Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу дэд төвүүдийн санхүүгийн асуудлыг шийдэх зорилгоор Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Баянхошуу дэд төвд ажиллалаа.Энэ үеэр холбогдох албаныхан дэд төв, түүнийг дагасан бүтээн байгуулалт, тэдгээрийн явц болон дэд төв ашиглалтад орсноор бий болох давуу талуудын талаар танилцуулсан юм.Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж, зургаан дэд төв ашиглалтад орно. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих юм. Сангийн сайд Б.Жавхлан Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нь Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын хамтын томоохон зорилт. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, газар чөлөөлөх, хотын төвлөрлийг тэлэх, хотын захад амьдарч байгаа хэдий ч хотын төв орох шаардлагагүй төрийн үйлчилгээ авдаг болох, тийм орчныг бий болгоход дэд төвүүдийн зорилго оршиж байна. Баянхошуу дэд төвийн ажил эрчимтэй явж байгаа. Иймээс хотын төвөөс томоохон төрийн байгууллагыг төвүүдийг түшиглэж, нүүлгэх бодлогыг Засгийн газар барьж байна. Эхнээсээ яамд, томоохон төрийн байгууллагууд нүүхээр саналаа ирүүлсэн гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах чухал ажил бол зургаан дэд төв юм. Эдгээр дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 30 хувиар буурах судалгаа бий. Сангийн сайд дэд төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг "Дэлхийн номын нийслэл" болгохоор зорьж байна
2021-06-14 15:20:54 Нийтлэгдсэн: Нийгэм29 дэх удаагийн номын баяр Илүү их уншъя уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж байна. Номын баярыг НЗДТГ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар номын баярын үеэр зохиолчидтой уулзаж, ном худалдан авсан юм. Энэ үеэр зохиолчид Улаанбаатарын яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулах санал хэлж, номын баярт оролцож байгаа анхны Хотын дарга болж байна гэдгийг онцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголчууд номыг эрхэмлэдэг, дээдэлдэг уламжлалтай ард түмэн. 29 дэх удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, зохион байгууллаа. Нийслэлийн иргэд арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцож байгаад баяртай байна. Номын арга хэмжээг цаашид байнга дэмжинэ гэлээ. Мөн зохион байгуулагчид Улаанбаатарыг Дэлхийн номын нийслэл болгохоор зорьж, ажиллаж байгаагаа хэлж байсан юм. Номын соёлт ертөнц ТББ-ын тэргүүн Б.Сувд Энэ удаагийн номын баяр цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Өглөө бүр ариутгалын компани бүх асрыг ариутгахаас гадна асар бүрд ариутгалын бодис байрлуулж, халуун хэмжиж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхад анхаарсан. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан НЗДТГ болон нийслэлийн удирдлагууддаа баярлалаа хэмээн ярив. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобустай багуудыг ажиллуулж эхэллээ
2021-06-14 15:20:29 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар боллоо. Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд өнөөдрөөс нэмэлтээр ажиллаж эхэллээ. Энэхүү явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж байна. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цахим хуралд оролцлоо
2021-06-14 15:20:07 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2021 оны зургадугаар сарын 9-нд зохион байгуулсан Олон улсын санхүүгийн корпорацын Тогтвортой байдлын тухай 2021 олон улсын цахим хуралд оролцлоо. Энэ удаагийн хурал Ёс зүй, тэгш хөгжил дэвшлийг дэмжих технологи, Нийгмийн ялгааг арилгах, олон нийтийн сайн сайхныг дэмжих итгэлцэл, харилцан ойлголцол, Нийгмийг илүү тэгш, чинээлэг, тэсвэр тэвчээртэй болгох өөрчлөлтүүд гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан. Цахим хуралд Ирланд Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Мэри Робинсон, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн дурын элч, жүжигчин Дон Чидл, Дэлхийн Банкны Хөгжлийн бодлого, түншлэл хариуцсан захирал Мари Пангесту, Олон улсын санхүүгийн корпорацын захирал Махтар Диоп, Рокфеллер сангийн Ерөнхийлөгч Ражив Шах зэрэг төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчид хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход шаардлагатай технологийн манлайлал, тогтвортой байдлыг хангасан санхүүжилтийн эх үүсвэр, дижитал болон олон нийтэд ээлтэй хотууд, хот суурин газрын хөдөлгөөний тулгамдсан асуудлуудаар дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ухаалаг зорчилт хөдөлгөөн сэдвийн хүрээнд ярилцлага өгч, Улаанбаатар хотын дэд бүтэц болон тээврийн асуудлыг хэрхэн технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн салбарт манлайлж буй энтрепренер залуучуудыг хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр Их хөдөлмөрлөж, хэлсэн амандаа хүр гэж хэлсэн аавынхаа зөвлөгөөг байнга санадаг. Өндөр ёс суртахуун, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ зорилгоо зөв тодорхойлох нь нийгмийн тогтвортой байдал болон хөгжлийн тулгуур зарчим болохыг онцлов. Тогтвортой хөгжил нь Монгол Улсын урт хугацааны баримт бичиг болох Алсын хараа 2050-д тусгагдсан хөгжлийн бодлогын түлхүүр хэсэг юм. Газар нутгийн хувьд Монгол Улс нь Бүгд Найрамдах Франц Улсаас гурав дахин том бөгөөд 3 сая гаруй хүн амтай тул дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай улс, орнуудын нэгт тооцогддог. Гэсэн хэдий ч Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд үүнийг дагасан хотжилт, гэр хорооллын өрхүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улмаар хотын төвлөрөл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлууд нийслэл хотод тулгамдаж буй. Жишээ нь, нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо энэ жил 650.000-д хүрсэн нь нүүрстөрөгчийн ялгарал, авто зогсоолын хүрэлцээ, замын түгжрэлийн асуудлыг бий болгож байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг өндөр хөгжилтэй улс, орнуудад нэвтрүүлээд буй зорчилт хөдөлгөөний ухаалаг шийдлүүдтэй танилцаж, цаашид Улаанбаатар хотын тээврийн удирдлагын тогтолцоонд дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг Хотын дарга онцлов. Тэрбээр Хэрэв бид хангалттай эрчим хүч үйлдвэрлэдэг болчихвол цахилгаан автобусны систем нэвтрүүлэх боломжтой болно. Жишээ нь, хотод тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлэх үүднээс 50 хувь нь цахилгаан, 50 хувь нь байгалийн хий ашигладаг хэрэгслүүдийг нэвтрүүлж болох бөгөөд үүнд такси ч хамрагдах боломжтой юм. Дэлхий нийтээрээ мэдээллийн технологид суурилсан хөгжлийн бодлогыг баримталж буй өнөөгийн цаг үед Улаанбаатар хотын хувьд ч мөн адил олон улсын жишигтэй хөл нийлүүлэн хөгжих шаардлагатай байна. Энэ хүрээнд цаашид бид мэдээллийн технологид суурилсан төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч, хотын цахилгаан хангамжийг сайжруулах, нийтийн тээврийн салбарт ухаалаг, цахилгаан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, ухаалаг, ногоон хотыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна хэмээн ярив. Ухаалаг, цахим шийдлүүд нь Улаанбаатар хотын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төвлөрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудын мэдлэг, туршлага чухал ач холбогдолтой. Иймээс мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад Улаанбаатар хотын хувьд нээлттэй байгааг Засаг дарга Д.Сумъяабазар хурлын үеэр тэмдэглэв. Цаашид Улаанбаатар хотыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг, олон улсын стандартад нийцсэн хот болгон хөгжүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлал хамгаас чухал. Үүнтэй уялдуулан зорилгоо зөв тодорхойлж, түүнийгээ тайлбарлаж ярилцах нь ойлголцол, итгэлцлийг бий болгодог гэдгийг Улаанбаатар хотын Захирагч онцоллоо. Ойлголцол, итгэлцлийг бий болгосноор урт хугацаандаа Улаанбаатар хот илүү тогтвортой цэцэглэн хөгжих юм. Цахим хурлыг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү.https://www.youtube.com/watch?v=TuJQ722cU38t=10278s НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой байдлын газраас онлайнаар зохион байгуулсан юм. Тэрбээр улаанбаатарчуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тус байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ. Хотын дарга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 81.7 хувьтай байв. Зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Мөн үер болох, хэт халах өндөр магадлалтайгаас гадна Туул, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см их байх төлөвтэй байгаа аж. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бэлтгэл бэлэн байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулсан. Зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, Нийслэлийн Онцгой байдлын газарт зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд 34 удаагийн дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг Сэлх, Туул, Дунд гол дагуу орон сууцны зоорийн давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон зэрэг дуудлага эзэлж байна. Мөн давхардсан тоогоор 57 алба хаагч зургаан удаа завьт эргүүлээр гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэжээ. Голын эрэг дагуу байрласан нийт 221 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Хотын дарга үер усны судалгаан дээр суурилж, үйл ажиллагаагаа явуулах чиглэл өглөө. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа ажлын талаар тодруулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2075 аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар шалгалт хийхэд 182 зөрчил илэрч, 99 хувийг нь арилгуулсан хэмээв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэл хотод сүүлийн үед халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болов. Байгаль орчныунаган төрхийг хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газруудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг нэхэмжлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа. Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллахыг үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй