III улирлын НӨАТ-ын баримтаа 8-ны дотор бүртгүүлээрэй

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна. ТиймээсНӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа. Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авжээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна. Сангийн яамны мэдээлснээрнэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа

​ Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан хашааг албадан буулгажээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дур мэдэн хашаагаа сунгах, нийтийн эзэмшилд халдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн НЗД-ын захирамжын хүрээнд зөрчилтэй байгаа 330 байршлын мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг өгөв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтийн эзэмшилд халдаж, барилгын хашаагаа сунгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

​ Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил үргэлжилж буй.Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн барилгын хашаагаа сунгаж явган хүний зам хаасан асуудлыг шийдвэрлэлээ. Дүүргийн 4 хороо буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд иргэн Ж.Булгантамирын эзэмшилд байдаг барилга нь зөвшөөрөлтэй боловч нийтийн эзэмшил талбайд халдаж, явган хүний зам хаажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг дотогш татаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Мөн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд хэсэгт байрлах Ази фарм компани барилгын хашаагааавтобусны буудалд тулгаж, явган хүний зам талбай хаасан зөрчлийгХот байгуулалт хөгжлийн газраас удаа дараалан сануулж, шаардлага хүргүүлж байжээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дур мэдэн барилгын хашаагаа сунгасан компаниудад хариуцлага тооцож, яаралтай явган хүний зам талбайг чөлөөлж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо

​ Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана хэмээв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Баттөгс Хамгаалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа. Санал авах байранд үзлэг шалгалт хийх саналыг нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Мөн санал авах байрны камержуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. Мөн сонгуулийн санал авах байртай холбоотой асуудал болон бусад ажлуудыг хуулийн хугацаанд сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

​ Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, нийслэлийн түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчинтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн 10, 11 дүгээр саруудад нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1 дүгээр саруудад явагддаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2216 ор байдгаас 1123 нь хүүхдийн ор байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэсэн юм. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж байна. Нийт талбай дээрх үлдэгдэл 3948 тонн байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээлт хийж байна. Өчигдрийн байдлаар 259 удаагийн ачилтаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэг рүү явуулсан. Нэг цэг рүү явуулж байгаа дундаж хэмжээ нь 8 тонн. Энэ долоо хоногоос борлуулалтын цэгийг 586-д хүргэнэ. Орон нутгаас иргэд болон оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарч байна гэлээ. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараах асуудал хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд өөрсдөө угаарын хий мэдрэгчээ авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд энд хяналт тавьж ажилла хэмээв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр Холбогдох харьяа байгууллагууд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд хяналт тавих асуудал дутагдалтай байгаа гэдгийг холбогдох байгууллагын удирдлагуудад хандаж хэлмээр байна гэв. Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцож ажилла. Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц. Сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15 гэхэд дуусга. Дулааны шугам сүлжээний компанийн удирдлагууд хуралд суумаар байна. Сайжруулсан түлшний хангалтын асуудал чухал. Нөөцөө боломжит бүх хувилбараар нэмэгдүүл. Нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын цэгийн нэмэгдэлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Түүхий нүүрсний хяналтыг нэмэгдүүлж ажилла. Замын хөдөлгөөний түгжрэл ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, ажил эхлэх, тарах цагт зөв зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна. Явган зорчигч болон сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдалд холбогдох газрууд анхаарч ажилла. Үүнтэй холбоотой олон нийтэд уриалга гарга. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиулж ажиллах хэрэгтэй хэмээлээ. Мөн Нийслэлийн өдрийн бэлтгэл ажлаа хангаж ажилла. Боловсролын газар сургуулийн автобусны ажлаа эрчимжүүл. Хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил. Нийгэм дэх муу муухай зүйлийг таслан зогсооход бүгд анхаарч ажилла. Дор бүрнээ хариуцсан ажлаа эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Ажлыг хийхэд хөрөнгө мөнгө дутаж болно, гол нь сэтгэл хандлага хэрэгтэй гээд өгсөн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудыг хариуцлагатай хийж гүйцэтгэхийг анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.