Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа
2021-08-19 17:11:36 Нийтлэгдсэн: НийгэмУИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болоод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бэлтгэл ажил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх бодлого буюу 5Т-ын зорилт, Хөшигийн нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Түр хороо байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхааран ажилласнаа тодотгосон. Мөн тэрбээр Хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалттай байхаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас гаргах, концесс бонд олгох зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Мөн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй болохоор хуульчилсан хэмээв. Түр хороо нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулаад орхих бус, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт онцгойлон анхаарч ажиллана гэдгийг Түр хорооны дарга Э.Бат-Амгалан онцоллоо. Түр хороо хаврын чуулган хаахаас өмнө сар гаруйн хугацаанд эрчимтэй ажилласан бөгөөд цаашдаа Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллах чиглэлээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг мөн тодотгосон юм. Хуралдааны явцад УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулах асуудлыг судлаад Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэлээ. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын өнгө аясыг тодотгосон, хуулиар зохицуулж болохгүй зүйлийг дүрмээр зохицуулах үүд хаалгыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нээж өгсөн. Цаашид Улаанбаатар хот дүрэмтэй болно. Гаднын хот ямар байдаг тэр жишигт хүрэхийн тулд дүрмийг боловсруулах учиртай. Тиймээс нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нар хамтарч, иргэдийн дунд уулзалт, санал асуулга явуулна. Дүрэм боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ
2021-08-19 17:09:31 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Үзлэг хяналтыг наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж, сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны хэмжээндтарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Гэтэл тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 удаа гарсныг илрүүлэн, ЗӨСҮТ-д шилжүүлэн өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Зөрчил дийлэнхдээ Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл өнөөдрийн мэдээлэлдээ онцоллоо. Дээр дурдсан аймгуудад тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй, тахлын голомтын бүсэд хамаардаг болохыг тэрбээр тодотгосон. Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа юм. Тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг. Эргэж холбогдох утасны дугааргүй, эзэн тодорхойгүй ачаанаас хууль бус ан илэрвэл жолооч нарт хариуцлага тооцдог гэдгийг мэргэжилтэн сануулж байна. Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, тандалт аравдугаар сарын 15-ныг хүртэл 60 хоног үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ
2021-08-19 17:08:10 Нийтлэгдсэн: НийгэмКовид-19 цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ. АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй, судлагдаж байна. Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Х.Булгантуяа гишүүн тойргийнхоо сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилжээ
2021-08-19 16:57:22 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг гишүүдийн нэг. Тухайлбал, цар тахлын хүнд цаг үед хөл хориотой байхад тойргийнхоо иргэдэд хүнсний тусламж үзүүлж, мөн бизнес эрхлэгчидтэй онлайнаар хуралдаж асуудлыг нь УИХ-д уламжилж байлаа. Тэгвэл энэ удаа сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэмэгдүүлэх ажлыг санаачлан хийжээ. Энэ жилээс орон даяар Үдийн цай хөтөлбөр Үдийн хоол хөтөлбөр болж өөрчлөгдөж байгаа бөгөөд нэмэлт санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. Ингэснээр нэг хүүхдэд зарцуулах илчлэгийн хэмжээ болон мөнгөн дүн нь 1500 төгрөг болж нэмэгдсэн юм. Тиймдээ ч сургуулийн гал тогоог шинэчлэх, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа. Энэ асуудлыг Х.Булгантуяа гишүүн олж харж ажил хэрэг болгож чаджээ. Нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг болох Баянзүрх дүүргийн тухайд амжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу хүүхдийн мөнгө, халамж, хүнсний талоноор амьдардаг иргэд олон бий.Тиймдээ ч хоол, тэжээлийн дутагдалтай хүүхэд их бий. Нөгөөтээгүүр, сургууль дээрээ идэж байгаа Үдийн хоол нь өдрийн ганц хоол болдог хүүхдүүд ч их учраас хүүхдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад тойргийнх нь иргэд баярлаж талархснаа илэрхийлжээ. Эрүүл хүүхэд - Гэрэлт ирээдүйн төлөө хэмээн урилга гаргаж хүүхдийг сурч боловсрох боломжоор хангаж буй эрхэм гишүүн танд баярлалаа.
Х.Булгантуяа: Сургуулийн үдийн хоол өдрийн ганц хоол нь болдог хүүхдүүд их байна
2021-08-19 16:53:58 Нийтлэгдсэн: НийгэмБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, сургуулиудын удирдлагууд боловсролын багц хуулийн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, Үдийн хоол хөтөлбөр, сэтгэл зүйчдийг төрийн өмчийн сургуулиудад ажиллуулах болсныг сайшаан, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц олон саналуудыг дэвшүүллээ. 2021-2022 оны хичээлийн жил цар тахалын амаргүй үед эхэлж байгааг салбарын сайд онцлоод, танхим, цахим хосолсон сургалтыг үр дүнтэй явуулах туршлагаа улам батжуулах, Монгол хүүхдийг амьдрахуйд болон суралцахуйд бэлтгэж буй их үйлсэд нь амжилт хүсжээ. Энэ талаарХ.Булгантуяа гишүүн өөрийн цахим хуудсандаа, Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэмэгдүүлэх ажлыг санаачлан хийлээ. Энэ жилээс орон даяар Үдийн цай хөтөлбөр маань ҮДИЙН ХООЛ хөтөлбөр болж байгаа бөгөөд нэмэлт санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. Зарим дүүрэгт хоол, тэжээлийн дутагдалтай хүүхэд их. Сургууль дээрээ идэж байгаа Үдийн хоол нь өдрийн ганц хоол болдог хүүхдүүд ч их байна хэмээн нийтэлжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй