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хогхаягдлыгцэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлсэн юм. Түүнчлэн нэгдсэн хогийн цэгийг шийдэх, хогхаягдлыгтогтмол ачиж, тээвэрлэх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд малын гаралтай ил задгай хур хогхаягдлыгбүрэн устгаад байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч буйхаягдал болон малын өтөг бууцыг ашиглан бордоо хийж байна. Тодруулбал,MCPT, ЭкоТайхи, Усан болор хангай ХХК-тайхамтран ажиллах гэрээ байгуулан,малын гаралтай хогхаягдлааркомпостбордоо үйлдвэрлэж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус компаниудад малын гаралтай хогхаягдлыгхүлээн авах, бордоо боловсруулах газрын асуудлыг шийдэж өгсөн юм. Харин бордоо үйлдвэрлэхтөслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд өөрсдөө бүрэн хариуцажбайна. Компостбордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хогхаягдлыгашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг аж. Бусад бордооноос ялзмаг буюу өндөр молекулт органик нэгдлийн агууламж өндөртэй, шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдөг онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай юм. Төсөлд хамтран ажиллаж буйMCPTкомпани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөдкомпостбордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог тухай тус компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв хэлж байв. Харин Экотайхи ХХК гаргаж авсан бордоогоороо арав гаруй төрлийн ургамал, ногоо тарьж, туршилт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныХог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.АригуунТусүйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол,доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой.Компостлохаргаар дахин боловсруулснаар маш сайн чанарын ялзмаг бүхий бордоо гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Цаашид бордооны чанарыг улам сайжруулахаар компаниуд судалгаа, шинжилгээ хийх болно хэмээв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо
2021-09-16 10:21:56 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав. Хотын даргын мэндчилгээнд Нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 100 жилийн үүх түүх, хөгжил дэвшил, хүн амын өсөлт, алдаа оноо, иргэн нэг бүрийн амьдралын агшин хором бүрийг хамгаалж, хайрлаж, түшиж, тулж ирсэн Нийслэлийн цагдаагийн газрын үе үеийн бие бүрэлдэхүүн болоод энэхүү хүнд хэцүү албан үүргийг нь хүндэтгэн дэмжиж, хань ижлээ хатамжлан дээдэлж, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж яваа хань ижил, гэр бүлийнх нь гишүүдэд хүндэтгэл илэрхийлье. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын халдварын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн удаа дараагийн хөл хорионы үеийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж, онц байдлын үеийн хэв журмыг сахин хамгаалах амаргүй үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэж буй Та бүхэндээ дахин талархал илэрхийлээд, шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлогод тусгагдсан цагдаагийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх замаар албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулж, ар гэрийг тань дэмжин ажиллахаа амлаж байна. Энэ хүрээнд онц байдлын урамшууллыг нэмж, автопаркийн шинэчлэлийг эрчимжүүлж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг шинэчлэхээр ажиллаж буй ч энэ нь төгсгөл бус, эхлэл гэдгийг санаж, цаашдаа нийслэл хотын цагдаагийн албаны шинэчлэл болоод ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг хангахын төлөө хийж хэрэгжүүлэх бүхий л үйл хэрэгт цагдаа таныг идэвхтэйгээр хамтран ажиллахыг урьж байна хэмээв. Мөн энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг урамшуулах 40 сая төгрөгийг шийдсэнийг танилцууллаа. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны хоёр алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд орох эрхээр урамшуулж байгааг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис уламжлав. Тус хоёр алба хаагчийг цагдаагийн байгууллагаас шалгаруулах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна
2021-09-16 10:15:05 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын Захиргаатай хамтран есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотын иргэдэд толилуулж байгаа бөгөөд нээлтэд Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, Турк, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Мехмет Эрдоган, Элчин сайд Р.Болд, тус хотын дарга бөгөөд Туркийн хот, дүүргүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Фатма Шахин нар оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар видео мэндчилгээ илгээж, хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Мөн цаашид Газиантеп хоттой түүх, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж, харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ
2021-09-16 10:08:54 Нийтлэгдсэн: НийгэмУтаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе уриатай Сайжруулсан түлшний цогц хэрэглээ гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Таван толгой түлш XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл 708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байна гэлээ. Айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан байна. Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй 63.620 өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагийн турш хянаж буй. Өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаажээ. Тухайн айл өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгаа. Тиймээс ноднин жил Яндангаа хөөлье аян зарлаж 30 гаруй мянган өрхийн янданг хөөлж байсан. Сүүлийн үед иргэд сайжруулсан түлшээ түлж сурч байна гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал өгүүлж байна. Иргэд угаарын хий мэдрэгч авахаас цааргалдаг, авсан ч цэнэг нь дууссан байх нь элбэг аж. Зах зээл дээр 15-30 мянган төгрөгийн үнэ ханштай угаарын хий мэдрэгчийг өрх бүр худалдан авч заншихын чухлыг мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэ жилээс сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах дадлыг иргэдэд суулгаж, дахин боловсруулж эхэлж буй тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээллээ. 2020 оноос эхлэн УБЗАА-наас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ч гарч байж. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны нээлтийн үеэр монгол инженерүүдийн зохион бүтээсэн үнс ялган ангилах болон автомат яндан хөөлөх технологийг танилцуулсан юм. Аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй