Хүүхдийн 100,000 төгрөгийг ӨНӨӨДӨР олгоно

Долдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн билээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм. Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Оүчи Ясүо нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Өнгөрсөн жилийн наадмаар түрүү бөх шагналаа эрүүл мэндийн байгууллагад хандивлаж байлаа. Энэ жилийн тухайд наадам хойшилсонтой холбоотойгоор түрүү бөхийн шагнал болох автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болсон юм хэмээн ярьсан бол ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр талархлаа илэрхийлж, Манайх үндэсний хэмжээнд эх, хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 215 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 12 мянган эх амарждаг. Бид мөн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу эмч нарын багаа илгээдэг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар орон нутаг руу эмч, мэргэжилтний 40 гаруй багаа илгээсэн. Жилд Улаанбаатар хотын ойролцоох аймгууд руу 600-700 удаа дуудлагаар очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс энэ бол нүдээ олсон хөрөнгө оруулалт гэв. Тоёота мотор корпорацын зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн автомашин олгохоор шийдвэрлэсэн байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу? -Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгөөр засвар, үйлчилгээ хийж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна. -Усан оргилуурын усыг зөөж хийдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгнө үү? -Усаа зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл. Шангрилла төвийн төвийн шугам сүлжээнд холбогдсон. Харин Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод, зүлгийг услах ажилд зориулалтын машин явж байгаа. Үүнтэй андуурч, ташаа мэдээлэл тарсан байх. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭМЯ: 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоолоо

12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоосон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Файзер болон БионТех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотойгоор вакцинжуулалтыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр: Экспорт, импорт нэмэгдэнэ; Үйлдвэрүүд хөгжинө; Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно; Шууд ажлын байр бий болно; Бүтээн байгуулалт нэмэгдэнэ; Аялал жуулчлал хөгжинө; Тэргүүний техник, технологи нутагшина; Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ; Худалдааг хөнгөвчилнө; Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ. Эх сурвалж: zasag.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.