Тархац нутаггүй болсон 53 тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж буй. Улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд Тарваган тахал өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан. Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн Агнуур судлалын нийгэмлэг ТББ-тай хамтран нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 9 бүлийн 53 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан. НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх 2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж байсан. Тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн үр дүн гарчээ. Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээний төсвийг цар тахлын эсрэг зарцуулахаар болжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ хэлэлцэн батлах юм байна. Ташрамд дурдахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх, Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх, Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил, Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах, Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах, Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэргээр олон салбарт бүтэн жилийн турш зарцуулахаар төлөвлөж байсан юм.

Хураан авсан хахуулийн мөнгө болох 639 сая төгрөгийг улсын орлого болгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы Хан-Уул дүүргийн Жаргалан хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм. Ийнхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Баярсайханаас хураан авч Авлигатай тэмцэх газарт битүүмжлэгдэн хадгалж байсан 173.4 сая төгрөг, 152.177 ам.доллар, 50 мянган юань, Г.Элдэв-Очироос хураан авсан 5 сая төгрөг, С.Бүрэнтөгсөөс хураан авсан 5 сая төгрөг буюу нийт 639,244,450 төгрөгийг мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушааж улсын орлого болголоо. Энэ хэргийн өөр нэг холбогдогч болох Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд хаах, торгох бодолгүй байгаа гэлээ. Харин тус байгууллагуудтай Хариуцлагын гэрээ байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм. Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд удаан хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана гэлээ.Энэ сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч Хариуцлагын гэрээ-г байгуулах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачилгыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс уулзалт хийж, санал солилцлоо. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.