"Улсын тусгай хамгаалалттай газраас загас барьсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна"
2022-01-05 10:04:26 Нийтлэгдсэн: Нийгэм Завхан аймаг дахь цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагЭкологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн тус аймгийн Улаагчны хар нуур нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулав. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Үндэсний статистикийн хорооноос мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2021 оны 12 сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулжээ. Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдож, нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянга буюу 0.4 хувиар өссөн байна. Үүнийг малын төрлөөр авч үзэхэд адуу 4.3 сая, үхэр 5 сая, тэмээ 454 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая тоологдов. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 289 мянга буюу 6.1 хувиар, адуу 230 мянга буюу 5.6 хувиар тус тус өсч, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 онд Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая толгой мал тоолуулсан бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая толгой мал тоолуулсан байна. 2021 онд малын тоо Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгаас бусад аймагт өссөн байна. Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл, хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсч харин хонь 12.1, үхэр 3.5, адуу 2.3, тэмээ 1.4 нэгж хувиар тус тус буурсныг илтгэв. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-01-05 09:42:58 Нийтлэгдсэн: Нийгэм Баянхонгораймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 46 км-т Хөндлөн булаг багийн нутаг Бухын-Ам хэмээх газарт нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
АТГ эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
2022-01-05 09:40:07 Нийтлэгдсэн: Нийгэм Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй есөн гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 500 хэрэг шалгагдаж байна. Эх сурвалж: АТГ
Энэ сарын 05-наас 09-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй