“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо

Улаанбаатар смарт карт ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, High Payment solutions компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нар өнөөдөр U money автобусны картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд гар утсаараа, хүссэн газраасаа автобусны U money картаа цэнэглэх боломжтой боллоо. Мобайл цэнэглэлт-ийн энэхүү үйлчилгээг Хай Пэймэнт Солиюшнс ХХК-тай хамтран нэвтрүүлж байна. 2016 оноос Юнител, Мобиком, Скайтел компаниудтай хамтран NFC SIM-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, 2017 онд Хаан банктай хамтран хэрэглэгчийн данстай холбоотой, цэнэглэх шаардлагагүй, нийтийн тээвэрт төлбөр төлөх боломжтой Ситипасс хамтарсан карт болон сарын хязгааргүй зорчих боломжтой хугацаатай картын үйлчилгээг нэвтрүүлсэн. 2019, 2020 онуудад дотоодын мэдээлэл технологийн компаниудтай хамтран кассын прогамм болон банкны пос төхөөрөмжөөр дамжуулан бэлнээр болон банкны картаар U money карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн НӨАТУС-ын системд холбогдож нийтийн тээврээр U money картаар хөлс төлөн зорчсон иргэдэд И-баримт олгох үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ үеэр Улаанбаатар смарт карт ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ U money картыг 2015 онд цэнэглэх төхөөрөмжийг ашиглан, карт цэнэглэх, борлуулах хэсгээр дамжуулан үйлчилгээ авдаг байсан. 2019 онд жижиглэн худалдаа эрхэлдэг үйлчилгээний байгууллагуудын посын системтэй холбосноор иргэдэд үйлчилгээг ойртуулсан. Өнөөдөр иргэд утсаараа картаа цэнэглэх боломжтой болсноор иргэдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэж байна. Иргэд U money картыг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаад зогсохгүй бусад үйлчилгээнд ашиглах төлбөрийн хэрэгсэл болгохоор U money pay үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 99.2 хувьтай байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөл зам, замын байгууламжийн цас мөсний халтиргаа гулгаанд давс 3227 тонн, бодис 4175 тонн нөөцөлсөн гэлээ. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах талаар Тавантолгой түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа Шахмал түлшний баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 14 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж бүрэн дууссан. Бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Угаарын хийн хордлого үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тодорхойлон ажиллаж байна хэмээв. Мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно. Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө. Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна хэмээлээ. Түүнчлэн шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийв. Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 13.399 буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй хүнийг бүртгэх, цагдаагийн байгууллагын хяналтад бүрэн авах, хүчирхийллийг таслан зогсоох, давтамжийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн бүртгэлийн загвар гаргаж, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлж ажилласнаар 1667 иргэнийг бүртгэл хамруулахаас 1005 иргэнийг буюу 60.2 хувийг нь хамруулан, зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан гэв. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж 2020 оны 10 дугаар сарын 08-наас 29-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 5651 дуудлага мэдээлэл хүлээн авахад эд материалын хохиролтой 1287, хүн гэмтсэн зам тээврийн осол 119 бүртгэгдэж, 144 хүн гэмтсэнээс 86 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн байна хэмээлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан Нийслэлийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 163, аврах ажиллагааны 15, нийт 178 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 190 иргэнийг аварч, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 2654 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа. Мах махан бүтээгдэхүүний 112 үйлдвэрт хяналтын долоон чиглэлээр 42 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн есөн дүүрэгт энэ онд баригдаж байгаа барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн гэсэн мэдээллийг өгөв. Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдал болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар зарим зүйлсийг тодруулж асуун санал солилцож, тодорхой чиглэлүүдэд үүрэг даалгавар өгсөн юм. Хуралдааны төгсгөлд Хотын Захирагч Д.Сумьяабазар Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуул. Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Маскаа зүүцгээе, гараа угаая хоёрдугаар аяны хэрэгжилтийг сайтар хангаж ажиллаарай. Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга. Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж, хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажилла гэсэн үүрэг чиглэлүүдийг нутгийн захиргааны байгууллага болон харьяа газар, дүүргийн удирдлагуудад өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

11 дүгээр сарын 16, 26-н бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр. 11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт:Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой тохионо. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Энэ жилийн тухайд Чингис хаан одон-г хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн жил The Hu хамтлагт гардуулан өгсөн юм. Чингис хаанодон хүртэж байсан эрхмүүд: 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном 2014 онд Академич Хавтгайн Намсрай 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр 2019 онд The Hu хамтлаг 2005 оноос Чингисийн одон-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгохгүй алгасаж байжээ. ХаринУлс тунхагласны баярын өдөр хүчит бөхийн барилдаан болж, төрийн өндөрлөгүүд Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Өнгөрсөн жил энэ өдрөөр манай улсОХУ-аас хоёр сөнөөгч онгоц хүлээн авч байсан юм.

Мэдэгдэл

2020-11-02 11:03:49 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэдэгдэл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгоо, сонгон шалгаруулалттай холбогдуулан нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах, сонгон шалгаруулах Ажлын хэсгийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг захиалгаар, зохион байгуулалттайгаар цацаж байгаад харамсч байна. Дээрх сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гараагүй, Ажлын хэсэг нэгдсэн дүнгээ танилцуулаагүй байгаа болно.

Ихэнх нутгаар хүйтэрнэ

2020-11-02 09:27:21 Нийтлэгдсэн: Нийгэм
Ихэнх нутгаар хүйтэрнэ

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна. Өнөөдрийн 20 цаг үртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Эх сурвалж: ЦУОШГ Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээгЭНДдарж хүлээн авна уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.