Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг бариулж ажиллахыг зөвлөлөө. Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах, тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулав. Түүнчлэн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүд дараах журмыг баримтална

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.Үүнд: -Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх, -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, -Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх, -Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, -Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх, -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхааруулж байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдлээ

Нийслэлд /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газраас Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм гэв. Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газар

Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд, цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна. Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна. № Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл 1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/ 2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт 3. Бүх төрлийн баар 4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа 5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ 6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/ 7. Саун, бассейн 8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/ 9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ 10. Үсчин, гоо сайхан, хумс засал 11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв 12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал 13. Нийтийн халуун ус 14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэйхарилцах хэлтэс

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа. Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ. Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм. Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.