Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар, Онон, Улз голын хөндий болон Дорнодын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Төрийн банкны тооцооны төвөөс тэтгэвэр авагчид карт авна

Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авдаг иргэд 2020 оны 11 дүгээр сарын 27,30-ны өдрийн 9:00-16:00 цагийн хооронд Төрийн банкны тооцооны төвөөс картаа авах боломжтой юм байна. Улмаар 2020 оны 12 дугаар сараас эхлэн иргэд тухайн картаараа орон зай, цаг хугацаа үл хамааран тэтгэврээ авах боломж бүрдэж байгаа аж.Энэ нь цар тахлын үед тэтгэвэр авагч нар банкинд очер дараалал үүсгэхгүй байх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, цаг заваа хэмнэх зэрэг давуу талтай. Карт авах байршлын талаар өөрийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дод дурсан утсаар мэдээлэл авах юм байна.

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоноос 160 гаруй иргэн, 50 гаруй тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Үүнд холбогдох арга хэмжээг авч ажилласан. Арваннэгдүгээр сарын 26-ндмөн л 61-ийн гармын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр Сэлэнгэ, Дархан, Төв аймгаас самарчид гэх тодотголтой 90 орчим автомашинтай 400 гаруй энгийн иргэн ирж, нийслэл рүү нэвтрэх гэж эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Хөл хориотой холбоотойгоор НОК-оос автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод анхааран ажиллаж байна.Иргэд Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүй орох гэж оролдож байна. Нийт иргэддээ хөл хориотой холбогдуулан хот руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс тээвэрлэх гэсэн зайлшгүй шалтгаанаар хот руу орж, гарахыг зөвшөөрч байна гэв.

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Тавантолгойтүлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавирусийн халдварын хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, тэдгээр иргэнийг түлшээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, дугуй засвар, үсчин, оёдлын цех зэрэг ажил эрхэлдэг байсан хүмүүс олон. Та бүхэн энэхүү түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой шүү хэмээн зөвлөлөө. Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Сайжруулсан түлшний түгээлт хэвийн явагдаж байна. Маргааш орой гэхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн түлшийг хүргэж дуусна. Бид шахмал түлшнээс гадна зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Амралтын өдрүүдээр дахин хүнсний тусламж үзүүлэх судалгааг гаргасан байна хэмээв. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус халисан байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын Шуурхай бригад ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийж байх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.