Сөүл-УБ-ын онгоцоор 251 иргэн эх орондоо ирлээ

​ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:59 цагт газардлаа. Тус онгоцоор 251 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-48, өндөр настан-1, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, эрүүл мэндийн шалтгаантай-5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-193 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлалаагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа

​ Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс438.864 нь буюунийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна.Нийслэлийн Сонгуулийн хорооноосаймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.3, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна гэв. НИТХ-ын дарга Р.Дагва Хуулийн дагуу шуурхай сайн ажилласан сонгуулийн хорооны гишүүд, дарга та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Л.ГЭРЭЛМАА: ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗООРИЙН БУЮУ В1, ГУРВААС ДЭЭШ ДАВХАРТ ЭРХЛЭХГҮЙ

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг Байцаагчийн нэг өдөр буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа. -Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу? -Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон тусгай шаардлага гэсэн хэсгээс бүрдэж байгаа. -Ерөнхий болон тусгай шаардлагын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу. Жишээ нь, энэ үйл ажиллагааг анх эрхлэх гэж байгаа тохиолдолд хаана хандах ёстой вэ? -Ерөнхий шаардлагад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн байгууламжийнхаа гадна талд хаягаа байршуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил зохион байгуулах вэ гээд үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хамруулсан байгаа. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн дүүрэг, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Дэмжсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийнхээ ЕБС-д хандаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу гэрээ хийж, хүүхдийг хамруулна. -Хүүхдийн тоонд хязгаар тогтоосон уу? -Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх ба нэг бүлэг 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна. -Тэгвэл тусгай шаардлагад ямар асуудал хамаарч байгаа вэ? -Тусгай шаардлагад орчин, үйлчилгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүний нөөцөд тавигдах шаардлагууд хамаарч байгаа. Тухайлбал, өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа тухайн барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Зоорийн буюу В1 давхарт өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхгүй. Өрөө тасалгааны нийт талбай нэг хүүхдэд 5 мкв-аас багагүй талбай оногдохоор байх зэрэг нарийвчилсан асуудлууд тусгагдсан. -Өнгөрсөн жил нэр бүхий нэг өдөр өнжүүлэхийн багш хариуцлага алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн яригдсан. Ер нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? -Энэ нийтлэг шаардлага нь хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Орчны тухайд гэхэд хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллоход зориулсан ширээ, сандал, хувцасны өлгүүр, шүүгээ гээд шаардлагатай тавилга хэрэгсэлтэй байна. Эдгээр тавилга хэрэгсэл нь бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй буюу тогтвортой байрлуулсан, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна гээд маш нарийн тусгагдсан байгаа. Өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, камертай байна. Камерийн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай, байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан суултуур, ариун цэврийн өрөө тусдаа байх. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй гээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон шаардлага тусгагдсан. -Орчноос гадна үйлчилгээний асуудал маш чухал. Энэ тал дээр ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ? -Өдөрт хүүхдэд нэгээс доошгүй удаа эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ. Мэргэжлийн тогоочтой байх ба хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ. Тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бэлтгэсэн хоол, хүнс бүрээс өдөр бүр дээж авч хадгалах, сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн ариутгах гээд бүхий л нөхцөлүүд уг шаардлагад бий. -Цар тахлын энэ үед цэвэрлэгээ, ариутгалд илүүтэй анхаарах ёстой байх? -Сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдөр ямар шаардлага тавигдаж байна, яг тэр шаардлага өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдана. Хүүхдэдээ маск зүүлгэж хүргэж өгнө, өглөө бүр халууныг нь хэмжүүлнэ, ханиах, найтаах, халуурах гээд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл сургууль, өдөр өнжүүлэхэд явуулахгүй байх. Өдөрт нэгээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийхдээ шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисыг ашиглан зааврын дагуу хийнэ гэж заасан. -Багш, ажиллагсдын эрүүл мэндийн асуудал бас их чухал? -Тэгэлгүй яахав. Багш жилд 1 удаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтэд оролцдог ажилтнууд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд орох ёстой. Түүнчлэн ундны усны чанар, аюулгүй байдалд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байхаас гадна ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ. -Ярилцсанд баярлалаа.

Суулгалт өвчнөөс сэргийлье

2020-10-16 13:25:20 Нийтлэгдсэн: Нийгэм
Суулгалт өвчнөөс сэргийлье

Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд: Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/, Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна. Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. СУУЛГАЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ? Вирус 80-90#/p### Нян 10-20#/p### Шимэгч 5#/p### Зарим эмийн гаж нөлөө Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно. РОТАВИРУСЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? 0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй. Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг. ХАЛДВАРЛАХ ЗАМ: Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх, Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух. Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг. ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕ: Дунджаар 1-3 өдөр байна. Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг. Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг. Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий. Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт , хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд 7 сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй байна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал,нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 01-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй тоосонцор 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компани, дүүрэг хороодын Засаг дарга нар хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторын үзлэгт нийт 139782 иргэн хамрагдсан байна. Нийт үзлэгийн 4144 тохиолдол томуу, томуу төст өвчлөлөөр оношлогджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 0-9 нас хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 870 дуудлага ирснээс 39,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага байна.Өнөөдрийн байдлаар хүүхдийн 1047 ор ажиллаж байгаагаас 740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэд энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөе. Орон нутгийн сонгуулийн үеэр нийслэлийн 453 хэсгийн ороонд 906 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Энэ хугацаанд иргэдийн халууныг үзэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэв. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/1184 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын 255 улсын байцаагч, 14 албан хаагчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд хяналт тавин ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 3 өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар хамтран дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн байдлаар архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг-3657, түүгээр үйлчилдэг-847 нийт 4504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллалаа. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгж байгууллагад захирамж хүргүүлэн, биелэлтийг хангууллаа. Нийслэлийн 9 дүүргийн нийт худалдаа, үйлчилгээний нийт 5484 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллалаа. Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна хэмээн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.