24 цагийн хугацаанд 4258 хүнээс шинжилгээ авлаа

​ Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4258 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 4120 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Харин Нэг өрх-Нэг иргэн шинжилгээнд нийт 72747 хүн хамрагдлаа. Эдгээр шинжилгээг 31 цэгт 543 эмнэлгийн ажилтан авсан байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хорио цээрийн дэглэмийн үед дүйцүүлэх алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт алба хааж буй цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид урьдчилсан шинжилгээ авч буй цэг, нөөцийн мах борлуулах цэгт цагдаагийн хамгаалалтад дэмжлэг үзүүлж ажиллалаа. Мөн дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх хүнсний тусламжийн барааг савлах, хүргэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ хийх зэрэг ажилд үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна улс орон даяар үүсээд байгаа хөл хорионы үетэй давхцан Монгол орны 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, мал бүхий иргэдэд хүндрэл үүсч буй. Тиймээс Багануур дүүргийн Дүйцүүлэх алба хаагчид 1500 гаруй боодол өвсийг дүүргийн мал бүхий 30 гаруй айл өрхөд тараах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн цэргийн штаб

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.12.10/ ээлжит бусаар хуралдлаа.Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын орлогч дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр нар мэдээлэл өгөв. Мөн хуралд оролцсон нийслэлийн удирдах ажилтнууд хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлуудын уялдаа холбоо, өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан асуудлыг хэрхэн оновчтой, хурдан шуурхай шийдвэрлэх талаар санал солилцлоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлыг сайтар хангах, тэдгээрийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг сайн хүргэхийг үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МСНЭ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2020-12-11 11:00:21 Нийтлэгдсэн: Нийгэм
МСНЭ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам /Засгийн газар/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 13.14 худал мэдээлэл тараах заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд ИРГЭНИЙ амыг үдэхээр шийдсэн байна. Илт худал мэдээллийг тараах, түгээх буруу гэж хууль санаачлагчид тайлбарлах байх. Гэхдээ эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох илтэд худал мэдээлэл гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй алхмыг эсэргүүцэж, цензурийн эсрэг, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байна! Эрүүгийн хуульд нэмэлт өөртлөлт оруулах тухай энэхүү линкээр орж үзнэ үү? https://mojha.gov.mn/newmojha/?topic=%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D0%B4-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D0%BB%D1%82-%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82-%D0%BE%D1%80%D1%83%D1%83-2fbclid=IwAR2ruPQRoZZ-zv9Et3qk0yDzQN8-RV-J_IcTd5w3uFuJjlfLXMK8WsM4UGA

Товчоодоор хот руу 5880 иргэн нэвтэрч, 15785 зорчигч гарсан байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 2315 тээврийн хэрэгслээр 5880 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 3244 тээврийн хэрэгслээр 15785 зорчигч хотоос гарсан байна. Нийт 21665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.