Бурхан багшийн дүйчин өдөр Бямба гаригт тохионо

​ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр арваннэгдүгээр сарын 7-ны бямба гаригт тохиож буй. Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог юм. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг эхийн ачийг хариулсан дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг эхийн ач цаглашгүй бөгөөд энэхүү дүйчэн өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг.Монголчууд эрт дээр үеэс өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан Эцэг эхийн ачийг хариулах судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг. Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбутивд эргэн залран ирсэн түүхтэй. Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбутивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн гэдэг. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг. Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Ё.Амгалан эцэг,эхийн ачийг санах тухай айлдахдаа: Бүхий л үест хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм. Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн бол хүүхдээ хөхүүлээд, шөнө уйлахаар нь ухас хийж босож аваад, хуурайлаад, хоолоо идэж чадахгүй болохоор нь өөрөө зажилж аманд нь хийж өгөөд, аль болох цэвэрхэн, хуурай юман дээр хэвтүүлээд л өдөр шөнөгүй аль чадлаараа энхрийлэн өсгөнө. Тэгээд махаа барж, биеэ эцтэл хөдөлмөрлөсөн олз бүхнээ, бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ зориулдаг. Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой. Үгэнд нь орох хэрэгтэй. Үр хүүхдээ буруу юманд сургадаг эцэг эх ялангуяа Монгол оронд ховор шүү. Бурхан багшийн сургаал номлолын суурь нь энэрэнгүй сэтгэлийн тухай юм. Бодь сэтгэлийг долоон шатлалаар үүсгэдэг. Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан бол миний эх гэдгийг мэд, дараа нь ачийг нь сана, ачийг нь хариул, дараа нь асрамж сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, илүүтэй сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэдэг. Бас нэг бодь сэтгэл үүсгэдэг арга нь өөрийгөө бусдаар сольж боддог. Өөрөөр хэлбэл би зовж байгаа юм чинь тэр хүн ч бас зовж байгаа. Тиймээс тэр хүний зовлон ч арилаасай гэж бодох юм. Энэ хоёр аргаар бодь сэтгэл төрдөг. эн өдрийн хөтөлбөр: 06:30 Тэгчэн сожин 08:00 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/ 08:00 17:00Дэмчогийн чого /Очирдарийн дуган/ 12:00 Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчэн өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/ 12:20 Эх болсон зургаан зүйл хамаг амьтан хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/ 12:40 Эхийн ачийг хариулах тухай /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж/

Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана

​ Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын Орлогод нийцсэн ногоон орон сууц-ны бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-иас эхлүүлсэн. Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм. Санамж бичигт Нийслэлийн орон сууцны корпораци-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Б.Сүхбаатар Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг дарга нар 2020-2024 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Батлан хамгаалах яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020-2024 онд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын үзэглэсэн уг санамж бичгийн хүрээнд нийслэл хотыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиудыг татан оролцуулах талаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлж ажиллах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ирэх дөрвөн жил нийслэлд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн замын түгжрэл, нийтийн тээвэр, дулаан хангамж, цэвэр усны шугам, эрчим хүчний дутагдлын асуудал зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд батлан хамгаалахын салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран оролцож, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр Санамж бичгийн хүрээнд мөн батлан хамгаалахын салбарт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг нээлттэй сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил олгох, ажлын байраар хангах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд хамтран ажиллах болно гэв. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

У.ӨЛЗИЙЦЭЦЭГ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГҮНИЙ УС БАЙГАЛИАСАА ЭРДЭСЖИЛТ ИХТЭЙ НЬ ТОГТООГДСОН

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, Бадрах Энержи компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь Бадрах Энержи компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ байгалиасаа өндөр гарсныг хэлсэн юм.Хөрс, усны шинжилгээ, судалгааны ажлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгтэй ярилцлаа. -ЗГХЭГ-аас томилсон ажлын хэсэгт МХЕГ орж ажилласан. Ямар шинжилгээ, судалгаа хийсэн талаараа товчхон танилцуулна уу? Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдсон гуравдугаар дэд ажлын хэсэг нь хөрс, ус бохирдуулсан эсэхийг тодорхойлох зорилгоор БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэн хамтран ажилласан. Улаанбадрах суманд Бадрах энержи компани 2011 онд газар доор хүхрийн хүчлээр уусгалт хийх туршилтыг явуулсан, үүнээс хойш туршилт, олборлолт явуулаагүйг та бүхэн мэдэж байгаа. Манай ажлын хэсгийн зорилго 2011 онд явуулсан туршилтаас ус, хөрсөнд ямар нэг нөлөөлөл үүссэн эсэхийг тогтоох, ер нь энэ бүс нутгийн хөрс, усны суурь нөхцөл ямар байгааг тогтоох зорилгоор дээжүүдийг авч, Геологийн төв лаборатори, Хан лаб, SGS олон улсын сүлжээ лаборатори, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд зэрэгцээ шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээг олон лабораторид зэрэг хийлгэдэг нь шинжилгээний үнэн бодит байдлыг хангах зорилготой байсан. Одоо манай улсад ажиллаж байгаа лабораториуд нь нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, чадавхи сайжирсан нь харагдсан. Туршилт явуулсан Өмнөдийн талбайгаас 12-85 км зайд орших нийт 16 худгийн уснаас дээж авсан. Эдгээрийн 2 нь 12 км-т, 5 нь 27-40 км-т, 9 нь 46-85 км-ийн зайд байсан. Энэ хавьд гадаргын ус байхгүй, туршилтын талбайгаас 10 гаруй км-т ганц ил задгай булаг байдаг. Энэ Баруунбаян булаг нь зуны улиралд заримдаа ширгэчихдэг, ус ихтэй үед эх адаг нь мэдэгдэхгүй болтлоо их талбайтай болчихдог булаг байгаа. Хөрсний тухайд мөн Өмнөдийн туршилтын талбай, Зөөгч овоо туршилтын үйлдвэр, Гүнсухайтын худаг, Модон шандын худаг, Баруунбаян булаг, Цэрэндулам, Ариунболд гэдэг малчин айлуудын гаднаас нийт 11 дээж авсан. Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна. Хүн малын ундны усны зориулалтаар ашиглаж байгаа худгийн усны хувьд Гүнсухайт, Цэвүүн-1, Цэвүүн-2, Цагаан эргийн гэсэн дөрвөн худгийн ус маш хатуу, эрдэсжилт өндөртэй, сульфат, хлор, кальц, магнийн агуулга ундны усны стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их, заримд нь бүр 2-3 дахин их гарсан. Гүнсухайт, Дэнгийн ус, Өвгөн мод худгийн усанд уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их, Гүнсухайт, Цагаан эрэг, Цэвүүн-1, Цэвүүн-2 худийн усанд стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их, Наймаа, Булаг шанд, Гүнсухайт, Хонгорын ус, Өвгөн модны худгийн усанд хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40%-80% -иар их гарсан. Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна. Туршилтанд хүхрийн хүчил ашигласнаас хүхрийн хүчлээр хордож байна гэсэн яриа их байгаа. Тэгвэл хүхрийн хүчлээр ус бохирдвол ус хүчиллэг болж, рН нь буурах, сульфатын ионы хэмжээ нэмэгдэх ёстой. Шинжилгээ хийсэн бүх худгийн усны рН 7-8 буюу сул шүлтлэг байсан (шүлтлэг чанар нь хүчиллэг чанарын эсрэг үзүүлэлт юм). Сульфатын ион их буюу 2.3 дахин их илэрсэн Гүнсухайтын худаг л туршилтын талбайгаас 23 км-т байна. Эндээс харахад хүхрийн хүчлээр газрын доорх ус бохирдсон гэх үндэслэл харагдсангүй. Булаг гэдэг нь хөрсний ан цаваар гадаргад гарч ирсэн газрын доорх усны илэрц юм. Ганц байгаа Баруунбаян булгийн ус маш их эрдэсжилтэй, маш их хатуулаг-тай, органик бохирдол ихтэй, булингартай, магни, сульфат, хлор, стронци, ураныг ундны усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-25 дахин их агуулж байгаа нь энэ булгийг тэжээж байгаа газрын доорх ус эдгээр ионуудыг ихээр агуулж байна гэсэн үг. Газрын доорх ус байгалиасаа ийм байгаа нь хөрсний чулуулаг эдгээр элементүүдийг агуулсан эрдсээс тогтож байна гэж ойлгож болно. Хөрсний хувьд зөвхөн хүнцэл хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартын үзүүлэлтээс их гарсан, бусад элемент нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Өмнөдийн туршилтын олборлолт хийсэн талбайд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа хэдий ч түүнээс ердөө 11 км зайд байрлах Баруунбаян булаг мөн 50 км-т орших Модон шанд худаг зэрэг газрын хөрсөнд 2 дахин их хүнцэл байгаа нь энэ нутгийн хөрс байгалиасаа хүнцэл ихтэйг харуулж байна. -Байж болох хэмжээнээс ийм их өндөр байгаа нь хүний болон малын эрүүл мэндэд яг ямар нөлөө үзүүлэх вэ? Хатуулаг өндөртэй усыг удаан хугацаанд унданд ашиглавал зүрх судас, бөөрийг өвчлүүлэх, бүр үхэлд хүргэх ч аюултай. Тиймээс дээрх худгуудын усыг хүн, малын ундны усны хэрэглээний зориулалтаар ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд цэвэршүүлж ашиглах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжинд удаан хугацаанд уран агуулсан ус хэрэглэснээс бөөрийг өвчлүүлдэг гэсэн байгаа бөгөөд ураны өдөрт авч болох тунг 1-4 г/өдөр гэж тогтоосон байна. Тэгэхээр ураны агууламж хамгийн өндөр илэрсэн 0.33 мг/л худгийн усыг 1 хүн өдөрт 2 л ууна гэж үзвэл, 0.66 мг буюу 660 г болно. Энэ нь өдөрт авах тунгаас 660 160 дахин их байна гэсэн үг юм. Хүнцэл бол мэдрэлийн системд нөлөөлдөг, уушиг, арьс, элэг, бөөр, цус, түрүү булчирхайн гэх мэт олон төрлийн хавдар үүсгэдэг онцгой хортой бодис. Хүнцлийн нөлөөлөлд өртсөн тохиолдолд илэрдэг гол шинж тэмдэг бол арьсан дээр толбо үүсэх. Иймээс шинжилгээгээр стандартаас олон дахин давсан үзүүлэлттэй худгийн усыг байнга хэрэглэж болохгүй гэдгийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. -Уран болон бусад хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь геологийн тогтоцтой холбоотой гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр энэ нь манай орны ураны орд бүхий бусад газарт ижил байх магадлалтай гэсэн үг үү? Газрын доорх ч бай, гол нуур, булаг шандын ус л бол ууж болдог стандартын ундны ус байдаггүй. Монгол орны хувьд хүнцэл гэх мэт хүнд металл, фтор, бор зэрэг элемент ихээр агуулсан ус их байдаг, ялангуяа говийн бүсэд. Монгол орны ус ураны агуулга харьцангуй ихтэй байгааг эрдэмтэд тогтоосон байдаг. -Ажлын хэсэг дүнгээ танилцуулахдаа Уранаас шалтгаалж хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг хэлсэн. Гэвч зарим нэг ТББ-ынхан энэ дүгнэлтэд төдийлөн итгэхгүй байгааг сэтгэгдлүүдээс харж болохоор байгаа. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ? Өмнө нь 2013 онд Засгийн газрын 47 дугаар тогтоолоор яг ийм томоохон бүрэлдэхүүнтэй, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь хяналт, шалгалт хийсэн байдаг. Уг судалгаагаар яг л ийм хариунууд гарсан. Төрийн байгууллагынхан тэнд компанийн нөлөөнд автана гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа, хөрс, усны дэд ажлын хэсэг дээжүүдэд хийсэн итгэмжлэгдсэн лабораториудынхаа шинжилгээний үр дүнг харьцуулснаар дүгнэлт гаргаж байгаа. Харьцуулсан судалгаа гэж онцолж байгаагийн учир нь нэг булгаас хоёр дээж аваад итгэмжлэгдсэн хоёр өөр лабораторид ижил үзүүлэлтээр өгөхөд лаборатори хоорондын хариуны зөрүү маш бага гарсан. -2013 онд байгуулагдсан ажлын хэсэг шинжилгээнүүдийнхээ хариу, дээжүүдээсээ БНСУ-руу давхар явуулж, дүнгүүдээ нягталсан юм билээ. Энэ удаа гадаад руу шинжилгээний хариуг баталгаажуулахаар явуулах уу? Тэгэх шаардлагагүй. 2013 оны тухайд лабораториудын хүчин чадал тааруу, хар тугалга гэгчлэн цөөхөн элемент үзэж байсан бол энэ удаа хөрс, усны чиглэлд өндөр мэдрэг багаж ашиглаж, илүү нарийвчлалтайгаар 20 гаруй элементийг шинжилсэн. Тиймээс гадагш явуулах шаардлагагүй. -Баруунбаян булгийн усыг ашиглахгүй байх зөвлөмж өгсөн байсан. Энэ нь яг юу гэсэн зөвлөмж вэ? Баруунбаян булгийн ус нь байгалиасаа маш их хэмжээгээр магни, хлор, сульфат уран, хүнцэл агуулсан тул хүн ам, мал аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй. Энэхүү булгийн уснаас мал уусан тохиолдолд туулгах буюу үхэлд хүргэх ч аюултай. Иймээс хашиж хамгаалах шаардлагатай тухай зөвлөмжийг компани болон орон нутагт нь өгсөн. Компанийн тухайд эдгээр хөрс, усны үзүүлэлт тус компанийн олборлолттой холбоотой бус, геологийн эрдэсжилттэй холбоотой учир нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр ойр орчмын гүний худгаа цэвэршүүлэx, ашиглахгүй байх, Баруунбаянгийн булгийг хашаажуулах шаардлагатай гэдэг зөвлөмж л өгч байгаа. Ерөнхийдөө газрын доорх усны хяналт мониторингийн хөтөлбөрт дээр дурдсан худаг, булгийн усыг тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг сав газрын захиргаа болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудад улирал тутам хүргүүлж байх, уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан Гүнсухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эрэг, Наймаа, Булаг шандын худгийн усыг цэвэршүүлж ашиглах, Баруунбаянгийн булгийн усыг хашиж хамгаалах арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Эх сурвалж: МХЕГ

З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр ажиллаж буй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7, 18, 19 дүгээр хороонд ажиллан сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой учирч буй бэрхшээл, асуудлыг иргэдээс сонсон, угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэлээ. Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаарын бохирдлыг бууруулах энэ ажилд иргэдийн оролцоо их чухал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид хамтдаа хичээн зүтгэж байж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж чадна. Тухайлбал, угаарын хий мэдрэгчээ гэртээ тохиромжтой газар байршуулах хэрэгтэй гэдгийг онцолж хэлэв. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Жаргалчимэг Сайжруулсан шахмал түлшнээс хаягдал их гардаг. Гэхдээ шахалт, илчлэгийн хувьд сайн. Зөв галлагааны горимоо баримталж хэрэглэвэл угаартах эрсдэл үүсэхгүй гэж бодож байна. Одоо бид сайжруулсан түлшийг хэрэглэж сурсан гэлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө цаашид Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт дүүрэг, хороодод ажиллан, сайжруулсан шахмал түлш болон угаарын хий мэдрэгчийн хэрэглээ, яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.