Д.Сумъяабазар: “Өглөөний Улаанбаатар” гудамжийн тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан

Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т Өглөөний Улаанбаатар жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор Эртэч Монгол хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Өглөөний Улаанбаатар гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцлаа. -Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ? -Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, Өглөөний Улаанбаатар гудамжийг байгуулсан. Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна.Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн.Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм. -Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн? -Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ.Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч Өглөөний Улаанбаатар гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна. -Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу? -Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно. -Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна. Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна.Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа. Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой. -Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ? -Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой. Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна. Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана. Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой.Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана. Эх сурвалж:НЗДТГ

Тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

Сангийн яам хуульд заасан тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог боллоо. Одоогийн байдлаар Сангийн яамнаас дараах 6 төрлийн тусгай зөвшөөрөл, нэг эрх олгож байна. Үүнд: Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл; Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл; Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл; Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог. Мөн Гаалийн ерөнхий газраас дараах 6 тусгай зөвшөөрөл, 3 зөвшөөрөл олгодог. Үүнд: Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; Гаалийн хяналтын бүс тогтоох; Түр агуулахын зөвшөөрөл олгох; Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох. Дээрх зөвшөөрлүүдийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудаас олгож ирсэн. Уг хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатай олгож 3 жил тутам дахин баримт бичиг бүрдүүлж, хугацааг нь сунгуулдаг. Цаашид Сангийн яам болон харьяа байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүд зөвхөн цахим хэлбэрээр олгодог болж байна. Иргэн аж ахуйн нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хэрэгцээт тусгай зөвшөөрлийн хүсэлтээlicense.mof.gov.mnцахим хуудсанд илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээдэг болж байна.

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан Өглөөний Улаанбаатар гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор Эртэч Монгол хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг Жуулчны гудамж-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ. Өглөөний Улаанбаатар гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тухайлбал, Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд, Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг, Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм. Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм. Өглөөний Улаанбаатар нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан онцолж байлаа. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил хийгдэж эхлэх ёстой байсан. Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 29-ний өдөр болж, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.НИТХ-ын2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу найман дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.