Уриалга

2021-04-27 10:02:32 Нийтлэгдсэн: Нийгэм
Уриалга

Коронавируст халдварт цар тахлын тархалт Монгол Улсад эрс нэмэгдэж, улс орны нөхцөл байдал сайнгүй байгаа энэ цаг үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахын зэрэгцээ гэр бүл, нийгмийн харилцаанд хүн бүр эрх тэгш оролцох, аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, алагчлалаас ангид байх, төрийн үйлчилгээ нь хэнийг ч орхигдуулахгүй, тэгш хүртээмжтэй байх явдал тулгамдсан сорилт болж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тухай УОК-ын 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр хатуу хөл хорио үргэлжилж буй энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, далд буй хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс иргэд, олон нийт, төрийн холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан энэхүү уриалгыг гаргаж байна. Хөл хорио тогтоосон, зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээний үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг орчинд тусгаарлалтад ордог учраас тэдний хатуу хяналт, эрхшээлд орж хохирох явдал нэмэгддэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар, хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо 2.2 дахин өссөн байна. Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, далд байгаа хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бид бүгдээрээ сонор сэрэмжтэй байж, сайн хөршийн үүргээ биелүүлэн, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хуульд заасан иргэний журамт үүргээ чанд сахин биелүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс уриалж байна. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн байгууллага, Хамтарсан баг хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн хяналтаа сайжруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг түгээх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн контентуудыг өргөн хүрээнд бэлтгэн хүргэх талаар санаачлага гарган ажиллахыг уриалж байна. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

“Олон Улсын өсвөрийн энтрепренерүүд 2021” уралдааны ялагчид тодорлоо

Global Youth Entrepreneurship Challenge(GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг уламжлал болгон тав дахь жилдээ Хүүхдийг Ивээх сан,Хөгжлийн шийдэл ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгууллаа. Уралдааны дүнг энэ сарын 26-нд гаргаж, улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох ялагчдаа тодруулсан юм. Энэхүү уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны нэгдүгээр шат энэ оны гуравдугаар сард явагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 23 баг энэ сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн 12 цагийн турш цахим орчинд өрсөлдсөн юм. Багууд Ковид-19 урт хугацаанд үргэлжилж сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашигласан цахим, инновацлаг бизнесийг санал болгох нь сэдвийн хүрээнд бизнес төлөвлөгөө гаргаж, бизнесийнхээ танилцуулгыг 3 хүртэлх минутын видео хэлбэрээр бэлтгэж өрсөлдөв. Үндэсний болон олон улсын гэсэн хоёр шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараах багууд бусдыгаа тэргүүллээ. Үүнд: Монгол хэлээр явагдсан Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан-д: I байр: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид) II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид) III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид) Харин англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн 12 багаас дараах 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 29-нд болох эрхээ авлаа. I байр: THE BRIDGE баг (Сант болон Орчлон сургуулийн сурагчид) II байр: MONSAMURAI TECHNOLOGIES баг (1, 11, 84, 76, Орчлон, Шинэ Монгол Косен, Бритиш Скүл сурагчид) III байр: FOCUS баг (44-р сургуулийн сурагчид) Өмнөх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд явагдсан юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан болон Төв аймгаас хамрагдаж, амжилттай оролцсон. Эдгээр багуудаас Зуунмод хотын Growth баг Үндэсний уралдааны 4 дүгээр байр эзэлсэн юм. Сурагчид Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанаас нийгмийн тулгамдсан асуудалд өсвөр үеийнхэн хамтран шийдэл хайх нь ямар ач холбогдолтой, энтрепренер сэтгэлгээг түгээснээр нийгэмд ямар дэвшил авчирдаг талаар ойлгож, ирээдүйг илүү гэрэлтэй, өнгөлөг болгох хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга хэрэгсэл, ур чадваруудаа олж авдаг. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс нийт 1847 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 239 иргэн хандсанаас 107 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 132 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1676 буюу 90.7 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой буюу үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна. Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ[email protected]цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийгwww.smartcar.mnцахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхтэй холбогдуулан "Буянт-Ухаа" нисэх буудал зорчигчдоо хүлээж авахад бэлэн болжээ

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Тогтмол нислэг үйлдэж эхэлхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, ачаа тээврээс тахлын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын тогтоол, шийдвэр, зөвлөмж холбогдох дүрэм журам зааврыг мөрдлөг болгон зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, мөн сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг гаргажээ. Зорчигчдод амны хаалт зүүх, бээлий өмсөх, ариутгалын бодис биедээ авч явах талаар тогтмол сануулга өгч ажиллах шинэ нөхцөл байдал үүсэжбайгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдварбуурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэсээр байна гэжИНЕГ-аас мэдээлэв.

Хөвсгөлийн Ханх сумын нутагт 4.2 магнитудын газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т Оёг хэмээх газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т өчигдөр 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.