Монгол, Оросын хилийг хамтран шалгах ажил явагдана

Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг. Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ-ний дагуу талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тус Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар санал солилцлоо гэжГХЯ-наас мэдээллээ.

Дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн 1.1 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө зориулна

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам-ын дагуу автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж хүүхдийн төлөө тусгай санд байршуулах болсон. Үүний үр дүнд энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн дуудлага худалдаанаас нийт 1.152.600.000 төгрөг төвлөрөөд байна. Энэхүү дуудлага худалдааны хүрээнд хуримтлагдсан нийт мөнгө нь хүүхдийн сайн сайхан, хүчирхийллийн эсрэг мөн хүүхдийн хөгжлийн асуудалд зарцуулагдах болно гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тушаалын дагуу мөнгийг хүүхдийн төлөө тусгай санд шилжүүлэх ажил үлдээд байгаа аж.

Улсын хэмжээнд тариалалт 90 орчим хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа, үүнээс 334.7 мянган га-д улаанбуудай, 12.4 мянган га-д төмс, 5 мянган га-д хүнсний ногоо, 7.5 мянган га-д малын тэжээл, 19.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 579 иргэн, аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өрхийн тариалан хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 иргэн бүртгэгджээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан уриалгыг хүргэж байна. Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард түмэн засгийн эрхээ барих, төлөөлөх байгууллагаар уламжлан эрхээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт нь сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаарай онцлогтой болж байна. Иргэдийн тэгш оролцоог хангах, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх үүднээс сонгуулийн тухай шинэ хууль тогтоомжид хэд хэдэн онцлог зохицуулалт хийгдсэн. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх, мөн сонгогч өөрөө хүсвэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэх хүсэлтээ гаргаснаар оршин суугаа хаягнаас өөр газарт санал өгөх боломж бүрдлээ. Санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын иргэд сонгогчид бүх нийтээрээ, тэгш эрхтэйгээр ардчилсан сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх шатны сонгуулийн байгууллагууд хичээнгүйлэн ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд ашигладаг сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагаагаа сонгуульд оролцогч талуудад, улс төрийн намуудад, хөндлөнгийн хараат бус ажиглагчдад, олон нийтэд нээлттэй танилцуулсаар ирлээ. Сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах болно. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ. Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2,087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нь дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Иймд коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах-ыг хориглосон байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүйд хүрнэ. Тиймээс сонгуулийн насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо хамгаас чухал юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч төрийн эрх барих эрхээ эдлээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийнсанал хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-ний Лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Санал авах байрандаа Та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Говийн их яруу найрагч Эрэнжидийн Хархүү Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

​ Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, Зиндаа сэтгүүлийн уран сайхны зөвлөх Эрэнжидийн Хархүү өнөөдөр /2021.06.05/төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол,тэмдгээр энгэрээ мялаалаа. Э.Хархүү нь Бичин жил буюу 1944 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Зүүн улаан овоонд төржээ. Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж, яруу найргаар хөглөгдөж яваа тэрбээр утга зохиолын алтан үеийнхэн дундаа говийн тос даасан ааруул шиг, сэвшээ хонгор салхи шиг уянга утга томсон шүлгээрээ цолгорч явсан түүхтэй. Хайрын дулаан хорвоо, Би говийн хүү, Цомбон туурайтай хүрэн, Хүрэн толгойн сүүдэр, Улаан овооноос эхэлсэн зам, Амгалан цэнхэр тал, Миний сайхан хөдөө зэрэг шүлэг найраг, өгүүллэг, хөрөг дурсамжийн 40 шахам ном эмхэтгэж өөрийн тод мөрөө тунхаглаж яваа билээ. Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуул хийж явах учиртай. Өдгөө 80 насны босго руу дөхөж яваа тэрбээр яруу найргийн номоо эмхэтгэн Дүүрэн тэргэл номоо өнгөрсөн онд хэвлүүлж уншигчдынхаа гарт хүргэсэн. Түүний Тос даасан Монгол айл, Би говийн хүү, Анхны хайр зэрэг олон арван шүлгийг нь хүүхэд багачууд төдийгүй хүн зоноороо цээжилж хоор, хоороороо уншиж явсан он жилүүд саяхан. Үеийн үед үнэ цэн, утга учир, бэлгэдэл зөн, билэг ухаанаа алдахгүй бүтээл туурвина гэдэг амаргүй. Тэгвэл түүний бүтээлүүд он жил улирах тусам үнэт эрдэнэ шиг өнгөжин гялалзаж байна. Э.Хархүү нь утга зохиолын хүрээнийхэний сор болсон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явжээ. Дорнын их Бэгзийн Явуухулангаас зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ гардаж авсан цагаас хойш Монголын Зохиолчдын эвлэлийн шагналтан болох хүртлээ Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дөнгөтийн Цоодол, Санжийн Пүрэв, Жигжидийн Бямбаа, Заяатын Ядмаа, Хоролын Зандраабайды, Сономын Чулуун гээд олон чиг сайхан найрагчидтай найраг шүлгээ дуудаж асан. Тэдэнтэй өмнийн шаргал говьдоо чиг, Москвад Пушкины хөшөөний өмнө чиг шүлэг найргаа асгаруулж, шүүрс алдалтаа хуваалцаж явсан. Тэрбээр багшилж явсан хагас жарандаа 3000-аад шавьтай болжээ. Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан ахуйдаа мянга, мянган хүүхдэд эх хэлнийхээ арвин тансаг уурхайгаас эрэл хайгуул хийж, унаган монгол хэлээр нь амлуулж өсгөсөн ач гавьяатай. Түүний гарын шавь дундаас Төрийн шагналт зохиолч Д.Төрбатаас эхлээд алдар нэрээ дуурсгасан хүмүүс олон. Э.Хархүү Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү. Нүүдэлчний реализм буюу язгуурын сэтгэлгээ гэдэг маш том философи. Хэдэн мянганы өмнөөс идээшин дасаж, гендээ бат суучихсан холч сэтгэлгээ, дотогшоо байдал, харцаараа ойлголцдог чанар, нэг үгэнд ертөнцийн ухааныг багтааж хэлдэг ухаан бол монгол сэтгэлгээ юм. Бидний багад хоорондоо хэлэлцэх нь хүртэл яруу найраг шиг цээжний эрдэмтэй өвгөд, эмгэд олон байлаа. Монгол хэл өөрөө ямар тансаг, баян, яндашгүй арвин билээ дээ хэмээн залуус хойчдоо сургамжилж ирсэн алтан сургаал нь өдөр ирэх тусам үнэ цэнээ хадгалж байна. Улаанбаатар хотод шилжин ирээд тэрбээр Улаанбаатар, Өдрийн сонин, Монголын мэдээ сонинд ажиллаж байгаад улмаар Зиндаа сонин, Хийморь сэтгүүлд уран сайхны редактораар ажиллаж байв. Өдгөө Зиндаа сэтгүүлийн зөвлөх, редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт нийгмийн түүчээ, үнэний дуу хоолой болж, ард түмнийхээ өмнө манлайлж явсан он жилүүддээ олон арван нийтлэл, хөрөг, дурсамж, шүүмж судлалын бүтээл нийтлүүлж байсан түүхтэй. Мөн залуу яруу найрагчдын номыг редакторлах, өмнөтгөл бичих, шүүмж судлал хийх гээд түүний амьдрал бичих туурвихад л зориулагджээ. Түүний ажилладагЗиндаа сэтгүүл нь оюун санааны хувьд дээгүүр түвшний мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүсийн сонгож авч уншдаг сэтгүүл билээ. Тус сэтгүүлд 30 гаруй төрлийн нийтлэл, ярилцлага ордог бөгөөд ямар ч салбарын хүн аваад уншихад сонирхолтой, чансаатай гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ л сэтгүүл түүний мэргэн шүүлтүүр, торгон мэдрэмжээр дамждаг гэж бодохоор ямархан нарийн ухаан, чимхлүүр ажиллагаатай хүн бэ гэдгийг нь илтгэнэ. Төрдөө үнсүүлж гавьяат цолоор титэмлэж байгаа Эрэнжидийн Хархүүгийн өмнөөс уншигч олон тэр дундаа Өмнийн говийнхан магнайгаа хагартал баярлаж, Мөн ч удаан хүлээлээ хэмээн шагшран шогшрон хүлээж авлаа. Амгалан говийн тэнүүн ухаанаар аливаад атгаг сэтгэл, атаа хорслоос ангид оршсон түүнийг юу ч өөрчилж чадсангүй. Гагцхүү сайн уран бүтээл, сайхан шүлэг найргийн төлөөнөө л оюунаа ширээж, билгээ хурцалж явлаа. Ай даа, шагнал гэдэг нүдээ олох сайхан. Нүд дүүрэн, нүүр бардам, хэлэх үгтэй, хийсэн юмтай хүн гэдэг цол шагнал руу цоройж биш цолгорч авдаг ажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.