Увс аймагт хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, нийтийг хамарсан арга хэмжээг 14 хоног хязгаарлав
2021-09-13 09:39:12 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхзорилгоор Увс аймагт хэрэгжүүлж буй хязгаарлалт, зохион байгуулалтын дэглэмд өнөөдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулахаар болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шопыг хүргэлт хийхийг зөвшөөрөн,заалаар үйлчлэхийг нь хориглолоо. Мөнбаар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга, нийтийг хамарсан бусад арга хэмжээг тус тус хязгаарлав. Дээрх хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг 09:00-17:00 цаг болгох, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаанцагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус зөвшөөрчээ. Түүнчлэн хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-17:00 цаг, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Эх сурвалж:Увс аймгийн Засаг даргын Тамгын газар
Шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрийг ирэх сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ
2021-09-13 09:34:41 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрт өчигдөр ажиллажээ. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа. Нийслэлээс Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм. Харин Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрт найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна. Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм гэлээ.Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм. Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Нийслэлээс Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг хэмээв. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2021-09-10 12:26:25 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг цохон тэмдэглэлээ. Улмаар нийслэл хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаатай холбогдуулан энэ хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар хот дахь хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж буй. Цаашид нийслэлд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн цар хүрээ болон тоог нэмэгдүүлэх саналтайгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж буй хөгжлийн томоохон асуудлуудыг оновчтой бөгөөд үр ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйгаа дурдаад, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар хамтран ажиллахад бэлэн болохоо онцоллоо. Түүнчлэн томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төрийн удирдлагын зөв зохистой менежмент нэн чухал болохыг дурдаж, талууд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ-ийн ойн мэнд дэвшүүлье. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед ажлын байраа хадгалан үлдэж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн эх үүсвэрээр хангаж буй татвар төлөгч та бүхэндээ нэн түрүүнд талархал илэрхийлж байна. Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль нь төрийн зүгээс татвар төлөгчдийг бүхий л боломж, нөхцөлөөр дэмжиж, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах эрх зүйн чухал шинэчлэл гэдгийг та бүхэндээ дуулгая. Жарны талыг туулсан Шинэ үеийн татварын алба нь бүрэн цахимжсан, татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон, олон улсын татварын харилцааны зарчмуудыг нэвтрүүлсэн орчин үеийн чадварлаг баг, хамт олон болон бүрэлджээ. Улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлэн, татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгт хүчин зүтгэж, шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан татварын албаны анхдагчид, үе үеийн татварын байцаагчид, өнөөдөр хамтдаа зүтгэж буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа татвар төлөгчид, татварын албаныхан, та бид хамтран ойлголцож, хамтдаа урагшлах нь чухал байна. Хөгжлийн түүчээ болсон та бүхнийг цар тахлын үед хамтдаа, хүчтэй байж, төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна
2021-09-10 12:16:40 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаасPCRшинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу? -Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоох, түргэвчилсэн тестийн эерэг хариуг PCR шинжилгээ шаардахгүйгээр батлагдсан тохиолдлоор бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн хавьтлыг түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүйгээр эмчилгээнд хамруулах, ойрын хавьтлуудын зургаа дахь хоногийн тандалтыг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар заасан юм. Жирэмсэн болон суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, мэс заслын эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлт бүлгийн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. -Ирэх долоо хоногоос их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлнэ. Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол хэрхэх вэ? -2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгоод байна. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй