Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Нэг хаалга-Нэг шнжилгээ авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна гэдгээ хэлсэн. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна гэлээ. Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна. Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай гэлээ. Мөн Энэ сарын 23-наас иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гуравдугаар сарын нислэгийн ХУВААРЬ

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.Гадаадаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах байранд, дөрөв хоног гэртээ тусгаарлагдана гэлээ. Тусгаарлалтын хоёр дахь болон найм дахьхоногуудад шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь гэрт нь гаргана гэв. Тусгай үүргийн нислэгийн талаар: Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Анх энэ сард 4 нислэг төлөвлөж байсан бол харин одоо нийт 7 нислэг боллоо. Гуравдугаар сард нийт: 12 нислэг хийнэ. Үүнээс Сөүл рүү 6 удаа хийх бөгөөд зөвхөн транзит нислэг хийнэ гэв. Учир нь Солонгос улсад халдвар авагсдын тоо их байгаа тул транзитаар ирэх иргэдээ Сөүлээс ирэх хүмүүстэй холихгүй байхаар болжээ. Мөн Токио хот руу 3 удаагийн нислэг үйлдэх ба Японд байгаа оюутнуудыг авчрах юм. Түүнчлэн Казахстаны нийслэлНур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ гэлээ.

Ховд аймаг хөл хориогоо гурав хоногоор сунгалаа

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өчигдөр хуралдаж, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ дахин гурав хоногийн хугацаагаар сунгасан байна. Учир нь сар шинийн баярын өмнөхөн нийслэл Улаанбаатар хот буюу халдварын голомтот бүс нутгаас очсон иргэдийн гэрийн ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Аймгийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 3-наас хойш ирсэн нийт 1036 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа аж. Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Ховд аймгийн нутаг дэвсгэр сум орон нутгаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 00:00 цагаас хоёрдугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Түүнчлэнтус аймагт зах худалдаа, үйлчилгээний төвүүдийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээхээр болжээ.

Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүрэн гаргав

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй. Энэ онд мэдүүлгээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан байснаас хуулийн хугацаанд бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргаад байна. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдүүлгийг шинэчлэн гаргах үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан нь үр дүнтэй болов. Нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буй нь хариуцлага, ёс зүй нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Хуульд заасны дагуу албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг 2 дугаар улиралд багтаан нийтэд ил тод байдлаарhttp://xacxom.iaac.mn/цахим хуудсанд байршуулна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстойг сануулав

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: -Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 202 автобус гарсан. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь өчигдрийнхөөс 5700-гаар нэмэгдсэн. Мөн ачаалал үүсч байгаа чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: -Тусгай чиглэлээр явж буй автобуснуудын цагийн хуваарийг иргэдэд маш тодорхой, хүртээмжтэй мэдээлээрэй. Нийтийн тээврийн маршрутыг мөн нэмж гаргах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачууртад нийтийн тээвэр очихгүй байна гэж байна. Тэнд зайлшгүй ажиллах чиг, үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүнсний худалдаа эрхлэгчид байгаа. Мөн ЭСЯ-ны ажилтнууд, зарим төрийн албан хаагчдын зүгээс автобус ирэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Хоёр цаг гаруй автобусны буудал дээр зогссон гэж хэлж байна. Энэ бол нийтийн тээврийн явах цагийн хуваарийг иргэд мэдээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт шинжилгээний явцын байдал ямар байна? -Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис: Хуваарийн дагуу Нэг хаалга-Нэг шинжилгээ өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр үргэлжилж байна. Өглөөнөөс хойш 11,000 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Дүүргүүд дээр үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтнуудын шинжилгээг авч байна. Дүүргүүдийн онцгой комисс, Шуурхай штабын дарга нарт иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шинжилгээг түргэн шуурхай, халдвар хамгааллын дэглэмийн дор авахыг үүрэг болгосон. Д.Сумъяабазар: За 72 цаг гэдэг ойлголт огт байхгүй шүү. Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн бүх шинжилгээ хүчинтэй. Нэг өрхөөс нэг хүн л шинжилгээ өгөх ёстой. Хатуу хөл хорио 23-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хүнсний хангамж, хот тохижилт, ус дулаан, гэрэл цахилгаан гээд инжненерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.