Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүллээ. Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавирусийн зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. Тодруулбал, замын заадас, засварын ажлыг Энхтайваны өргөн чөлөө буюу ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замд хийж эхэллээ. Мөн тэмдэг, хайс арчлалтын ажлыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудад хийж байна. Түүнчлэн Гачууртын гүүрний далангийн бэхэлгээний ажил хийж байгаа юм. 2021 онд нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65.000 ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 метр урт заадас, 65359.47 ам метр тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннелийн засварын ажлууд хийхээр төлөвлөсөн юм. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Нийгмийн даатгалын сангийн зарлага 15 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 (13.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн 2021 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 156 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь салбарын үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх зорилтын хүрээнд статистик тоон мэдээллийг нэг цонхонд нэгтгэлээ. Тус статистик мэдээллээс цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia болон гар утас, интернэтийн хэрэглээ, телевизийн олон сувгийн үйлчилгээ, үүрэн холбооны хэрэглэгчдийн мэдээллийг олж харахаас гадна салбарын хүний нөөц, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаарх дата мэдээллийг авах боломжтой болжээ. Тодруулбал, E-Mongolia систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1,104,753 хэрэглэгчтэй болсон бол телевизийн олон сувгийн хэрэглэгчид 747,797 -д хүрчээ. Харин үүрэн холбооны хэрэглэгчид давхардсан тоогоор 4,363,919 -д хүрсэн бол ухаалаг гар утасны хэрэглэгчид 3,405,966 болжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр нэрлэгдээд байгаа бөгөөд тус салбар нь 2016 онд 965 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 1398 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ мэтчилэн цаашид салбарын үйл ажиллагаа, статистик мэдээллийг нээлттэй, ил тод байлгах байдлыг хангах, салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэхээр ажиллаж байна. Статистик мэдээлэлтэй ХХМТГ-ын албан ёсны сайтwww.cita.gov.mnсайтаар зочилж танилцаарай.

ТУУЛ ГОЛД БОХИР УС ЦУТГАЖ БАЙНА ГЭХ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газар нутагт Туул голруу бохир ус асгаад байна гэх мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Ди Ди Эм Ти ХХК -нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний ус шавхаж байгааг тогтоож зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.