О.Гэрэлт:Од: Залуучуудынхаа төлөө хамтарч ажиллахыг уриалж байна

Монголын Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Бид ойн хүрээнд залуучуудын эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, хувь хүн, иргэний нийгмийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах санаачлага гаргаж байна. Монголын залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүрэг, байгууллагуудын дэмжлэг нь өөр өөрийн хэлбэр, арга замтай байдаг. Тиймээс залуучуудын хөгжлийг дэмжих нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох чиглэлд хамтарч ажиллахыг хүссэн байгууллагуудыг урьж байна. Холбогдохыг хүссэн хувь хүн,албан байгууллага: Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од фэйсбүүк пэйж хуудас, МЗХ-ны төв байр 99158128 дугаарын утсаар хандана уу.

Төслийн уулзалт боллоо

2021-03-23 11:50:30 Нийтлэгдсэн: Нийгэм
Төслийн уулзалт боллоо

​ Европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төслийн асуудлаарх уулзалт боллоо. Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкевич, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хуралд оролцох үеэр сайд А.Ариунзаяа энэхүү төслийг хамтран амжилттай хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Хурлын үеэр оролцогчид төслийн хэрэгжилтийг хэрхэн зохицуулалтаар хангах талаар санал бодлоо солилцож, Удирдах хороог нэн даруй байгуулж, хуралдуудахаар тохирлоо. Эх сурвалж: ХНХЯ

Өвөрхангайн Хужирт суманд амарсан 14 хүний эхний шинжилгээ эерэг гарч, хязгаарлалт тогтоолоо

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид Хужирт ХХК-ийн амралт сувиллын газарт ковид19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр тус суманд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хариу арга хэмжээний баг ажиллаж сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байна. Эрсдэлтэй хугацаанд /2021 оны 03 дугаар сарын 01-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд СУЛ ЭЕРЭГ гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, эрсдэл өндөр боллоо. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 00.10 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх 4 суманд хөл хорио тогтоож, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов. 2. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав. 3. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав. 4. Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд Эрчим хүч Дулааны үйлдвэрлэл Хүнсний худалдаа, үйлдвэрлэл Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага, Уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав. 5. (Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Дархан-Уул аймагт 3 иргэнээс коронавирусын халдвар илэрлээ

Өчигдөр 16:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн Сэмжид-Хужирт сувилалд амраад Дарханд ирсэн 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад 19:30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ. Дарханд Ковид-19-ийн халдварын батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын иргэд юм байна.Тухайн иргэдийн дам хавьтлын бүх иргэдийг тодорхойлж түргэвчилсэн шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарчээ. Батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэд энэ сарын 21-22 нд шилжих шөнө Дарханд иржээ. Халдвартай иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчлэх ажлыг өнөө шөнөдөө багтаан эхлүүлнэ. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааг үргэлжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр дахин өргөмжиллөө. Мөн нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын нисгэгч С.Сайнцаг нарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасан юм. Шагнах гардуулах ёслолд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан, нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй хүмүүс оролцов. Ёслолыг нээж нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ 40 жилийн тэртээх Монгол хүн сансарт анх ниссэн энэ үйл явдал бол манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын үүсэл болсон. Тиймээс энэ өдрийг хүүхэд залууст таниулах, бахархуулах олон арга хэмжээг Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох газрынхан хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын сансар судлалын үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Джанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол Улсын анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанг өндрөөр үнэлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн хүндэт иргэнээр дахин алдаршуулж байна гэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.