ҮСХ: Дөрөвдүгээр сард ХДХВ-ын тохиолдол илрээгүй

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны эхний дөрвөн сард 27.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.2 мянга (2.3 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 21.9 мянга (578.3 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлснийгҮндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин салхин цэцгээр өвчлөгчид 1,529 (93.6%)-өөр, Цусан суулгаар өвчлөгчид 416 (77.3%)-гаар, Вируст хепатитаар өвчлөгчид 110 (68.3%)-аар, Мөөгөнцрөөр өвчлөгчид 823 (63.0%)-аар, Тэмбүүгээр өвчлөгчид 1,346 (50.5%)-гаар, Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 96 (47.5%)-гаар, Трихомониазаар өвчлөгчид 822 (45.2%)-оор, Гонококкт халдвар 893 (44.5%)-аар, Сүрьеэгээр өвчлөгчид 466 (37.4%)- гаар буурчээ. Харин дөрөвдүгээр сард нийт халдварт өвчний 15.9 мянган тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү бүртгэгдсэн нь өмнөх сараас 8.6 мянга (2.2 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 9.2 мянга (2.6 дахин)-аар нэмэгдэж, бусад өвчлөл 5-113 тохиолдол (2.7%-64.7%)-оор буурчээ. Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол 314 байгаагҮндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Фото мэдээ: НОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ

НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын Түр журам батлах тухай А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ.Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа. Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.Зөрчил, дутагдал нэлээдгүй байсан ч дүрэм, журмаа баримтлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй таарч байсан талаар ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бүх ажилтан, алба хаагчдаа дархлаажуулалтын II тунд хамруулж, үйлчлүүлэгч нарт цаг өгч үйлчилж хэвшжээ. ​ ​

Гэр хорооллын автобусны буудлуудыг угааж, ариутгаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг Шинэ ариусгал, УБ ариутгал, ГАДС, Гантуяа, Санхими, Ариун сан нар ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна. Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход Шинэ ариусгал компанийн ажилчид хөөстэй угаалга хийж байсан юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн автобусны буудлуудыг хариуцаж байгаа бөгөөд тав дахь удаагаа угаалга, ариутгалаа хийж байна гэлээ. Шинэ ариусгал компанийн ажилтан Иргэд бидний ажилд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Автобусны буудал угааж байхад Баярлалаа гэж их хэлдэг. Манай компани Тамхины ишээ битгий хаяач ээ гэсэн уриалга гаргаад, бүх автомашин дээрээ наасан. Тамхины иш цэвэрлэхэд их хэцүү. Тиймээс иргэд тамхины ишээ хогийн саванд хаяж хэвшээрэй. Цэвэрхэн хотыг бий болгоход иргэн таны оролцоо чухал шүү гэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж байна. Хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй байна. Учир нь иргэд ил задгай нус, шүлс, хог хаяхаа больж байгаа. Иргэд ам сайтай байна. Цаашид бид энэ ажлыг жил бүр зохион байгуулна. Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгана гэлээ. Мөн Гэр хорооллын 200 гаруй автобусны буудлын угаалга, ариутгалыг бүрэн хийж байгаа гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ирэх сард дуудлагаар худалдаалах улсын дугаарууд

2021 оны зургаадугаар сарын 14-25-ны хооронд болох тээврийн хэрэгслийн дуудлага худалдааны хуваарь, улсын дугааруудыг танилцуулж байна.

Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 200 мянган мод тарина

Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Хурлаар 28 хороонд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч, хийх ажлуудын төлөвлөгөөг гаргасан байна. Уг төлөвлөгөөнд: 2021 оны 05-р сарын 19,20,21-ний өдөр Ногоон орчныг дэмжье уриан дор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой төгөл шинээр байгуулж, жил бүр мод тарих өдрийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулан жил бүр ойн санд 40-50 мянган ширхэг мод бут тарьж иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, сул хөр шороо бүхий газрыг ногоон байгууламж болгон тохижуулах, байгалийн эко системд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 11,20,23-р хорооны 4 байршилд 143.2 га талбайд 200 мянган мод бут, тарихаар төлөвлөлөө. Баригдах 4 төгөлийн хувьд УИХ-ын гишүүндийн төгөл 11-р хороо Баянзүрх хайрхан уул Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл 11-р хороо Баянзүрх хайрхан уул Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл 23-р хороо Улиастай голын баруун талд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын төгөл 20-р хороо /Гачуурт тосгон, Арцтын ам/-д нэршил бүхий тус тус төгөл байгуулахаар боллоо. Мөн 2021 оны 05-р сарын 22,23-ны өдөр Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ уриатай Хаврын их цэвэрлэгээний ажлыг хийхээр боллоо. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор хийхээр боллоо. Дээрх хийгдэх Ногоон орчныг дэмжье төгөл байгуулах ажил, Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ их цэвэрлэгээний ажилд Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, эрүүл сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна гэжБаянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.