Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ

​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Их өргөө ХХК-ийг батламжилсан байна. Их өргөө ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх явцдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон долоон барилгыг буулган, нийт 85 айл өрхтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахдаа 2015 онд ашиглалтад орох орон сууцаар хангахаар тохиролцжээ. Гэвч төсөл хэрэгжүүлэх хугацаандаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын хэрэгжилтийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/442 дугаар захирамжаар цуцалсан байна. Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбоотой Их өргөө ХХК-тай гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн 85 айл өрхийн эрх ашиг хөндөгдсөн учир иргэдийг нийслэлийн өмчийн түр орон сууцанд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд суурьшуулж байгаа юм. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны иргэн Б.Магван 85 өрхийн 500 гаруй оршин суугчид өөрийн гэсэн орох оронгүй нийслэлийн өмчийн түр орон сууцанд амьдарч байна. Их өргөө компани биднийг олон жил хохироолоо. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид нийслэл рүү хандахаас өөр аргагүй болсон. Бидний асуудлыг та бүхэн хэлэлцэж зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж ажилла. Иргэдийг олон жил ингэж хохироож болохгүй. Төслийг яаж цааш нь амжилттай хэрэгжүүлэх саналыг яаралтай гаргаж танилцуул гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дараа нь өнөөдрийн хуралдаанд замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав. Тэрбээр Замын хөдөлгөөний ачаалал хичээл, сургууль эхэлсэн үеэс эрс нэмэгдсэн. Хотын авто замын ачааллын гол цэг нь Улаанбаатарын төв цэг байдаг. Авто замын сүлжээ дутагдалтай байна. Одоогоор 903 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгаа. Ойрын хугацаанд 200-500 автобус ашиглалтаас гарна. Нийтийн тээврээ илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Зогсоолын нэгдсэн системийн ажлыг төлөвлөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. Цаашид Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх гэсэн асуудлууд байна. Ойрын хугацаанд автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн ажлын цагийн уян зохицуулалтын ажил судалгааны шатанд явж байгаа. Энэ ажил хийгдвэл хөдөлгөөний цагийн давхцал буурна гэсэн мэдээллийг өгөв. Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Нийслэл дэх тээврийн хэрэгслүүд зам дээрээ багтахгүй. Энэ нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байна. Тиймээс иргэдээс нээлттэй санал авч тэгш, сондгойгоор нь долоо, долоо хоногоор явуулбал яасан юм бэ гэсэн саналыг оруулж байна гэлээ. Түүнчлэн авто замын түгжрэл ачааллыг бууруулах чиглэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонссон юм. Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл оролцов. Тэрбээр Замын түгжрэлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Ард иргэдээс ирүүлж байгаа саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байна. Бүгд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй гэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийтийн тээврийн үйлчилгээ нь зарим хотуудын нэрийн хуудас болдог. Нийтийн тээврийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагууд яагаад анхаарч ажиллахгүй байна. Иргэдээс бэлэн мөнгө авч зорчуулдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Түгжрэлийг бууруулахад гол чухал нөлөө үзүүлэх газар бол нийтийн тээврийн үйлчилгээний газар. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг байж иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхгүй байнга гомдол дагуулдаг байгууллага боллоо. Бэлэн мөнгө авдаг жолооч нартай яаж тэмцэх вэ. Нийт орлогынхон гуравны нэг нь өөр замаар явж байна. Иргэдийн татварын мөнгийг ингэж үргүй зардаг байж болохгүй. Мөн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж ажиллана. Авто замын ачааллыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа холбогдох мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, мэдээллээ нэгтгэж ажилла хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо

​ Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841 : 2020 стандартын сургалтыг хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Буяны зан үйлийн холбоо ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оноос хойш өнөөг хүртэл оршуулгын үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхээр олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа ажлуудын нэг нь өнөөдрийн танилцуулж байгаа стандарт бөгөөд уг стандарт нь эрх зүйн баримт бичгийг гол суурь болох юм. Энэхүү стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлын юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгсөн. Сүүлийн үед зөвшөөрөөөгүй газарт оршуулга хийх, иргэдэд чанаргүй оршуулгын үйлчилгээ үзүүлэх байдал ихэссэн. Энэ нь үйлчилгээний стандарт байхгүй байсантай холбоотой юм. Иймээс оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй оршуулгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинд хэрхэн хамрагдах вэ?

​ Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байна. ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН -2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт, -06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, салбар амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетэд вакцин хийлгэнэ. ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ? -Эмчийн үзлэгт орох, -Сайтар унтаж амрах, -Дулаан хувцаслах, -Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх. ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ? -Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, -Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх, -Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх. ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ: -Вакцинд хэт мэдрэг хүн, -Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн, -Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн, -Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед, -Дархлал дутмагшилтай хүн, -Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн, -Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн. САХУУ ТАТРАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7 болон 15 настай хүүхдүүд хамрагдана. -Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 7 болон 15 насны хүүхэд сургуулийн дархлаажуулалтын түр цэгт вакцин хийлгэнэ. -Цөөн тохиолдолд сургуульд хамрагдаагүй дээрх насны хүүхдийг харьяа дүүргийн болон Өрхийн мэндийн төвд дархлаажуулалтад хамруулна. ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ? -Эмчийн үзлэгт орох, -Сайтар унтаж амрах, -Дулаан хувцаслах, -Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх. ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ? -Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, -Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх, -Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх. -Цөөн тохиолдолд халуурах, бие сулрах, тарьсан хэсэгт хөндүүрлэх ба овойж хавдаж болно. ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ: -Урьд нь сахуу татран өвчний эсрэг вакцин тариулж, ноцтой урвал өгч байсан тохиолдол. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ТҮР ХААСАН ХУГАЦААГ СУНГАЛАА

​ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20.00 цаг хүртэл түр хаасан хугацааг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар сунгаж 2020 оны 10 дугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо. Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү сунгажээ. Мөн Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумдаас иргэд Дарханаар дамжин Улаанбаатарыг зорьж, халтиргаа гулгаа ихтэй замын даваанууд дээр бөөгнөрөл үүсгэж байгаа тул авто замын хөдөлгөөнийг хаасан шийдвэрийг хүндэтгэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюулаас сэргийлэхийгАвтотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын автозамыг Нүхтийн замтай холбоно

​ Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од мэдээлэл өглөө. Тэрбээр Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ. Энд автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох ажил хийгдэх юм гэв. Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.