Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд ажлаа хүлээн авч байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан 5 нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Д.Сүнжид, Х.Мөнхзул нарыг томилохоор баталсан билээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Бямбацогт болон тус хорооны ажлын хэсгийн төлөөлөл 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүдэд үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томиллоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн товч танилцуулга: Хүрэлбаатарын Мөнхзул 1974 онд Сүхбаатар аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1982-1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн даргаар, 1998-2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр, 2002-2009 он Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагчаар, 2009-2011 онд Хүний эрхийн Үндэсний Комисст Бодлого, дүн шинжилгээ хариуцсан референтээр, 2011-2013 Хүний эрхийн Үндэсний Комисст Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар, 2013-2015 Хүний эрхийн Үндэсний Комисст Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр тус тус ажиллаж байсан. Батзэвэгийн Энхболд 1984 онд Ховд аймагт төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1992-2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургууль, 2003-2007 онд Монгол Улсын Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007-2009 онд Монгол Улсын Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаагаар, 2007-2008 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багшаар, 2008-2011 онд Цагдаагийн сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшаар, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаачаар, 2016-2017 онд Хууль сахиулахын их сургуульд эрдэм шинжилгээ инновацын газрын цагдаагийн судлалын төвд эрхлэгчээр, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр, 2019 оноос одоог хүртэл Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ганбатын Нарантуяа 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, нэг хүүхдийн хамт амьдардаг. 1988-1998 онд Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их Сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хөтөлбөрийн зохицуулагчаар, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны даргаар, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд докторант судлаачаар, 2016 оноос өнөөг хүртэл хараат бус шинжээчээр ажиллаж байсан. Жаргалсайханы Хунан нь 1979 онд Дорноговь аймагт төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төслийн зохицуулагчаар, 2011-2013 онд НҮБХХ-ийн Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь төслийн зохицуулагчаар, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульчаар, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөхөөр, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. Дугарын Сүнжид нь 1977 онд Хэнтий аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1998-1999 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан. 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад нийтийн эрх зүйн чиглэлээр Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь сэдвээр хууль зүйн докторын /Dr.jur/ зэрэг хамгаалсан. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд Хөгжлийн төлөө төв ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан Иргэдийн оролцоо төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан Иргэдийн оролцоо II төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.

Цар тахлаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах УИХ-ын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар орлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн ййД.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Дотоодын нийт бүтээгдэхүүний 66,4 хувь, дотоод худалдааны орлогын 87.0 хувь, улсын хэмжээнд бүртгэлтэй 187.126 аж ахуйн нэгжийн 140.722 нь нийслэлд байна. Эдгээрээс үйл ажиллагаагаа явуулж байгаа нь улсын хэмжээнд 93 мянган аж ахуйн нэгжээс 63 мянга нь буюу 67.2 хувь нь байна. Иймээс том хотын эдийн засгийг эрсдэл багатай авч гарах зайлшгүй шаардлага өнөөдөр тулгараад байна гэлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах, хугацаатай үүрэг даалгавар өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг өчигдөр /2020.11.16/ хийжээ. Нийт 312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур байр, Багануур дүүргийн цагдаагийн пост 140, ОБХ-ийн байр, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын цэгийн байр, Төлбөр хураах байр ТАЦ, Хяналтын цэг ПҮҮ, Онцгой байдлын хэлтсийн Зил-130 автомашин зэрэг нийт найман обьектод уг халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Нийслэл хотод шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна

Таван толгой түлш ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдэд 290 ажилтан ажиллаж, нийт 3410.76 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Таван толгой түлш ХХК 542.335 тонн шахмал түлш үйлдвэрлэх нөөцтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөц 95,000 тонн байгаа аж. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна. Өчигдрийн /2020.11.16/ байдлаар 340 борлуулалтын цэгт 2773 тонн түлш, хангамж болон дундын агуулах руу 2667 тонн түлшийг тус тус тээвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 397 автомашинаар хийж гүйцэтгэж байна.

24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор нэвтэрсэн 1610, хотоос гарсан 1683 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 76 ажилтан, алба хаагч хот руу орж ирсэн 3479, хотоос гарсан 7228 зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавин, шаардлагатай тохиолдолд заавар зөвоөгөөг өгч ажилласан байна. Энэ өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгсэл, зорчигчдоос коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй байгааг мэдээллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.