Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийнhttps://smartoffice.mn/системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм. Дээрх харилцааг Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тоон гарын үсэггүй аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан Түр бүртгэл (Ковид-19) үйлчилгээг системийн хөгжүүлэгч болон Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлэхээр системийн бэлтгэл ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс хийж байна. Энэхүү Түр бүртгэл (Ковид-19) үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагууд систем ашиглах түр хугацааны эрх авч, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжтой юм. Түүнээс гадна уг системээр албан бичиг солилцох аж ахуйн нэгж байгууллагуудын албан бичигт Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт-ыг хангасан байх шаардлага тавигдах юм. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй байна. Түр эрхтэй хэрэглэгчид нь 2021 оны 02-р сарын 01-ний өдрийн дотор Тоон гарын үсгээ гэрчилгээ олгогч байгууллагаас авч, бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатайг онцгой анхаарна уу. Одоогийн байдлаар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс Са ХХК, Ви Эс Эм ХХК, Нью компас ХХК зэрэг байгууллагууд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байна. Тоон гарын үсэг олгогч байгууллагуудын мэдээлэл: Тридум кей ХХК Утас: 7012-0722 Монпасс Са ХХК Утас: 1800-2535 Ньюкомпасс ХХК Утас: 7011-9190, 9901-8525, 9111-1104 ВиЭсЭм СА ХХК Утас: 7600-1617 НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Монгол-Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээжээ
2020-12-03 13:48:56 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар төмөр зам ХНН-т Ковид-19 халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 916 хүн нь хамрагдаад байгаа юм байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна. Замын хэмжээнд нийт 2144 ажлын байр, 96.190 м2талбайд, мэргэжлийн байгууллагуудаар 264 ажлын байрны 8327 м2талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Зөөврийн 130 зүтгүүр, ачааны галт тэрэгний 661 зүтгүүр, сэлгээний 134 зүтгүүрийг ариутгасан байна. Гэрээт байгууллагаар 137 галт тэрэг, 7133 вагон, чингэлэгт, өөрсдийн хүчээр Сүхбаатар, Дархан, Замын-Үүд өртөөнд байрлаж байгаа зорчигчийн 16 вагон, Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялж байгаа тээшийн гурван вагонд халдваргүйжилт хийлгэжээ. Шуурхай бүлгийн 14 удаагийн хурлаас Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн 139 үүрэг, даалгавраас 135 нь 100 хувийн биелэлттэй, дөрөв нь 70 хувийн биелэлттэй байна. Мөн Монгол-Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээн ажиллуулах болсонтой холбогдуулан коронавируст халдвар, цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдрөөс тус боомтод ажиллаж эхэллээ. Шуурхай бүлгийг МХЕГ-ын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Хосбаяр ахлан ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.
МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна. Уг албан тушаалд Ш.Отгон-Өлзий нэр дэвшжээ. Ш.Отгон-Өлзий нь МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бол 2013 онд АНУ-ын American Councils сургууль: Хэвлэл мэдээлэл ба улс төрийн чиглэлээр, 2014 онд АНУ-ын Харвардын сургуульд: DIGITAL MARKETING: SOCIAL MEDIA AND ONLINE STRATEGIES сэдвээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Мөн Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер, Тайванийн Нанхуа их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Бодь-Электроникс ХХК -д вебмастер, програм хөгжүүлэгч, Оргилсофт ХХК-д мэдээллийн технологийн хэлтсийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд тус тус ажиллаж байсан аж. Мөн тэрээр Монгол брэнд холбоог тэргүүлэн ажилладаг бөгөөд тус холбоо нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг цахим орчинд сурталчилан таниулдаг юм байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал болно. Ерөнхий захирлыг гурван жилийн хугацаагаар томилдог.
Өнөөдрөөс эхлэн нэг шуудай сайжруулсан түлшийг 1875 төгрөгөөр худалдана
2020-12-03 10:33:01 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшийг өнөөдрөөс эхлэн нэг шуудайг нь 1875 төгрөгөөр худалдана. Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрээ Ерөнхий сайд өчигдөр танилцуулсан юм. Нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Харин өнөөдрөөс гэр хорооллын иргэд тал үнээр нь авах боллоо. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх бий. Тэд өвөл өдөрт 4,000 тонн, сард 120 мянга орчим тонн сайжруулсан түлш хэрэглэдэг байна. Дээрх шийдвэр хэрэгжих дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэг үзүүлэх тооцоог хийжээ. Энэ санхүүжилтийг төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК гаргахаар болжээ. 50 хувийн үнийн хөнгөлөлт зөвхөн иргэдэд хамааралтай бөгөөд ААН-үүдэд үйлчлэхгүй. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.
Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй
2020-12-02 10:07:47 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй хэмээлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй