“Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70838 иргэнийг хамруулаад байна

Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрууллаа. 2020.12.10-ны байдлаар 7096 хүнд шинжилгээ хийснээс 6925 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Үүнээс 70000 өрх, иргэн шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийт 70838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулсан юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлүүдтэй цахимаар албан бичиг солилцох боломжтой боллоо

Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2020 оны 5 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн бүх шатны байгууллагуудад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээж, хариугаа мөн тухайн системдээ хүлээн авах боломжтой болсон юм. Тэгвэл өндөржүүлсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн Түр бүртгэл (Ковид-19) цэсийг дээрх системд 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн нээж байгаа бөгөөд Түр бүртгэл (Ковид-19) үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад систем ашиглах түр хугацааны эрх олгож, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжийг ийнхүү олгож байна. Энэхүү түр бүртгэл нь 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 01-ний өдрийг хүртэл нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд түр эрх бүхий байгууллагууд нь тоон гарын үсэг авч https://smartoffice.mn систем ашиглах эрхээ баталгаажуулах шаардлагатай юм. Иймд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна. Ингэснээр та эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, төрийн байгууллагуудад илгээсэн албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг байнга хянах зэрэг олон давуу талтай юм. Тус системийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны 935 байгууллагад албан бичиг илгээх боломжтой. Үүнд: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд (34 агентлаг) Нийслэлийн өмчит төсөвт байгууллагууд Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд Төслийн нэгжүүд 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүд Нийслэлийн 171 хороод Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд Нийслэлийн өмчийн цэцэрлэгүүд Эх сурвалж: Нийслэлийн мэдээлэл, технологийн газар

Даваа гарагаас эхлэн ресторан, кофе шоп, хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана

Даваа гарагаас эхлэн 34 салбарын үйл ажиллагааг хэвийн ажиллахаар болсон билээ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Зарим үйлчилгээний байгууллагууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу 07:00-21:00 цагт ажиллахаар болсон байна. Уг цагийн хуваарийн дагуу: Ресторан, Кафе, Хайпермаркет, Супермакет, Минимаркет, Хүнсний дэлгүүр Зоогийн газар, Сүлжээ хоолны газар, Кофе шоп, Хүнсний болон ахуйн барааны дэлгүүр ажиллах болсон гэж Засгийн газрын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны Алтан унжлага хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг Зулын 25 хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг. Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа юм. Богд Ламын дүйчэн Зулын 25-ны өдөрт зориулж Монголын бурханы шашинтны төв (МБШТ) Гандантэгчэнлин хийд, МБШТ-ийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн Хурлын гишүүн Төв хийдүүд, дүйчэн зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал Мэгзэм-ийг бүтэн өдрийн турш дуу таслалгүй хурах ажээ. Энэхүү буян номын арга хэмжээг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны 07:30 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний 08:00 цаг хүртэл Бурхан багшийн Их дүйчэн өдөр фэйсбүүкийн пэйж хуудсаар шууд дамжуулах юм байна. Зулын 25-нд хийх зан үйл: Зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ. Зарим газар муулсан малынхаа баруун бөөрний өөхөөр зул хийж өргөдөг нь нэг талаас өөрсдийн хийсэн амьтны амь хорлосон нүглээ наминчилж, нөгөө талаас хороогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэгтэй холбоотой аж.

Олон улсын орон сууцны байгууллагуудын форум боллоо

Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор Азийн хотуудын орон сууцны IV форум-ыг өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уг арга хэмжээ энэ жил Олон улсын орон сууцны байгууллагуудын форум болж өргөжин, цахим хэлбэрээр өнөөдөр /2020.12.09/ боллоо. Энэ удаагийн форумыг Сөүл хотын орон сууцны корпорац зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, Австрали Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц улс, БНСУ, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчид оролцов. Форумаар халамжийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах цаашлаад орон сууцжуулалтын зөв бодлогоор хотын эдийн засагт сайнаар нөлөөлөх улс орнуудын шийдэл болон туршлагыг солилцдог билээ. Энэ удаагийн форумаар орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, орлогын хувьд холимог хэлбэрээр оршин суух бодлогыг дэмжих талаар хэлэлцэв. Учир нь дэлхийн олон хотуудад орон суууцжуулах бодлого буруу хэрэгжсэнээс орлого багатай иргэд нэг дор төвлөрч, түүнийг дагасан хүндрэлүүд үүсч байгаа юм. Тиймээс энэхүү асуудлыг бодлогын хэмжээнд хэрхэн шийдвэрлэх талаар Олон улсын орон сууцны байгууллагуудын форумаар хэлэлцсэн гэж Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.