Орон сууцны YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

НИТХ-ын YIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутагт байрлах 210 га талбайд баригдах орон сууцны YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай хэлэлцэж, Улаанбаатар хотын хэмжээнд Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг сонслоо. Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2003 онд боловсруулж, 2008 онд тодотгон баталсан бөгөөд 2013 оноос гэр хорооллыг дахин төлөлтийн төсөлд оруулсан байна. Тус хорооллын 22 байршилд есөн хэсэгчилсэн талбайг барилгажуулахаар Премер, Бэрэн групп, Монтед зэрэг таван компани тендерт шалгаран ажиллаж эхэлжээ. Долоон хэсэгчилсэн талбайд барилга барихаар гэрээ хийсэн Баярс констракшн, Асар өргөө, Заг компаниудын хувьд хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалжээ. Тус хороололд амьдрах оршин суугчдын тоог 2030 онд 38.5 мянгад хүрнэ хэмээн тооцоолж байсан бол 2019 онд 30.4 мянган иргэн оршин суух болжээ. Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтийн хувьд ч 2030 он гэхэд 3700 хүүхдийн цэцэрлэг төлөвлөснөөс 2019 онд 1312 хүүхэд улсын цэцэрлэгт, 120 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдаж, хэрэгжилт 35 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд 9545 хүүхэд сургахаар төлөвлөснөөс 7685 сурагч улсын сургуульд, 650 сурагч хувийн сургуульд суралцаж, хэрэгжилт 85 хувьтай байгаа юм. 339 ор бүхий эмнэлэгтэй байхаар төлөвлөснөөс 120 ор бүхий улсын, 180 ортой хувийн эмнэлэг иргэдэд үйлчилж буй аж. Архитектур орон зайн барилгажилтын 18 хувь, гудамж зам талбайн 42 хувь, цахилгааны сүлжээ 31.2 хувь, холбоо мэдээллийн сүлжээ 90 хувь, ногоон байгууламж 18 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан юм. Одоо ажиллаж буй компаниудаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь 80.5 хувьтай байгаа аж. Ийнхүү YII хорооллын гүйцэтгэл дунджаар 47 хувьтай байгаа тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага тулгарсныг холбогдох албаныхан тодотгож байлаа. НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хорооллын бүтээн байгуулалт удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид зохих норм, стандартын дагуу түргэн шуурхай барьж байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль эрх зүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан цогц асуудал гэдгийг дахин сануулаад, Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталж, НИТХ-ын тогтоол гаргалаа. Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав НИТХ-ын YIII хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Минж нутагшуулах төв орчмын нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалалтад авах тухай байлаа. Өлийн давааны өмнө хэсэгт байрлах Минж нутагшуулах төв орчмын нутаг дэвсгэрийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулгадаа дурдсан юм. Туул голын эх орчимд анх 2012 онд ХБНГУ-аас 13 бодгаль буюу долоон бүл минж, ОХУ-аас 30 бодгаль буюу 15 бүл минж авчирч Туул голын эх орчимд болон Заан, Тэрэлж голд нутагшуулсан байна. Одоогийн байдлаар минжийг долоон га газарт нутагшуулж буй бөгөөд цаашид газар нутгийн хэмжээг 145 га болгон нэмэгдүүлж, цүнхээл үүсгэн минж үржүүлэхийн дээр газар нутгийг нь орон нутгийн хамгаалалтад авч, эко аяллыг хөгжүүлэн, Экологийн боловсролын цогц төв байгуулахаар төлөвлөөд байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм. НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Туул голын эх болон Заан, Тэрэлж гол орчмыг минж үржүүлгээр дамжуулаад хамгаалж байгаа нь сайн хэрэг хэмээн сайшаагаад гол мөрний эхийг хамгаалах, аялал жуулчлалын маршрут гаргах, экологийн боловсрол олгох зэргээр ажиллах нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдсэн юм. Зарим төлөөлөгчийн зүгээс экологийн боловсролын төв байгуулах нэрээр барилга байшин барьж, эдлэн газар болгочих вий, торон хашаагаар хашсан иргэдэд хаалттай орчин бий болгох вий, аялал жуулчлал нэрийн дор хориотой анчид, хууль зөрчигчид нэвтэрч зорьсон зорилго гажуудуулсан зүйлс гаргуузай зэрэг болгоомжлолыг ч мөн хэлж байлаа. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай НИТХ-ын тогтоолыг 36 төлөөлөгчийн 92 хувь нь дэмжлээ. Ковид-19 цар тахлын дельта хувилбарын хүндрэлээс сэргийлэн ажиллаж байна Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны байдлаар цар тахлын нийт батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 127.531, үүнээс хүүхэд 3161, жирэмсэн эмэгтэйчүүд 3022 бүртгэгджээ. Эмнэлэгт 4743 иргэн, гэрээр болон тусгаарлах байранд 7047 иргэн эмчлүүлж байна. Эдгэрсэн 112.002 хүн байгаа аж. Ковид 19 цар тахлын дельта хувилбар харанга дэлдэж байгааг Р.Чингис дурдаад, бусад аймаг орон нутагт 50-70 хувийн аюул учруулж буй дельта вирус нийслэлийн хэмжээнд нийт өвдсөн хүмүүсийн 30-40 хувьд илэрч байгааг онцлов. Тиймээс аюулт өвчнийг даван туулах ажлын хүрээнд энгийн нөхцөлтэй 8255 ор, эрчимт эмчилгээний 238 ор, нийт 8491 ор дэлгэн ажиллуулахад бэлджээ. Яармаг дахь нийслэлийн шинэ захиргааны байранд 145 ор дэлгэн, тус байрны улаан бүсэд 18 эмч сувилагч ажиллаж буй юм. Нийслэлийн зүгээс ковидын дараах сэргээн засах эмчилгээнд онцгойлон анхаарч байгаагаа онцгойлон дурдсан. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг шийдэхээр БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх санал орууллаа. Улаанбаатар хотод 652 мянган автомашин бүртгэлтэй байна. Тяньжиний боомтод 4000 контейнер байгаагаас 60 хувь нь Улаанбаатар хотод орж ирэх хуучин автомашин байна. Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд ихэнх ажлын байр байрладаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг. Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уртасгаж, 05:30-00:00 цаг болгох санал танилцууллаа. Мөн гол замуудаа өргөтгөх, шинээр сүлжээ торлолоо нэмэх, зургаан нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил бий. 32 уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан уулзварыг хоёр түвшинд оруулах гэх мэт замтай холбоотой ажлуудын зураг төсөл үргэлжилж байна. Хуралд богино хугацаанд түгжрэлийг бууруулах 15 багц арга хэмжээг танилцуулсан. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн зорчилт, төлбөр, тооцоо цахимжихаас гадна хүнд суртал арилна. Мөн дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй гэсэн судалгаа гарсан. Тухайн өдөр явах ёсгүй машины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцож байгаа судалгаа бий. Иймээс үүний хэрэгжилтийг хангуулахад анхаарна. Түүнчлэн үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй уриалга гаргаж, хэрэгжилтийг хангах ажлууд үргэлжилж байгаа. Замын хөдөлгөөнд саад болж байгаа зөрчлийг E police аппликэйшнээр дамжуулж, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний соёл, дүрэм журмыг хэрэгжүүлэх санаачилга гарсан. Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд шилжүүлэх, байгууллагуудыг уян хатан цагийн хуваарьт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт 15 бүлэг арга хэмжээг танилцуулж, нарийвчилсан тооцоо, судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн ярилаа. Энэ үеэр тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг хэдий хугацаанд хийх вэ? -Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь үндсэндээ код байна. Тухайн кодыг салхины шилэндээ нааж, төлбөр тооцоо, уулзваруудаар нэвтэрч байгаа бүртгэл хийгдэнэ. Энэ бүхэнд тодорхой хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг жилийн дотор үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. -Зүүн хүрдтэй машиныг хэрэглээнд нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэр хэзээ гарах вэ? -Эцсийн шийдвэр удахгүй гарах байх. Бид шаардлагатай тооцоо, судалгааг гаргасан. -Замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр, тусгай үүргийн автомашин зорчих, бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй гэх хувилбар байгаа юу. Ийм боломж бий юү. Иргэдэд нийтийн тээврээр зорчих сонголтыг бий болгох хэрэгтэй. Хүмүүсийн машин барих сонирхлыг дэмжсэн, нэмэгдүүлсэн бодлого бариад байгаа харагддаг? -Өнөөдрийн байдлаар хувийн автомашины хэрэглээ 60 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан эгнээтэй зам ховор. Бусад дөрвөн эгнээтэй зам дээр нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжгүй байдаг. Ганц Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар нийтийн тээврийг 100 хувь хөгжүүлэх боломж хомс. Цаашид гол замуудыг дөрөв биш, зургаан эгнээтэй барьж, нийтийн тээврээ хөгжүүлэх урт хугацааны бодлого барьж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВӨӨР 275 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 262 албан бичиг, 13 өргөдөл, гомдлол хүлээн авч, 275 иргэн үйлчилжээ. Ирсэн албан бичгийн 153 нь хариутай албан бичиг бөгөөд 29,4 хувийг шийдвэрлэж, бусад албан бичиг хяналтын шатанд байгаа аж. Ирүүлсэн албан бичгийн 23.2 хувь нь Дэд бүтцийн хяналтын газарт, 16,03 хувь нь Тамгын газарт хандсан байна. 13 өргөдөл, гомдлын нэгийг шийдвэрлэж, бусад өргөдөл, гомдол хянагдаж байна.

“Эрхэт Монгол” групп Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж, ТАУН ХАУС бэлэглэлээ

Рио 2016 паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Бид бүхэн жигүүртэй уриан дор болж буй Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа. Паралимп бол зөвхөн амжилт, медаль, нэр төр нэгдүгээрт биш гэдэг ухаарлыг хүн төрөлхтөнд өгч ирсэн, бие, сэтгэлийг хэмжээлшгүй их хүчээр цэнэглэгч, хамгийн гайхамшигтай наадам билээ. Тийм ч учраас паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орныхоо төрийн дууллыг ертөнц дахинаа эгшиглүүлэн, Паралимпын наадмын Монгол Улсын анхны ХОС МЕДАЛЬТАН болсон Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, Эрхэт Монгол группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй GRAND MARSHAL LUXURY VILLAS хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна. Түүнчлэн түүний багш Д.Баттулгад мөн Эрхэт Монгол групп, Өнө мөнх хөгжил констракшны хамтран бүтээн байгуулж буй Сити резиденс хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна. Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр: -Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна. Саяхан Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү Рио 2016 паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. Бид бүхэн жигүүртэй уриан дор болж буй Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ. Сануулахад,Эрхэт Монгол групп Гавьяат тамирчин М.Анхцэцэгт GRAND MARSHAL LUXURY VILLAS хаус хотхонд 3 өрөө Мульти хаус орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр болсон юм. Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ. Бээжин-2008 паралимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан буухиаг 12 жилийн дараа итгэл төгс, нүүр бардам үргэлжүүлсэн Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилт хүсье.

ТАРВАСНЫ 184  ДЭЭЖИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХАД НИТРАТЫН ҮЛДЭГДЭЛ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНД БАЙНА

Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг. МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна. Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн шинэ ургацын ногооны 688 дээжийг ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн МХГ-ын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна. Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу Жимс, хүнсний ногооны нитрат MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ. Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.