![ЭМГЭНЭЛ](/uploads/b8af7fde56257c1d92be79b229b661062c8e269c.jpg)
ЖАНЧИВИЙН ОЮУНГЭРЭЛ /1955-2020/ Петровис группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Газрын тосны шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт нөхөж баршгүй, хүнд гарз тохиосонд Алтай Холдинг групп компаниудын хамт олны зүгээс түүний гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ж.Оюунгэрэл нь орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч байлаа. Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм. Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, Хүрээ ротари клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ. Ж.Оюунгэрэлтэй нэгэн үед бизнесийн салбарт ажиллаж ирсэн манай байгууллагын хувьд түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Ум сайн амгалан болтугай. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. АЛТАЙ ХОЛДИНГ ХХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОЛОН НИЙТ ХАМТ ОЛНООС
Зайсангийн зүүн бүсийн хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбоно
2020-11-09 08:55:11 Нийтлэгдсэн: Нийгэм![Зайсангийн зүүн бүсийн хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбоно](/uploads/f62dccdfb01c55e1c3f38d21ad16b4e42b56731a.jpg)
Зайсангийн зүүн бүсийн орон сууцны хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбохоор болсон талаар Хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр мэдээллээ. Иргэдээс ирж буй бас нэгэн гомдол, санал бол Зайсан толгойн зүүн бүсийн орон сууцнуудын ундны усны аюулгүй байдал алдагдаж буй явдал юм. Астра вилла хотхоны ус нөөцлөх сав нь бохирдол ихтэй цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол явуулдаггүй нь шалгалтын үеэр илэрчээ. Дээрх хотхонууд төвийн шугамд холбогдоогүй буюу гүний худгаар ундны усаа шийдвэрлэсэн байдаг. Ус нь тунадастай, эвгүй үнэртэй гэх шалтгаанаар дийлэнх айлууд ундандаа усаа хэрэглэдэггүй бөгөөд шалгалтын үеэр бага насны хүүхэдтэй айлууд ундандаа хэрэглэдэггүй, аяга тавгаа угаадаг боловч хүүхдийн гэдэс гүйлгэх шинж тэмдэг илэрдэг тухай ярьж байлаа. Тус хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбох асуудлыг Хотын Ерөнхий менежер өнгөрөгч баасан гарагт буюу 2020.11.06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд ирэх 2021 оны улс нийслэлийн төсөвт тусгуулах, шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна гэв. Түүнчлэн Жарден, Астра вилла, Женерал таун, Энхжин-1, Энхжин-2, Түшээ гүн, Инэл ХХК-ийн барилгууд үндсэндээ дулааны доголдол ихээр үүсч гомдол санал тасрахгүй байгаа аж. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ХУД-ийн 11-р хороо Зайсан толгойн зүүн хэсгийн хотхонуудыг дулааны эрчим хүчээр хангадаг Ус дулаан дамжуулах төвийн 2 дугаар хэлхээнд буюу айл өрхөд ирж буй дулааны доголдол, горим тохируулга халуун усны гомдлыг арилгах зорилгоор Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн 60 гаруй ажилчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг айл өрх тус бүрт газар дээр нь шалгаж цаашидавах арга хэмжээг хэлэлцжээ. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба
Сэлэнгэ аймагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарын иргэдэд мэдрэгджээ
2020-11-05 13:07:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Сэлэнгэ аймагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарын иргэдэд мэдрэгджээ](/uploads/871441eefd2a2735884100f977c79de5a563c9ef.jpg)
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайнд ө нөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11:01:30 цагт 4,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байнагэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа
2020-11-05 11:43:45 Нийтлэгдсэн: Нийгэм![Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа](/uploads/34b8a874fe56fe9e15f8e38aced73a3c93ade39f.jpg)
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхэлсэн. Зарим нийтлэг томоохон зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийсэн, үнс нурмаа ил задгай асгадаг зэрэг зөрчил илэрлээ. Мөн угаар мэдрэгчээ зөв ашиглахгүй байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф үнэгүй болсон. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь битгий үлдээгээрэй. Цахилгааны болон галын аюулгүй байдлаа онцгой анхаарах хэрэгтэй байна гэдгийг онцолж хэлэв. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо хоёр дахин нэмэгдсэн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал 10 дугаар сарын агаарын чанарын хэмжилтийн дүнг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 15 хувиар буурсан, бусад бохирдуулагч бодис стандартын хэмжээндээ байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 01-ний хооронд агаарын чанарын долоо хоногийн хэмжилтийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 16 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн учраас иргэдэд хүрэх түлшний хүртээмж илүү сайжирна гэлээ. Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн гэсэн мэдээллийг өгсөн юм. М.Мөнхдэлгэр: Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байна НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Сүүлийн 24 цагийн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нийт 352 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгэрсэн 314 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 38 хүн эмчлүүлж байна. Харин томуу, томуу төст өвчний талаарх товч мэдээллийг өгөхөд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1123 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс амьсгалын замын өвчтэй хүүхэд 302 байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс өгч байх шаардлагатай. Мөн Маскаа зүүцгээе, гараа угаая аянд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна гээд нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байгаа гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
3000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно
2020-11-05 11:41:35 Нийтлэгдсэн: Нийгэм![3000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно](/uploads/c628035fd89367c78ea51fe53e66d738dc64269e.jpg)
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ болон бусад байгууллагуудтай хамтран Карьер экспо хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе уриатайгаар энэ сарын 07-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох аж. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлагдана. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлагдаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож, ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ-ын тэргүүн А.Хосхүү нар мэдээлэл өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй