Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, Ковид-19 халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.

Олон Улсын Математикийн Олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11-р байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна. Монгол Улсын багийн гишүүд: А.Нямдаваа - Алтан медаль (Сант сургууль) М.Өнөболд - Алтан медаль (Нэгдүгээр сургууль) Ц.Сайханбилэг - Мөнгөн медаль (Сант сургууль) О.Мишээл - Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль) Д.Энэрэлт - Хүрэл медаль (Сант сургууль) Б.Батсамбуу - Хүрэл медаль (Олонлог төв сургууль) Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.

Шивээхүрэн боомт нүүрс тээврийг шалган нэвтрүүлэх дөрвөн гарцтай болов

МҮХАҮТ-ын удирдах ажилтнууд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Монголын Алт ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж.Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасах юм. Түүнчлэн тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Овоотын заставын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютеруудыг өгчээ. Эх сурвалж:МҮХАҮТ

Модны хоёроос уруудах авто замыг энэ сарын 29 хүртэл хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг долоодугаар сарын 26-ны 23:00 цагаас долоодугаар сарын 29-ний 06:00 хооронд хийнэ. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам-ын дагуу хийж буй энэ ажлын хүрээнд автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах тул жолоочдыг өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн. Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Улмаар инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээв. Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.