Энхтайваны гүүрэн гарцыг өнөөдөр 20:00 цагаас ирэх сарын 8-ны 06:00 цаг хүртэл хаана

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас 5/08-ны өглөө 06:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд тус гүүрийн хэв гажилтын заадсыг засна гэж гүйцэтгэгчээр ажиллах Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна. Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомстох эсвэл эх сурвалжууд давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын үеийн төр засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулах үүргийг хуулиар хүлээн ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэг адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакциуд үүдээ хааж байна. Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь хараат бус чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бүрдүүлэгч олон ургальч үзэл, олон талт эх сурвалж, редакцийн чөлөөт байр суурь, санхүүгийн бие даасан чадавх зэрэг хүчин зүйлүүдийг улам бүр сулрууллаа. Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, Мэдээллийн урсгал хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цар тахлын дэглэмийг үл харгалзан тэмцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, ойрын хугацаанд цахим уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх саналыг танилцуулав. Мөн Екатеринбург хотноо 2021 оны долдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн ИННОПРОМ-2021 үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг урин, тус үзэсгэлэнгийн үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурдав. Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа төдийгүй хоёр талын хотуудын харилцаа идэвхтэй өрнөж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирснийг онцлов. Тэрбээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын зүгээс санал болгосон хамтран ажиллах саналыг судалж үзэн, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО

​ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ Хүчилтөрөгч дамжуулах төвийг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих шийдвэр гаргасан. Одоогоор ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, зөөвөрлөдөг. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Ковид-19-ийн эмчилгээний өрөөнд шууд дамжуулах, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломж бүрдэнэ. Үйлдвэр ХБНГУ-ын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч цахилгааны болон хийн холболтуудыг хийж байна. Энэ долоо хоногт туршилт хийж ажиллагааг нь жигдрүүлнэ гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өнөөдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана. АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.